Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Доной нисэх буудал

Доной нисэх буудал

Түүхэн замнал

Завхан аймгийн нисэх буудал нь 1956 оны 06 дугаар сард Улиастай хотоос 32 км-ийн зайд орших Алдархаан сумын нутаг Донойн хөндийд 5 гэртэй, 3 орон тоотой байгуулагдаж даргаар нь Амгалангийн Дорж ажиллажээ.

УБ-Завханы хооронд Ан-2 онгоцоор долоо хоногт 1-2 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн үүргийг гүйцэтгэж байгаад 1958 оны 09 дүгээр сард аймгийн төвийн дэнжид шилжин төвлөрч, Ил-14 онгоц хүлээн авч үйлчилдэг болжээ. 1961-1986 он хүртэл орон нутгийн шуудан тээврийн суурь тавигдаж, Аймгийн төвөөс 125-335 км алслагдсан 16 суманд Ан-2 онгоцоор 5 өдөрт 2-3 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн болон тусгай үүргийн нислэг хийж, 1964 оноос эхлэн УБ-Завханы чиглэлд Ан-24, Ан-26, Ми-8 зэрэг маркийн онгоц, нисдэг тэрэг 7 хоногийн 6 өдөрт нь зорчигч шуудан тээврийн үүргийг гүйцэтгэж жилдээ 12000 зорчигч, 140 тн ачаа тээш тээвэрлэж, 233,8 мян. тн.км-ийн үүрэг гүйцэтгэж 1670,5 мян төгрөгийн ашигтай ажиллаж, 1976 онд "Социалист хөдөлмөрийн буудал", 1983 онд "Осол зөрчил, хоцрогдолгүй хамт олон" гэрчилгээ авч аймгийн үйлчилгээний байгууллага дотроос 1-р байрт шалгарч 1996 онд аймгуудын нисэх буудлаас Тэргүүн байрт шалгарч байв.

 2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч, буух сайжруулсан шороон зурвас, нисэх буудлын барилга байгууламж баригдсанаар нисэхийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, зорчигч хөдөлмөрчдөд ая тухтай үйлчлэх таатай орчинг бий болгон үйл ажиллагаа нь тогтмолжин ажиллаж байна.

Нисэх буудлын хамт олноос эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гарган идэвхи санаачлагатай ажиллаж байсан олон арван тэргүүний ажилтан төрж гарснаас МУ-ын гавьяат нисгэгч Р.Батнасан, Д.Пүрэвдорж, ИАТ-ийн тэргүүний ажилтан З.Дорлиг, Г.Роломжав, Ц.Гансүх, Г.Мөнхчулуун, Л.Балжинням, Н.Баатархүү, Н.Баян, Санхүүгийн тэргүүний ажилтан В.Жамган, Осолгүй манлай жолооч Ч.Сүхтөмөр, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Д.Жинжигмаа нарыг дурдаж болох ба тэднээрээ манай хамт олон бахархаж явдаг юм.

2006 онд Ургамал суманд сансрын холбооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Олон улсын өнгөрөлтийн цэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2010 онд AFTN -ийн хоёр дахь сүлжээ ашиглалтад орсны зэрэгцээ 2009 онд Улиастайгаас Доной нисэх буудлыг холбосон шилэн кабель татах ажлыг гүйцэтгэж орчин үеийн техник технологийг ашиглах боломжоор хангагдсан нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.

Олон улсын стандартад нийцсэн аэродромоор авиакомпаниудад үйлчилгээ үзүүлэх зорилгоор хөөрч буух хучилттай зурвас барих ажил 2009 оноос эхэлж улмаар 2012 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Нисэх буудлын үе үеийн дарга нар:

  1. А.Дорж 1956-1959 он
  2. н.Сүрэндорж 1959-1963 он
  3. В.Жагварал. 1963-1967 он
  4. Г.Мондгой. 1967-1971 он
  5. Н.Мижиддорж. 1971-1975 он
  6. Б.Сандагсүрэн. 1975-1978 он
  7. Ж.Бира. 1978-1980 он
  8. н.Лхагва. 1980-1982 он
  9. н.Далхжав. 1982-1983 он
  10. Д.Даваа. 1983-1991 он
  11. Р.Баатархуяг. 1991-1993 он
  12. З.Дорлиг. 1993-1997 он
  13. Ц.Гансүх. 1997-2008 он
  14. Н.Баатархүү. 2008-2011 он
  15. Ж.Бяхаржалбуу 2011 оноос ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл