Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

2016-02-08 11:38

XVII ЖАРНЫ “НҮҮР МУУТ” ХЭМЭЭХ ГАЛ БИЧИН ЖИЛИЙН ЦАГААН САРЫН МЭНДЧИЛГЭ

Замын хүн саатмаар Завхан нутгийнхаа уугуул суугуул нийт иргэдэд XVII жарны “Нүүр муут” хэмээх гал бичин жилийн сар шинийн мэндийг айлтган дэвшүүлье.

Нүүдэлчин соёл иргэншлийн үнэт өвийг үеээс үед өртөөлөн хадгалж яваа малчин түмэн маань эх газрын эрс тэс уур амьсгалд зохицон амьдарч он цагийн уртад оршин тогтнохуйн шалгуур болсон хахир өвлийн шидрүүн улирлыг малч ухаан, хөдөлмөрч чанараараа даван туулж жаврын үзүүрийг уярааж төлийн дуу цангинах, жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзүүлэх урин хаврын улиралтайгаа энх мэнд золголоо.

Ивээлт алтан нар цэнхэр дэлхийгээ тойрон аялж, буурал түүхийн хуудаснаа баринтлагдан хоцорч буй халуун хошуутай хонин жил маань эрдэмт хүн зон өсөж, өнөр өтгөн болсон, Эрдэнэт мал сүрэг үржин төлжиж гурван саяыг давсан, эрүүл энх, саруул сайхан айл өрх бүрт цогцолсон, хөх тэнгэрийн хур цагтаа бууж хөрст газрыг тэтгэж ундаалсан, хөдөлмөр бүтээл ундарч хөгжлийн харгуй зураасан, Наро ванчин гэгээнээ хувилгааны сэнтийд нь залсан наран сүлдтэй ард түмний минь сайн хүсэл бүхэн биелсэн хийморь золбоо бадарсан өлзийтэй сайхан он жил болон харилаа. Айлчлан ирж буй гал бичин жилд, ардын хувьсгалын 95 жилийн их баяр наадам, ар халхын Зарлигаар шагнагдсан номун хан, шидэт дуран билигт хувилгаан Хамбын гэгээний түмэн өлзий гийсний 130 жилийн ой, оройн дээд шүтээн Очирваань хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилга, гэхчлэн он цагийн түүхнээ мөнхрөн үлдсэн олон арван өлзий ерөөлтэй үйл явдлууд тохионо. Ард иргэд та бүхэн минь

                       Хөх мөнх тэнгэрээсээ ухааны шандсаа сэлбэж

                       Хөрст алтан дэлхийгээсээ татах хүчээ тамиржуулж

                       Хөхрөх алтай Очирваанаасаа хүч энерги арвижуулж

                       Хүй элгэнээрээ хөөр баяртай төвшин сайхан шинэлээрэй.

 

                ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ЖАМЪЯНТИВ