Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 20 Баасан гараг

2016-03-18 11:13

Мэндчилгээ

Зол жаргалын Завхан нутгаар овоглосон эрхэм хүндэт генерал, офицер, түрүүч, байлдагч, чөлөөлөх дайн, баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй энхийг  сахиулагчид болон эх орныхоо батлан хамгаалах хүчинд болон торгон хилийн манаанд үүрэг гүйцэтгэж буй дайчин эрсдээ, нутгийн зон олондоо Зэвсэгт хүчний 95 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Завхан аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээг  өргөн дэвшүүлье. Хүннү гүрний түүхээс улбаат Монгол туургатан бид туурга тусгаар эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн дайчин уламжлалт Монгол түмэн бид XX зууны эхэнд байгуулсан чухал цаг үеийн нэг болох 1921 оны 3 дугаар сарын 18-ны Монгол ардын журамт цэргийн байгуулсан анхны ялалтын өдөр буюу  орчин үеийн  Зэвсэгт хүчний  үүсч хөгжсөний 95 жилийн ой, Монгол Цэргийн баярын энэ өдөр эх орон, төр засгийн итгэл, найдварыг хүлээж улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт  амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвар бүхнээ зориулсан үе үеийн дайчдын гавъяат үйлсийг хүндэтгэн дурсахад таатай байна.

Орон нутагт батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах чиглэлд томоохон ажлуудыг хйиж гүйцэтгэсэн амжилтаар бид түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Тухайлбал, цэргийн шинэчилсэн тоо бүртгэл, Улсын дайчилгааны программыг амжилттай нэвтрүүллээ. Жил бүр Монголын үндэсний баяр Цагаан сарыг тохиолдуулан хугацаат цэргийн алба хааж буй цэрэг дайчидаа эргэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Мөн энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийг орон нутагт амжилттай эхлүүлж, хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги байгууллагын бэлэн байдал, албаны үйл ажиллагааг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн Засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тодорхой хөрөнгийг тусгуулан хэрэгжилтийг ханган ажиллаа. Зэвсэгт хүчний 95 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад ажиллаж буй нийт алба хаагчид тэдний гэр бүл болон Завхан нутгийн нийт ард иргэддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн суу алдар бадартугай.

                                     ЗАВХАН АЙМГИЙН БАТЛАН ХАМГААЛАХ ГАЗРЫН ДАРГА,

                                                     ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА            

                                                                   Ж.ЖАМЪЯНТИВ