Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Соёл спорт, аялал жуулчлалын газар

    СОЁЛ СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

УЛИАСТАЙ                                                                                        2013.07.01

Соёл спорт аялал жуулчлалын газар нь Засгийн газрын 2013 оны 146-р тогтоолоор 2013 оны 07 сарын 01 байгууллагдсан. Хөгжимт жүжгийн театр, Нийтийн номын сан, Музей, Биен тамир спорт бэлтгэл сургалтын төв, 23 сумын соёлын төв зэрэг  27 байгууллагад 280 гаруй уран бүтээлч, ажилтан ажиллагсад ажиллан үйл ажиллагаагаа явуулж байна.

Соёл урлагийн үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх,үйлчилгээний  таатай орчныг бүрдүүлж үндэсний соёл, урлагийг хөгжүүлэн өрсөлдөх чадвартай уран бүтээл туурвиж энэ салбарын удирдлагын чадавхийг дээшлүүлэх, соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, уламжлах, соёлын өвийг найдвартай хадгалах, хамгаалах, уламжлалт  соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах, хүн амын эрүүл мэндийг хамт олны оролцоотойгоор бэхжүүлэн чийрэгжүүлэх, спортын ур чадвар сайтай тамирчдыг бэлтгэн бүс олон улсын уралдаан тэмцээнд оролцуулан амжилт гаргах, сургалт дасгалжуулалтыг шаардлагын түвшинд үр дүнтэй зохион байгуулах, аялал жуулчлалын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүдийг аймаг орон нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын хөтөлбөрөөр хөгжүүлэх нь манай салбарын эрхэм зорилго билээ.

Л.Ванганы нэрэмжит Хөгжим жүжгийн театр 1958 онд Соёлын ордон нэртэйгээр байгууллагдсан. 1983 онд уран бүтээлийн 5 анги 70 гаруй уран бүтээлч ажилтан ажиллагсадтайгаар Хөгжимт жүжгийн театр болон өргөжиж хөдөө орон нутгийн ард иргэдэд урлагийн үйлчилгээг хүргэж ирлээ. Тус  театр нь жилдээ  шинэ уран бүтээл 4, сэргээн шинэчилсэн 5 уран бүтээл туурвин 154,000 гаруй иргэнд үйлчилж байна. Байгууллагдсан цагаас өнөөг хүртэл уран бүтээлийн чанар, цар хүрээ улам өргөжиж 1997 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад халх, хотгойд сартуул түмнийхээ ахуй амьдралаас сэдэвлэн дуу хуур, бүжиг наадмын “Завхан түмний аялгуу” соёл урлагийн өдрүүд, 1999 онд Театраас төрөн гарсан 5 гавьяатын “Отгон тэнгэрийн аялгуу” тоглолт, Драмын шилдэг бүтээл шалгаруулах “Гэгээн муза -2004” улсын уралдааны шилдэг бүтээлийн шагналыг Л.Лхагважавын “Үйлийн үр” драмын жүжгээр, “Гэгээн Муза-2010”уралдаанд  “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг туслах эмэгтэй дүр, “Хөдөөгийн одод” уралдааны нийтийн дууны төрлөөр 1998, 2000, 2002 онуудад тэргүүн байр,  “Завханы өдрүүд-2011” соёл урлагийн өдрүүдээр “Мэлмий тунгалаг миний Завхан” нэртэй түүхчилсэн 2 хэсгээс бүрдсэн тоглолт, Буянт ухаа спорт цогцолборт “Очирваань 999 эгшиглэх цаг “ нэртэй тоглолтуудыг Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид, Хөгжим бүжгийн коллежийн багш нар, Очирваань уул холбооны уран бүтээлчид 999 морин хуурч, 100 уртын дуучид, 50 хөөмэйчид оролцсон тоглолт зохион байгуулав. Баруун бүсийн аймгуудын дунд зохион байгуулсан “Сонгодог урлаг-2012” уралдаанд “Ваня ах”, “Этүгэний чимэгт аялгуу” уран бүтээлээрээ тэргүүн байрыг эзэллээ. Тус театраас МУУГЗ хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, Ц.Жамъян, МУГЖ дуучин С.Батсүх, Л.Жавзан, Х.Оюунцэцэг, Т.Цэцгээ зэрэг уран бүтээлч алдартнууд байгаагийн зэрэгцээ 40 гаруй МУСТА уран бүтээлч нь залгамжлан ажиллаж байна. Цаашдаа мэргэжлийн урлагийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан Баруун бүсийн соёл урлагийн төв болох зорилт тавьж ажиллаж байгаа  улсын хэмжээний тэргүүний  театруудын нэг билээ.

