Өнөөдөр: 2018 оны 01-р сарын 24 Лхагва гараг

2015-03-25 09:26

СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

 

  1. Бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн талаар:

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталж гаргасан бодлогын баримт бичиг болон холбогдох эрх зүйн актууд, Үндэсний хөтөлбөрүүдийг бүх сумд хяналтанд авч хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Гэвч эдгээр баримт бичгүүдийн хэрэгжилтийн явцыг тооцох, үр дүнг үнэлэх, тайлагнах зэрэг хийж хэрэгжүүлсэн ажлаа цаасан дээр буулгах боловсруулалтын чанар дутмаг, тоогоор илэрхийлэгдэх боломжгүй зорилтын биелэлтийн хувийг тооцохдоо зарчмын дагуу үнэлж дүгнээгүй, мэдээ тайланг дээд шатны газар хэлтэст хүргүүлэхдээ сум, орон нутгийн удирдах албан тушаалтанд хянуулалгүйгээр хүргүүлдэг зэрэг дутагдлууд байсаар байна.

2013 онд сумдын ЗДТГ, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд хийгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжинд “Засгийн газрын тогтоол шийдвэр, үндэсний хөтөлбөр болон аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнг хариуцан ажиллах албан тушаалтнаар сумдын Засаг даргын орлогчийн ажил үүргийн хуваарьт нэмэлтээр оруулж ажлын байрны тодорхойлолтод тусгаж, сумын Засаг даргатай байгуулах жил бүрийн үр дүнгийн гэрээнд тусгаж ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгож байна” гэж тусгаж өгсөн боловч уг үүрэг даалгаврыг Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдаас бусад сумд хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Иймд сум орон нутагт хэрэгжиж буй Засгийн газрын тогтоол шийдвэр, Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнг тайлагнах үйл явцад хяналт тавих, холбогдох газарт хугацаанд нь хүргүүлэх, эдгээр баримт бичгүүдийг нэгтгэн мэдээллийн сан бүрдүүлэх албан тушаалтнаар сумын Засаг даргын орлогчийг ажил хавсарган гүйцэтгүүлэх, ажил үүргийн хуваарьт нэмэлтээр тусгаж ажиллахыг дахин сануулж байна.

Мөн эдгээр баримт бичиг, тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцохдоо аймгийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжаар батлагдсан “Орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-д тусгагдсан арга, аргачлалын дагуу гаргаж журамд заагдсан хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасагт хүргүүлж байхыг зөвлөж байна.

Тосонцэнгэл, Тэлмэн, Ургамал, Эрдэнэхайрхан, Баянхайрхан сумууд нь эдгээр бодлогын баримт бичгүүдийн биелэлт үр дүнг тооцож мэдээ тайлангийн графикт заасны дагуу хугацаанд нь холбогдох газарт тайлагнасан, 2013 онд хийгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийн дагуу тодорхой ажил зохион байгуулж ажилласан бөгөөд Тэлмэн сум нь Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцыг сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн нь сайшаалтай, тэргүүн туршлага болохуйц ажил болсон байна. Цаашид үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцыг сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж хурлын тэмдэглэлийн хамт ирүүлж байх хэрэгтэй.

Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлд тухайн сумтай холбоотой тусгагдсан зорилт, арга хэмжээг бүх сумд хяналтанд авсан байна. Тухайн сумтай холбоотой зорилт, арга хэмжээнүүдийн биелэлт, үнэлгээ хувийг тооцохдоо гарсан үр дүнг тогтоогоогүй, зарцуулсан хөрөнгийн хэмжээ эх үүсвэрийг тодорхой бичээгүй, үнэлгээ хувийг журмын дагуу тавиагүй зэрэг дутагдлууд ихэнх сумдад байна.

