Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

Хөгжимт жүжгийн театр

Хөгжимт Жүжгийн Театрын танилцуулга

1958 онд МАХН-н төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 14/23 тоот тогтоолоор аймгийн Соёлын ордон байгуулагдаж шинэ барилга, орон тооны багш, жүжигчид, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдан ажиллах болов.

            Соёлын ордон нь 1974 он хүртэл уран бүтээлийн урын сандаа түүхэн сэдэвт ”Мандуухай цэцэн хатан”, “Амарсанаа” зэрэг жүжиг, Д.Нацагдорж, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь, Э.Оюун “Би эндээс явахгүй”, Ч.Лодойдамба “Гарын таван хуруу”, Л.Ванган “Тожоо жолооч”, Ц.Дамдинсүрэн “Гологдсон хүүхэн”, Арбузов  “ Эрхүүд болсон явдал”, Д.Намдаг  “Шинэ байшинд”, Ш.Цэрэнгийн “Анхны жил”, “Будамшуу”, Д.Сэнгээ “Далан худалч”, Даг. Жамъян , Ц.Дашзэвэг “Сэтгэлийн хавар”, зэрэг яриан жүжгүүд, 50 шахам томоохон хэмжээний концертуудыг найруулан тавьж байлаа.

            1983 онд Соёлын ордон нь МАХН-н төв хороо улс төрийн товчооны 23-н тоот тогтоолоор Хөгжимт Жүжгийн Театр болгон өргөтгөж мэргэжлийн залуу уран бүтээлчид, мэргэжлийн багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдаж уран бүтээлийн 5-н анги 70 гаруй ажилчид уран бүтээлчидтэйгээр орон нутагт мэргэжлийн урлагийн байгууллага ажиллаж эхэлсэн. Театрын даргаар Л.Дорждэрэм, ерөнхий найруулагчаар Г.Дэмбэрэлсамбуу, туслах найруулагчаар Л.Лхагважав, хөгжмийн багш Ц.Жамъян, бүжгийн багш Ч.Гиймаа, найрал дууны багш Н.Содномхүү, ерөнхий зураач Г.Бямбажав нар ажиллаж байв. 

            Хөгжимт Жүжгийн Театр байгуулагдсанаар уран бүтээлийн урын сан ,цар хүрээ өргөжиж Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Бямбаа, Ц.Жамъян “Наран гиймэл Улиастай” , Д.Намдаг, Г.Бирваа “ Шинэ байшинд”, Д.Пүрэвдорж, Г.Жанчив “Ховорхон бэр”, П.Хорлоо, Ц.Жамъян “Алтан үст охин”, И.Цоодол, Ц.Жамъян “Хилэнгийн дөл” зэрэг томоохон хөгжимт драмын жүжгүүдийг найруулагч Г.Дэмбэрэлсамбуугийн найруулгаар Ц.Моонон, Ц.Цэрэв “Жаахан шарга”, П.Батсайхан, Д.Цэвээнравдан “Сохор хууль”, хөгжимт драмын жүжиг, Ц.Жамъян, Л.Лхагважав “Жогорхой”, Д.Ганбат, Л.Лхагважав “Үйлийн үр”, зэрэг хөгжим чимэглэлт жүжгүүдийг Л.Лхагважавын найруулгаар тавьж үзэгч олондоо өргөн барьсны зэрэгцээ В.Быков “Буцаж ирээгүйн учир”, А.Чхиадзе “Тэнгисийн түрлэг” зэрэг жүжгүүдийг Л.Лхагважавын орчуулгаар Л.Лхагважав, Г.Дэмбэрэлсамбуу нар найруулан тавьж байлаа.

            2001 онд Монгол улсын засгийн газрын 2001 оны 1-р сарын 24-ний өдрийн 13-р тогтоолоор Завхан нутгийн уугуул нэрт зохиолч, найруулагч, төрийн шагналт, урлагийн гавъяат зүтгэлтэн Ламжавын Ванганы нэр алдрыг мөнхжүүлэх зорилготойгоор тус театрыг түүний нэрэмжит болгосон.

            2000 оноос Д.Нацагдорж , Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой”  дуурь, Д.Урианхай Б.Энхтайван  “Уураг сүүний домог “ хөгжимт драм К.Гольдоны “Буудлын авхай”, Б.Лхагвасүрэн “Гэгээн тамлан” жүжиг  найруулагч Л.Лхагважавын найруулгаар, УГЗ Н.Ганхуяг “Харих болтугай” драмын жүжиг , Б.Цэнддоо Баян хүний мөрий, Ц.Жамъян “Гэрэлтэй хүүхэн “ бүжгэн жүжиг , Л.Ванган “Жож Сэрээнэн”  драмын жүжиг, “Баялаг түүхтэй миний завхан “ түүхчилсэн тоглолт, Заяа даасан Отгонтэнгэр концерт, Долоон эгшиг дорнын аялгуу хөгжмийн дагнасан концерт, “Миний найз Шрек “ хүүхдийн тоглолт, Н.Ганхуяг “ Алдаа” алтернатив жүжиг, Д.Батбаярын зохиол найруулагч Б.Энхжаргал ” Хайрыг хайрла” драмын жүжиг, 20-р зууны дуунууд концерт, С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг,  “ Холдохын аргагүй миний нутаг”  сэдэвт баяр наадмын тоглолт зэрэг томоохон уран бүтээлийг туурвиад байна.

            Тус театраас МУУГЗ-2, МУГЖ Д.Цэвээнравдан, Ц.Жамъян, Л.Жавзан, С.Батсүх, Х.Оюунцэцэг, Т.Цэцгээ , Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт 2, Алтан гадас одонгоор 13, Хөдөлмөрийн хүндэт медиалаар 7, Соёлын тэргүүний ажилтан цолтон 53 төрж гарсан ба Сонгодог бүтээл-2004, 2008, 2012 улсын уралдаануудад бүсээс шалгарч улсад дэд байр эзэлж байсан ба “ Гэгээн муза” шилдэг жүжгийн улсын уралдаанд 4 удаа шалгарч оролцоод байна.

Л.Ванган “Тожоо жолооч” жүжгээр шилдэг найруулагчаар ерөнхий найруулагч Л.Лхагважав, шилдэг эмэгтэй туслах дүрээр жүжигчин С.Доржпагма алтан цомын эзэн, Төрийн соёрхолт ардын жүжигчин нэрт бүжиг дэглэгч Ц.Сэвжидийн нэрэмжит улсын анхдугаар уралдаанд бүжигчин В.Энхтайван, Алтанхундага, Энх-Отгон нар Ш.Доржжүгдэрийн дэглэлт “Эвэнк”, “Бөө”, “Ханцуйн биелэг” бүжгээр 3-р байр, Ардын багш, МУГЖ Г.Долгорсүрэнгийн нэрэмжит бүжиг дэглэгчийн улсын уралдаанд Ш.Доржжүгдэр Долгорсүрэнгийн нэрэмжит шагнал, Ц.Сэвжидийн нэрэмжит улсын 4-р уралдаанд бүжигчин Д.Санжсүрэн тусгай байр, 2001, 2002 онуудад тус театр улсын шилдэг 5-н театрын нэгээр шалгарч ажлын амжилт гаргаж байв.

            Одоо  тус театр нь Удирдлагын зөвлөл, уран сайхны зөвлөл, драм, бүжиг, хөгжим, найрал дууны анги , үйлдвэр үйлчилгээний анги гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар нийт 62 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж Театрын даргаар МУСТА бүжиг, дэглэгч Ш.Доржжүгдэр, Уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар МУСТА Б.Энхжаргал, бүжгийн багшаар МУСТА В.Энхтайван, Хөгжмийн багшаар МУСТА Э.Хүрэлбаатар, Концертмейстр МУСТА Д.Бодьгэрэл, Туслах найруулагчаар МУСТА Б.Алтангэрэл, үйлдвэр үйлчилгээний ангийн даргаар Б.Мөнхжаргал нар ажиллаж байна.

            Театр нь жилд 3-4 шинэ уран бүтээл , 1-2 уран бүтээлийг сэргээн тавьж уран бүтээлийн урын сангаа баяжуулан, жил бүр бүсийн, улсын хэмжээний мэргэжлийн уралдаанд амжилттай оролцон дэлхийн болон өөрийн орны сонгодог үндэсний хэлбэртэй томоохон бүтээлүүдээр уран бүтээлийн урын сангаа байнга баяжуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

             

 

 

 

 

 

 

Мэдээ мэдээлэл