 Аймгийн Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сан анх 1946 онд “Аймгийн бага хурлын номын сан” нэртэйгээр 500 номтой Чоймбол эрхлэгчтэйгээр 1 орон тоотойгоор байгуулагдсан. Номын сангийн уламжлалт үйлчилгээг орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололттой хослуулж хүн бүрт мэдээлэл хүргэх замаар нийгэмд эрдэм мэдлэгтэй иргэн болгон төлөвлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Одоо тус номын сан 65,0 боть Монгол, Орос, Англи хэл, Төвд хэл дээрх номтой , жилдээ ном хэвлэлийг төсвөөр худалдан авахаас гадна бэлэг, хандивын журмаар орон нутгийн онцлог, уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан фондоо бүрдүүлдэг. Жилд дунджаар 5500 уншигч, 43112 ирэгсдэд 64690 гаруй номоор үйлчилдэг бөгөөд нэг ээлжиндээ 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай 3 тасаг танхимаар үйлчилж байна. Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед номын сангийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх үүднээс тус номын сан техник тоног төхөөрөмжөө шинэчлэн дотоод сүлжээнд холбогдон номын сангийн LIB4U программыг авч ном хэвлэлээ электрон хэлбэрт оруулан уншигч хэрэглэгчдийн хэрэгцээг түргэн шуурхай ханган ажиллаж байна. МУ-ын ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан БШУЯ-ны “Ном хөтөлбөр”, ССАЖЯ-ны “Хүүхэд бүр уншигч”, АНУ-ын 4Н хүүхдийн байгууллагаас “Номын анд” хөтөлбөрүүд аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлж хүүхдүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх номоор дамжуулж амьдрах арга ухаанд сургах,  авъяас чадварыг хөгжүүлэхэд олон арван ажлыг зохион байгуулж үр дүнд хүрч байна. 2012 онд ССАЖЯ-аас аймаг бүрт Фургон автомашин хандивласан нь төвөөс алслагдсан сургууль, цэцэрлэг, албан байгууллагат номын сангийн үйчилгээг түргэн шуурхай хүргэх зөөврийн номын сангаар үйлчлэх боломжийг нээж өглөө. АНУ-ын 4Н байгууллагаас зарласан “Номын анд” уралдаанд манай хамт олон улсад 3-р байранд орсон амжилтаар их ойгоо угтаж байна.

Аймгийн  Музей нь 1924 онд байгууллагдсан. Монголын Ууган музейн нэг юм. Орон нутаг судлах музей, Алдартны музей гэсэн 2 төрлийн музейд 10000 гаруй үзмэр хадгалагдан сурталчлагдан үзэгч олны мэдлэг оюуны хүртээл болж байна.   Жилдээ 4500 орчим хүнд үйлчлэдэг. Манай музейн эрхэм зорилго нь түүх соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалууд, биет бус өвийг бүртгэн баримтжуулах хадгалж хамгаалах, өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, мэдээлэл сургалт сурталчилгаа эрдэм шинжилгээний төв байгууллага болохоор ажиллаж байна. Аймгийн 24 сумын нутаг дэвсгэрт дээр хадгалагдаж буй түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг Соёлын өвийн төвийн мэргэжлийн багтай хамтран бүртгэн баримтжуулах судалгааны ажил хийгдэж байна. Орон нутаг судлах музейн шашины 2 танхимыг шинэчлэн дэглэж, байгалийн танхимд амьтны чихмэлүүдийг хийлгэн сан хөмрөгөө баяжуулав. Аймгийн хэмжээний байгалийн үзэсгэлэнт газрууд болон түүх соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг сурталчилсан ханын альбомыг хийснээр аймгийн хэмжээний бүх сумуудын мэдээллийг үзэх боломжийг бүрдүүллээ. Музейд шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр хөрөнгө оруулалт хийгдэж улсын хэмжээнд хөдөө орон нутгаас анхны цахим музей болон өргөжиж байна.