Байгууллагуудын үйл ажиллагаанд гарч байгаа нийтлэг алдаа бол жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахдаа төлөвлөгөөний үлгэрчилсэн загварын дагуу төлөвлөж хийгээгүй, биелэлтийг хагас жил тутам тооцоогүй, үнэлгээ хувийг гаргахдаа бодитой дүгнээгүй зэрэг дутагдлууд байна.

Байгууллагын төлөвлөгөө нь Төсвийн Шууд захирагч буюу сумын Засаг даргын Тамгын газрын даргаас Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах Үр дүнгийн гэрээний хавсралт болдог. Иймээс төлөвлөгөөг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134-р тогтоолоор батлагдсан журмын 1-р хавсралтын дагуу боловсруулж, зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг оновчтой тодорхойлон тусгаж ажиллахыг зөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачлагыг дэмжих ажлын хүрээнд Тэлмэн, Идэр, Ургамал, Нөмрөг, Цагаанчулуут, Завханмандал, Эрдэнэхайрхан сумууд нь төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлэн ажилласан байна. Нэр дурдагдаагүй үлдсэн сумд ажил зохион байгуулаагүй байна. Цаашид төлөвлөгөө боловсруулан үр дүнтэй тодорхой ажил зохион байгуулж хийгдсэн ажлын талаарх тайланг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст ирүүлэх хэрэгтэй.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2014 оныг “Төрийн албан хаагчийн ажлын хариуцлагыг дээшлүүлж, ёс зүйг дээдэлсэн жил” болгон зарласны хүрээнд Ургамал, Эрдэнэхайрхан, Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр, Асгат, Баянхайрхан, Отгон, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумд нь “Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө” боловсруулан батлуулж, ажил зохион байгуулан биелэлт үр дүнг тооцон ажилласан байна.

Сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагууд нь Төрийн албаны стандартыг хэрэгжүүлж ажиллахад онцгой анхаарч төрийн албан хаагч бүр хувийн хэргээ баяжуулан ажлын байрны тодорхойлолт, Үр дүнгийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээгээ стандартын дагуу байгуулж, албажуулан гэрээний хэрэгжилтээ дүгнүүлж хариуцлагын тогтолцоо бүрдүүлж ажиллах нь зүйтэй байна. Төрийн захиргааны албан хаагчид Үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд төрийн үйлчилгээний байнгын ажилтай хүмүүс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах хэрэгтэй.

“Тайлан мэдээний график батлах тухай” аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сумын Засаг даргын захирамж төрийн байгууллагууддаа хүргүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, үр дүн болон сарын ажлын мэдээллийг Засаг даргын Тамгын газартаа нэгтгэн төвлөрүүлэн сумын удирдлагуудыг цаг үеийн чанартай мэдээ, мэдээллээр хангаж хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна.

Сумдын төрийн байгууллагууд нь бодлогын баримт бичгүүд, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, оны Үндсэн чиглэлд тусгагдсан өөрийн чиг үүрэгтэй холбоотой асуудлуудыг заалт нэг бүрээр тусгайлан хяналтанд авч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлт үр дүнг тооцож, харъяа дээд байгууллагууддаа хугацаанд нь тайлагнаж ажиллахыг зөвлөж байна.

Сумдын Нутгийн захиргааны байгууллага болон төсөвт газруудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж,  үйл ажиллагаатай нь танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд ажлын хэсгийн өгсөн зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах талаар онцгой анхаарч ажиллах нь зүйтэй байна. Цаашдаа хяналт-шинжилгээ, үнэлгээгээр өгөгдсөн зөвлөмжийн дагуу сумдын Засаг даргын Тамгын газар нь хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, төсөвт байгууллагууд, албан тушаалтнууддаа хүргүүлэн хэрэгжилтэнд нь хяналт тавьж, тодорхой хугацаатай үүрэг чиглэл өгч, хариуцлага тооцож ажиллах нь зүйтэй.

  1. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар:

Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар гарсан алдаа дутагдлыг сумдад ажиллах үеэр дэлгэрэнгүй тайлбарлаж, зөвлөгөө өгч ажилласан бөгөөд нийтлэг гарсан алдаа дутагдлыг арилгуулах, үйл ажиллагааг сайжруулахын тулд дараах арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна. Үүнд:

- Сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагууд гаргасан  захирамж, тушаалынхаа  хууль эрх зүйн үндэслэлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст жил бүр хянуулж хэвших

- Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг мэргэшүүлж тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын удирдлагын зүгээс онцгой анхаарч ажиллах

- Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд зайлшгүй хөтлөгддөг   бүртгэлүүдийг үнэн зөв бүрэн хөтөлж хэвших /ирсэн, явуулсан бичиг, тушаал захирамжийн бүртгэл, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, хариутай бичгийн мэдээ, тайлан/

  • Баримт бичгийн шийдвэрлэлтэд тавьж буй хяналтыг баримтжуулж мэдээ

тайлан гаргаж үр дүн тооцож хэвших

  • Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг  цаг хугацаанд нь өөрчлөлт шинэчлэлт

хийж үйл ажиллагаандаа хэргэлж хэвших

            -Байгууллагын тамга тэмдэг түших, хэвлэмэл хуудас хариуцах ажилтныг албан ёсоор томилж хариуцлагажуулах

  • Хэвлэмэл хуудас / бланк/-ыг үйлдвэрийн аргаар хийлгэж, оны эхэнд нэр

төрлөөр нь дугаарлаж бүртгэл тооцоо хөтөлж  хяналт тавих 

-Захирамж, тушаал, албан бичигт дугаар олгож, бүртгэл хөтлөх, баталгаажуулалтанд тавих хяналтыг сайжруулах

-Албан бичгийн стандартыг мөрдөж хэвших /  үсгийн фонд, захын хөвөөний хэмжээ, удирдлагын цохолт, тэргүү, баталгаажуулалт/

-  Зохион байгуулалтын нэгж, мэргэжилтнүүдээс баримт бичгийг хугацаанд нь эмхлэн цэгцлүүлж байгууллагын архивт авах

-Төсвийн байгууллагуудын санхүүгийн баримтыг холбогдох мэргэжлийн байгууллагад шалгагдсаны дараа тухайн байгууллагын архивт хадгалах

-Удирдах ажилтны болон архив, бичиг хэргийн ажилтны ажлыг хүлээлцэхдээ архивын баримтыг бүртгэлтэй тулгаж, албан хэрэг хөтлөлтийн явцад байгаа баримт бичгийг бүртгэлтэй тулгаж нэр төрлөөр нь, компьютерт байгаа баримт бичгийг файл тус бүрээр хүлээлцүүлж актанд тусган албажуулах

- Сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, ажилчдын хурлын тэмдэглэл, сумдын онцгой комиссын үйл ажиллагаатай холбогдож үүссэн баримт бичгийг албажуулж архивлах, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн ерөнхий менежерийн гэрээ, гэрээний биелэлт, дүгнэлт, Улсын баяр наадам болон түүхт ойн тухай баримт бичгүүдээр тусд нь хадгаламжийн нэгж бүрдүүлж төрийн архивт шилжүүлэх /үүнд:комисс томилсон тухай шийдвэр, хурлын тэмдэглэл, төлөвлөгөө, хөтөлбөр, баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн тухай бичмэл тайлан/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлан, цалингийн картыг тус тусд нь хадгаламжийн нэгж үүсгэж байгууллагад байнга хадгалах

 - Эрүүл мэндийн төв, Сургууль, Цэцэрлэг, Тамгын газрын ХАА, байгаль орчны чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд үүссэн баримт бичгийг тухайн төсөл хөтөлбөрийн нэрээр тусд нь хадгаламжийн нэгж үүсгэж хугацаа дууссан онд нь архивлаж байгууллагын болон төрийн архивт шилжүүлэх

- Архивын баримтын данс бүртгэлийг үнэн зөв заавар журмын дагуу үйлдэх

- Байгууллагын архивын байрыг шаардлагатай тоног төхөөрөмж техник хэрэгслээр хангах/ шүүгээ, тавиур, галын булан, галын хор, элс, эсгий, зориулалтын чийгшүүлэгч, чийг дулаан хэмжигч , хайрцаг хавтас гэх мэт/

- Байгууллагын дотоод журамд тухайн онд үүссэн баримт бичгийг хуулийн хугацаанд байгууллагын архивт бүрэн , заавар журмын дагуу эмхлэн цэгцэлж өгөх тухай заалт оруулж ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд суулгаж үр дүн тооцох

- Баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалтад хадгалах хугацаа заагаагүй баримт бичигт байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны жагсаалт гарган боловсруулж батлуулан ажиллахыг зөвлөж байна.

- Байгууллагын архивын ажлын программд баримт оруулах ажлыг эрчимжүүлж, шаардлагатай компьютер сканераар хангаж, архив бичиг хэргийн ажилтнуудын ажлын үр дүнг тооцож ажиллах

  1. Нийгмийн бодлогын талаар:

Бүх сумд нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн ажлыг төлөвлөхдөө өөрийн сум, орон нутгийн онцлогт тохирсон ажлуудыг төлөвлөн зохион байгуулах, Халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамралтыг нэмэгдүүлэх

- Сум, орон нутаг дахь Тэгш дүүрэн хөтөлбөрийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх

- Багийн нүүдлийн гэр эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг сумын төлөвлөгөнд тусган, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх

- Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллах

- Хүүхэд хамгааллын ажлын хүрээнд хурдан морь унаач хүүхдүүдийн судалгаа, тэдний даатгалын хамралтын тухай мэдээллийн сантай болох, хүүхэд хамгааллын асуудлыг хариуцсан Хөгжлийн нийгмийн ажилтны чиг үүргийг Халамж, үйлчилгээ хариуцсан ажилтанд хавсарган ажиллуулах,

- “Нэг хүүхэд-нэг байгууллага” үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах

  1. Төсөв санхүү, төрийн сангийн дотоод хяналтын талаар:

Сумдын Засаг даргын Тамгын газар болоод төсөвт байгууллагуудын төлбөр тооцоо барагдуулсан төлбөр тооцооны хуудсыг хянаж анхан шатны баримттай тулган баталгаажуулахад дараах зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.

 “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг зөрчсөн байдал:

  • Төлбөр тооцоо барагдуулсан маягт гар засвартай
  • Маягт№ ТТ-4 буюу Хяналтын хуудас  баталгаажуулаагүй
  • Гарын үсгийн бүрдэл дутуу
  • Журамд зааснаас бусад тохиолдолд орлого бууруулсан
  • Төсөвт байгууллагын 1, 2-р гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны гарын үсгийн баталгааг аваагүй, дутуу
  • Төлбөр тооцоо барагдуулсан ААН, иргэний нэр буруу
  • Төсөвт байгууллагын данс буруу
  • Төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайлан гаргаагүй
  • Төлбөрийн хүсэлт шаардлага хангаагүй

“Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”-ыг зөрчсөн байдал:

  • Зардлын бүлэг хооронд шилжүүлэг хийлгүй зардал гаргасан
  • Нэмэлт санхүүжилтийн дансыг шууд орлого бууруулсан

“Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ыг зөрчсөн байдал:

  • 2013 оны 1 сарын 1-ээс хойш томилогдсон ерөнхий, ахлах нягтлан бодогчийн зөвшилцөөгүй зэрэг нийтлэг дутагдлууд байна.

Иймд сумдын төрийн сангийн төлөөлөгч, нягтлан бодогч нар дотоод хяналтыг хэрэгжүүлэн ажиллахдаа дараах зөвлөмжийг мөрдөн ажиллана уу.