Биен тамир спорт бэлтгэл сургалтын төв нь Хүн амын эрүүл мэндийг чийрэгжүүлэх, хамт олныг спортоор хичээллэх сэтгэл зүйн болон материаллаг орчинг бүрдүүлэн орон нутагтаа орчин үеийн болоод үндэсний спортын төрлүүдээс түлхүү хөгжүүлэх бодлого барьж, спортын ур чадвар сайтай тамирчдыг бэлтгэж байна. 

Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн наадмыг спортын 12 төрлөөр 23 сумын тамирчид  5 сургууль, МСҮТ, БТСГ нийт 30 багийн эрэгтэй, эмэгтэй нийт 1500 хүүхдийн дунд амжилттай зохион байгуулан төрөл тус бүр дээр шигшээ багаа бүрдүүлэн бүс улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд бэлтгэлээ ханган оролцлоо. Монголын оюутны спортын Универсиад III их наадам баруун бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн эрэгтэй, эмэгтэй 50-н тамирчин оролцон аваргуудаа шалгарууллаа. Эрэгтэй 1-р байр Баярболд дасгалжуулагчтай Ховд аймгийн баг тамирчид, Эмэгтэй 1-р байрыг Батбаасан дасгалжуулагчтай Завхан аймгийн баг тамирчид тус тус шалгаран  УАШ тэмцээн оролцох эрхээ гардан авлаа. Сайн ноён хан аймгийн Баатар ван /Бэйс Бирваарагчаа/-гийн хошуу одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл /Булнай/ сумын харьяаны бөх Ардын засгийн 4 дэх Аварга “Цэргийн” хэмээх Санжмятавын ШАГЖИЙН нэрэмжит “АВАРГЫН АДИСЛАЛ” бөхийн баярыг улс, аймаг, сумын алдар цолтой бөхчүүдийн барилдааныг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулав. 2013 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс чөлөөт бөх, самбо бөх, бокс, хүндийн өргөлт, цанын зэрэг төрлөөс 4 мөнгө, 6 хүрэл медаль, Самбо бөхийн анхдугаар улсын аварга шалгаруулах ахмадын тэмцээнээс 1 хүрэл медаль, , өсвөр насны Даамны дэлхийн аваргаас 1 алт, 1 мөнгөн медаль, Дэлхийн таэкдогийн аварга шалгаруулах тэмцээнээс тамирчин Будхүү мөнгөн медаль авч Завхан нутгаа дэлхий нийтэд сурталчилсан байна.

Сумдын соёлын төвүүд нь Хөдөөгийн иргэд хөдөлмөрчдөд  соёл урлаг, спортын олон талт арга хэмжээг зохион байгуулан жилдээ 460,000 гаруй иргэдэд үйлчиллээ. Сум орон нутгийн биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, сумдын орон нутаг судлах танхимуудыг баяжуулан сурталчлах ажлыг зохион байгуулав. Өсвөр үеийнхэн, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдний хүсэл сэтгэлд нийцүүлсэн дугуйлан, секц, уралдааныг 6800 удаа зохион явуулсан байна.  Хүүхэд багачууд, иргэд хөдөлмөрчдийг ном хэвлэл мэдээллээр хангах ажлыг сумдын номын сангууд гүйцэтгэж,  номын сангуудад Openbiblio программыг хэрэгжүүлж соёл урлагийн байгууллагуудын тайлан ном хэвлэлийг программд оруулан цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж цаашдаа улсын хэмжээнд нэгдсэн сүлжээнд холбогдох зорилготой ажиллаж байна.

                   СОЁЛ СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

ХОЛБОО БАРИХ

Утас: 01462-23080, 99997010

 

 

Мэдээ мэдээлэл