- Сумдын Төрийн сангийн төлөөлөгч, төсөвт байгууллагын Нягтлан бодогч нар Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны 205 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”, Сангийн сайдын 2013 оны 3 дугаар сарын 29-ны 73 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны 294 дүгээр тушаалаар батлагдсан "Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ыг мөрдөн хэрэгжүүлж ажиллах

- Төсөвт байгууллагын данс, сангуудад гарын үсгийн баталгааг наториатаар баталгаажуулан авч дараагийн он эхэлмэгц хуучин оны гарын үсгийн баталгааг архивлаж дахин гарын үсгийн баталгааг авах /1, 2-р гарын үсгийг зурах эрх бүхий албан тушаалтны томилогдсон тушаал, шийдвэр, 2013 оны 1-р сарын 1-ээс хойш уг ажилд томилогдсон нягтлан бодогчийн зөвшилцлийн бичиг хавсаргах/

  • Өдөр, сар бүрийн Ня-бо журнал бэлтгэж Төв төрийн сангаас өгсөн архивын нэгж үүсгэх зааврын дагуу сар бүр архивын нэгжээ үүсгэх
  • Зардлын бүлэг хоорондын шилжүүлгийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг гүйцэтгэж архивлах
  • Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журмын дагуу хэмнэгдсэн болон хэтэрсэн зардлын бүлэг хооронд зардлын бүлэгт шилжүүлэг хийх
  • Орлого бууруулах гүйлгээг журмын дагуу бууруулах
  • Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх санд хяналт тавих
  • Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Хүнс тэжээлийн дансдад төсөв нээж зарцуулах
  • Төсөвт байгууллагын сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг авч Төсвийн хэлбэлзэлтэй тулган баталгаажуулж архивлах
  • Нэмэлт санхүүжилтийн дансыг Төсөвт байгууллагын ирүүлсэн төсвийн зарцуулалтын дагуу зарцуулах эрхийг нээж, төсвийн дагуу зарцуулах
  • Хяналтын хуудасыг төсөвт байгууллагын анхан шатны баримттай тулган баталгаажуулж анхан шатны баримтыг баталгаажуулах, төсөвт байгууллагын хяналтын хуудас баталгаажуулалтыг шалгах
  • Төлбөр тооцоо хийж байгаа Нягтлан бодогч, Төрийн сангийн төлөөлөгч ажлын байрны тодорхойлолтоо шинэчлэх
  • Шинээр томилогдсон нягтлан бодогчийг “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын дагуу зөвшилцөх
  • Төсөвт байгууллагын төлбөр тооцоо барагдуулсан ТТ-1, ТТ-4 маягтыг шаардлага хангасан тохиолдолд гүйлгээг хийх /батлагдсан төсөв, эдийн засгийн ангилал, бүлгийн дүн нь төлбөр гүйцэтгэх хэмжээний эх үүсвэргүй үед гүйлгээг хийхгүй байх/
  • Төлбөрийн хүсэлт нь төрийн сангийн хувьд анхан шатны баримт болдог учир ноорог цаасан дээр хэвлэхгүй байх

Мөн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа зээл олголт, эргэн төлөлт хангалтгүй байна. Хугацаа хэтэрсэн зээлүүдийг төлүүлэх талаар нэгдсэн арга хэмжээ авах буюу гэрээнд тусгагдсаны дагуу шүүхийн байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулах

Сумдад эрх нь шилжиж очсон хөрөнгө оруулалт, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тухайн оролцож буй аж ахуйн нэгжийг хууль ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх талаар санхүүгийн байгууллагаас тодорхойлолт авсан байх шалгуурыг тусгаж ажиллах, ОНХС-аар хийгдэж буй ажлыг хүлээлцэхдэ акт үйлдэх, мөн томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг нягтлан бодох бүртгэлийн дансанд авч байх.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг