Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Алдархаан танилцуулга

АЛДАРХААН СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Завхан аймгийн Алдархаан сум нь 1922 онд Алдархаануулын хошуу нэртэйгээр байгуулагдсан, 1931 онд Улсын бага хурлын шийдвэрээр орон нутгийн засаг захиргааг шинэчлэн зохион байгуулахад Завхан аймгийн анхны 21 сумын нэг юм.Алдар, Аргалант, Богдын гол, Өгөөмөр, Чигэстэй, Мандаат гэсэн  6 багийн  нийт  964 өрхөд 3176 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас 6-д, газар нутгийн хэмжээгээр 3-д ордог /аймгийн төвийг оролцуулахгүйгээр/ сум юм.

Газар зүйн байршил

Завхан аймгийн баруун урд хэсэгт байрладаг:

  • Улаанбаатар хотоос 1023  км,
  • Аймгийн төвөөс 32 км зайд байрладаг.

Говь-Алтай аймгийн Жаргалан сум болон Завхан аймгийн Улиастай, Идэр, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумтай хиллэдэг.

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1654 м дээш өргөгдсөн. Физик газарзүйн хувьд зүүн хойд ба зүүн хэсгээрээ хангайн нурууны салбар уулс, бусад хэсгээрээ ойт хээр, хээр, говийн бүс хослон оршдог нь байгалийн хам бүрдэлтийн онцлог шинжтэй.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод ой мод бүхий тал хээр говь, хангай хосолсон нь мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур -20  °С

  • 7 дугаар сарын дундаж

температур +20 °С

  • жилийн дундаж салхины хурд 5-7 м/с
  • жилийн хур тундасны нийлбэр 150-200 мм
  • Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 13 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 1  тэрбум  орчим төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймагт 1,9 сая, орон нутагт 96,4 сая нийт 98,3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

  • Тус суманд 800-900  сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйн болон бусад салбарууд үйлдвэрлэж зах зээлд борлуулж байна. Сумын эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй, газар тариалангийн салбар бөгөөд 1052 ажиллагсад ажиллаж байна. Цаашид сумын хэмжээнд тоосгоны үйлдвэр, цементийн үйлдвэр, чацарганы тосны үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр зэрэг жижиг дунд үйлдвэрлэлийн салбар хөгжих бүрэн боломжтой.

Хөдөө аж ахуй

  •  Сумын хэмжээгээр нийт 138,2 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 4,2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын  3,03 хувийг эзэлж байна.
  • 427 малчин өрх, 178 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна.  Сүүлийн жилүүдэд малчидын  талаар төрөөс баримталж байгаа бодлогын үр дүнд малчид хоршооны хэлбэрт шилжин  сумын хэмжээнд 21 хоршоо байгуулагдан эрчимжсэн мал аж ахуй болон сүү цагаан идээ боловсруулах  чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд малчин өрхийн 30 хувь нь хоршооны гишүүн өрх байна.
  • Газар тариалан

Сумын хэмжээнд 2012 онд нийт 400.3 га-д газар тариалан эрхэлсэн. Үүнээс 78 га-д нь төмс, 46,3 хүнсний ногоо, 250 га-д улаанбуудай 20 га-д ногоон тэжээл тариалж байна. 2012 онд төмс 1014 тн, хүнсний ногоо 691  тн, улаан буудай 350 тн, ногоон тэжээл 30 тн тус тус хураан авсан. Манай сум нь Улиастай сумын төмс хүнсний ногооны 70-80 орчим хувийг хангадаг. Төмс хүнсний ногооны тариалалтаар аймгийн хэмжээнд тэргүүлж байна.

  • Мал аж ахуй
  • Сумын хэмжээнд 138298  толгой малтайгаас 598 тэмээ, 6181 адуу, 5004 үхэр, 51162 хонь, 75353 ямаа байна.
  • Мал сүрэгээ 5н төрөл дээр өсгөн үржүүлж нийт 58813 хээлтэгчээс 56172 төл авсан.196 ингэнээс 162 ботго, 1831 гүүнээс 1551 ботго, 1979 үнээнээс 1840 тугал, 22565 хониноос 21662 хурга, 322242 ямаанаас 30952 ишиг авсан нь мал сүргийн тоогоор цаашид тэргүүлэх зорилттой.
  •  
  • Малын гаралтай  сүү, сүүн бүтээгдэхүүн болон махан бүтээгдэхүүнээр өөрийн сумын хэрэгцээг бүрэн хангадаг ба Улиастай сумын хэрэгцээний 80 орчим хувийг хангадаг.
  •                                          ТҮҮХИЙН ХУУДАС

Тус сумын түүхэнд Улсын ууган хоршоологчдын амьдрал үйлс томоохон байр эзэлдэг.”Партизан Чойбалсан”нэгдлийн туулсан 60 гаруй жилийн түүхийг бүрэн мэдэхгүйгээр  сумын түүхийг ойлгоход дөхөмтэй болгох зорилгоор 3 үед хуваан авч үзэж болох юм.

1 дүгээр үе-Борхын тариалангийн болон бусад жижиг нэгдлүүд үүсэж

нэгдсэн нь \1933-1940\

2 дугаар үе-Ардын үйлдвэрлэлийн нэгдлийн үе дэх хоршоологчдын ажил амьдрал\1940-1961\

     3 дугаар үе-“Алтан гадас” одонт Партизан Чойбалсан нэгдэл \1961-1993он\

  1. Борхын тариалангийн болон бусад жижиг нэгдэл

1930-аад оны дунд үеэс Улсын хэмжээгээр ХАА-д хоршоолол хөгжих эхлэл бий болсон газруудын нэг бол тус сум юм.1933 оны хавар Ц.Тогтохбаяр, Г.Магсар, Д.Баянмөнх нарын есөн ард санал нийлэн Ш.Нацагийг сонгон баталж хамтын аж ахуй нэгжээ “Борхын тариалангийн нэгдэл” гэж нэрлэсэн түүхтэй.Тариа ногоо тарихад үржил шим сайтай өвөрмөц тогтоц бүхий “Борх чулуу”-ны дэргэд нэгдлээ үүсгэснээс ийнхүү нэрлэжээ.

Дараа жил нь буюу 1934 оны 2 дугаар сарын эцсээр мөн Борход, Далхаа даргатай 11 өрх тариалангийн хоёрдугаар нэгдэл, 1935 онд тариалангийн lll нэгдэл, 1936 онд Алдархаан сумын 9 дүгээр багт хадлангийн нэгдэл, 1937 онд 3 дугаар багт тариалангийн lV нэгдэл, 1938 онд  мөн багт V,Vl нэгдлийг тус тус байгуулжээ

1939 оны 4 дүгээр сарын 21-нд Алдархаан сумын жижиг нэгдлүүд нэгдсэн ба Vl  сард мөн багт хадлангийн “Хүрэлдий” нэгдэл бий болсон байна.1933-1936 онуудад банкнаас зээл авч үйл ажиллагаа нь сайжирч 10 гаруй малтай болж, тариалангийн ууган нэгдэл бус цагаар морьдоо ашиглан өртөө улааны албыг ацаглан хийх зэргээр дундынхаа хөрөнгийг нэмэгдүүлж байжээ.

1934 оны гуравдугаар сарын 20-нд сумын захиргаанаас Улиастай хот дахь банкны lll хэлтэст явуулсан бичигт “...Тус сумын Далхаа нарын 11 өрх нэгдэж тариа тарих болсныг зохих газар мэдүүлсэн, одоо тэд нар элдэв хэрэглэл авахаар банкнаас 3000 төгрөг зээлдүүлэхийг хүссэн тул уг мөнгийг олгоно уу гэжээ.

 ”Үнэн” сонины 1936 оны оны наймдугаар сарын 24-ны өдрийн 91 дүгээрт гарсан “Хязгаарын аж ахуй  сайжралт” гэсэн мэдээнд Завхан аймаг  ардын үйлдвэрлэлийн нөхөрлөлд 123 хүнийг хоршуулж, хоёр хэсэг газар тариалангийн нэгдэл байгуулсанаар 1844 үр газраас ургац авч буйн гадна, хадлангийн нэгдэл дөрөв буйг дурьдаж түүнийг сайшаалтай хэрэг амой гээд”...Эл нөхөрлөлийн ажилд харъяалах аймаг, сумын зохих байгуулнаас тусламж, удирдлагыг хангаж, сайн үлгэр, туршлага ба ашиг тусыг...энгийн ардын өмнө товойтол үзүүлж хэрэгжүүлэх нь чухал байна” гэжээ.1933-1940 оны хооронд эдгээр нэгдлийн даргаар Нармин хэмээх Далхаа ,Цогт-Очирын Муухай, Доржийн Чойжинхүү, Занын Бэгз, Галсангийн Магсар, Энхбатын Дамдинсүрэн, Устын Хүрэн, Т.дорж нарын хүмүүс ажиллаж байсан бөгөөд нийт нөхөрлөл, нэгдлийн өрхийн тоо 3-116, тариалсан газар 600-1000 үр, авсан ургац 30-320, 505-1955 пүү, борной 2-5, гар хадуур, 20-44, төмөр хүрз 15-53, гар тээрэм 1-2, хадсан газар 300-3708 үр, авсан өвс 2700-18515 пүүд хүрч өсөн нэмэгдсэн байна.Хувийн аж ахуйтны хүрээнд их далайн дундах арал мэт байхаасаа амьдралын давалгаанд сэлүүр алдалгүй урагшилсан Борхын тариалангийн нэгдлийн 1933-1939 оны үйл ажиллагаа нь улс хоршоологчдын ууган голомт хэмээн алдарших замналын дайчин эхлэл болсон билээ.

  1. Ардын үйлдвэрлэлийн нэгдлийн үед

Борхын тариалангийн нөхөрлөлөөс торгон эхтэй энэ нэгдлийн ардын үйлдвэрлэлийн хэмээсэн өсөлт бэхжилтийн үе нь 1940-1954 оныг хамардаг.Нэгдэл үүссэн түүх, хөгжлийн замнал байдлаараа олон нэгдлийн дотор нэн өвөрмөц юм.

Нэгдлүүдийг шинэчилсэн дүрмийн үндсэн дээр зохион байгуулах хурал 1940 оны нэгдүгээр сарын 1-нд болжээ.Хурал дээр аймгийн намын хороо, аймгийн яамны төлөөлөгч Зундуйгаас дүрэм, шийдвэр танилцуулан нэгдлүүдийн ерөнхий хороо байгуулж, түүний даргаар Ш.Нацаг, нарийн бичгийн дарга, шалган байцаах

 Комиссын тэргүүлэгчдэд А.Бавуусүрэн, Ч.Лхамсүрэн, Ц.Жангууд, Б.Сосорбарам нарыг сонгосон байна.Энэ онд Борхын нэгдэлд 1216 үр\ хааш, хаашаа барих, чоно авлах% тэргэнд морь сургах зэрэг тодорхой даалгавар өгчээ.1943 онд нэгдлийн өсөлт бэхжилтэд чухал үйл явдал гарчээ.Энэ оны lV сарын 21-нд Борхын нэгдэн өргөжин Хатанбаатар Магсаржавын нэрэмжит партизаны нэгдэл болсон байна.”Партизан” нэгдлийн даргаар Ардын журамт цэргийн дайчин явсан Паламын Бавууг сонгосон байна. Энэ үеэр нэгдэлд 19 гишүүн шинээр орсны дотор Гомбожавын Наянтай, Очирын Дулам, Магаагийн Гэндэн, Шүрийн Шарав нарын партизан багтжээ.Тэд 10 адуу, үхэр 4, хонь 7, төгрөг 240-ийг нийгмийн хөрөнгөд нийлүүлжээ.Мөн тэр жилдээ тэд үерлэхдээ тариалангийн талбайд хохирол учруулдаг Ширээгийн голын гольдролыг засаж ургац сайн авсаны дээр Улиастай хотод боовны тасаг, улмаар тусгай гуанз нээсэн нь нэгдлийн ашиг орлогыг нэмэглүүлэхэд тус үзүүлсэн бөгөөд дараа жил нь хонин сүрэгтэй, 1946 онд адуун сүрэгтэй болж малаа суурилсан ажгуу.Хоёр жил дараалан гишүүдийнхээ амины гүүг саалгаж нэгдлийн нэр дээр айраг худалдах, морь уралдуулах зэрэг шинэ хэлбэрийн ажил өрнүүлжээ.1948 онд нэгдлийн дэргэд орон тооны бус намын үүр байгуулсан явдал ажил чанаржих, хүмүүсийн идэвхийг өрнүүлэхэд нөлөөлсөн  байна.

 

  1. Жижиг нэгдлүүд нийлэн өргөжсөн нь

60-аад оны эхнээс хойших үе бол тус нэгдэл аж ахуй зохион байгуулалтын хувьд өсөн бэхжиж өндөр түвшинд хүрсэн жилүүд юм.Ардын аж ахуйтан нийтээр нэгдэлд орсноор хөдөө аж ахуйн нэгдлийн хөгжилтийн шинэ үе эхэлсэн билээ.Ийм нөхцөлд нэгдлийн нэгдлийг зохион байгуулалтын хувьд томсгон бэхжүүлэх нь нэгдлийн үйлдвэрлэл эрчимжихэд ч үр нөлөөтэй болж ирсэн юм. Хувийн жижиг аж ахуйгаас хамтын аж ахуй давуутайн адил, жижиг нэгдлээс том нэгдэл даацтайг ойлгосон нэгдлийн удирдлага малчдаас гаргасан Өгөөмөр сумын ”Социализмын  зам” Алдархаан сумын “Улаан партизан” “Цогтжаргалан” сумын “Чойбалсангийн зам нэгдлийг нэгтгэх гэсэн хүсэлтийг халуунаар дэмжсэн юм.Хамгийн түрүүнд “Социализмын зам”нэгдлийн ерөнхий хороо 1960 оны эцсээр бүх гишүүдийн хурлаа хийж 3-н нэгдлийг нэгтгэх асуудлыг хэлэлцэж батлах хуралд Б.Сангажав, Н.Туваанжав, Н.Нямаа, С.Нямдарь, А.Бавуусүрэн нарын 100 төлөөлөгч сонгож зэргэлдээ нэгдэлтэй нийлэх ажлыг эрхлэх ажлыг Ж.Далхжав, Б.Батсуурь, С.Махбал нарын 9н хүнтэй тусгай комисс томилжээ.

  1. Алтан гадас одонт “Партизан Чойбалсан” нэгдэл

Гурван нэгдлийн төлөөлөгчдийн хурал дээрх нэгдлүүдийг нэгтгэж нэгэн нэгдэл хоньчин, Борхын тариалангийн нэгдлийн ахмад гишүүн Бавуусүрэнгээс нэгдсэн шинэ нэгдэлд”Партизан Чойбалсан” гэдэг нэр өгч, “нэгдлийг тус хуралдаж буй  Хөх хошуунд төвлөрүүлэе” гэсэн санал тавихад төлөөлөгчид алга ташин баталсан байна.Тус зохион байгуулах хуралд шинэ нэгдлийн түр ерөнхий хороог Ж.Далхжав, Магсаржав, Ладшир, М.Лхүндэв, Н.Нямаа,Ч.Сүхээ, нарын 13 хүний бүрэлдэхүүнтэй сонгож даргад Ж.Далхжав, ня-бод Ч.Сүхээ  баталжээ.Мөн хурлаас гурван нэгдлийг нийлүүлэх ажлыг гүйцэтгэх ерөнхий комисс байгуулсан юм. 1961 оны нэгдүгээр сарын 10-нд Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Өгөөмөр, Алдархаан, Цогтжаргалан сумыг нэгтгэж Алдархаан сум байгуулах сумын хөдөлмөрчдын депутатуудын хамтарсан чуулган болж зохион байгуулалтын асуудал хэлэлцээд Алдархаан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Ж.Далхжав, орлогч даргаар Равдандорж, нарийн бичгийн даргаар С.Махбал нарыг \захиргааны гишүүн долоон хүн\ сонгожээ.Намын үүрүүдийг нэгтгэж даргад Н.Нямааг сонгосон байна.Нэгдэх  үед:” Улаан партизан “ нэгдэл 601 өрх, 1902 гишүүн,  2,1 сая төгрөгийн үндсэн хөрөнгө  1,5 сая төгрөгийн орлоготой “Чойбалсангийн зам”нэгдэл 388 өрх, 575 гишүүн, 0,7 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 0,8 сая  төгрөгийн орлоготой, “Социализмын зам нэгдэл 497 өрх, 1599 гишүүн, 1,4 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 1,2 сая төгрөгийн орлоготой байжээ.”Алдархаан” сумын томоохон бригад Цогт \Цогтжаргалан\ 1936 онд дөрвөлжин сумын “ll таван жил” нэгдэлд шилжсэнээр  сумын газар нутаг, хүн ам, мал сүрэг өмнөхөөс багассан боловч үйлдвэрлэлийн цар хүрээ буураагүй.1963 оны 7 дугаар сарын 29-нд  болсон Завхан аймгийг нэгдэл дундын контор байгуулж, түүнийг тээвэр, барилга, борлуулах салбар, дундын амралтын газартай ажиллахад “Партизан борлуулах салбар дундын амралтын газартай ажиллахад”Партизан Чойбалсан” нэгдэл онцгой идэвхитэй оролцож, 54 мянган төгрөг ”Зил” машин 2, Зис, машин 1, “газ-51” машин 1-ийг, мөн бүрэн хэрэглэлтэй хом шат 10,адуу, хонь, ямаа 6000 гаруй толгой мал малчин, ажилчин 19-ийн хамт шилжүүлсэн байна. Мөн 1964 онд ашиглалтад өгсөн рашаан амралтыг барьж  байгуулахад 30 гаруй мянган төгрөгийн хувь хөрөнгө оруулжээ. 1956 оны ll сард байгуулсан\ гишүүдийнхээ саналын үндсэн дээр Алдархаан сумын”Партизан Чойбалсан” нэгдэлтэй нийлсэн нь нэгдлийг хүчин чадалыг нэмэгдүүлсэн.Тухайлбал нэгдлийн өрх 863 байснаа 1279, хүн ам 3783 байснаа 5628, нийгмийн мал 87,3 мянга байснаа 127,9 мянга, амины мал 33,1 мянга байснаа 46,2 мянга болжээ. Энэ үеийн ажил үйлсэд хошуучлагч олон.Эхний 5 жилд саальчин Цэвэлмаа, Б.Ичинхорлоо, малчин Ш.Бавуужав, туслах үйлдвэрийн Ж.Базаржав, Г.Нямдоо, Ж.Доржтовуу,Даваа-Очир, Тавхай, Р.Должинсүрэн,  хоньчин Галсандорж, Б Дашдондог, агротехникч, тракторч Ядамжав.Магсаржав, малын бага эмч  М.Бямбажав, А.Дашдаваа, С,Шагдарсүрэн, сүүлийн 5 жилд хоньчин Т.Дүгэржав, адуучин Б.Рагчаа,Т.Цэндхүү, Аргалант бригадын Т.Чойжилжав, Ш.Дарьбазар, Өгөөмөр бригадын Балдорж, үйлдвэр бригадын Ш.Доржпалам, О.Түвдэндорж, Г.Янжмаа, Дашдондог, Богдын гол багийн адуучин Х.Даржаа, Г.Доржсүрэн, хоньчин Г.Банзрагч  нарыг дурьдаж болно. Далаад онд Богдын гол багийн бригадын хоньчин Улсын аварга малчин Д.Дамжин , А.Ядамсүрэн, Чигэстэйн саальчин Улсын их хурлын депутат С.Цэнд-Аюуш, аймгийн 3 удаагийн аварга Д.Пүрэвжав, Улсын тэргүүний үхэрчин Х.Хүрэлбат, Ч.Давааням, Улсын аварга саальчин Д.Баасанхүү нарын олон хүмүүс ажил үйлсээрээ тодорчээ.Өгөөмөр бригадын тэмээчин М.Арслан, ямаачин С.Гарам, Алдар бригадын Х.Доржготов, жолооч Ч.Чимэдцогзол, малын их эмч Ж.Баасандорж, бага эмч Н.Магсар, нэгдлийн ня-бо Д.Батсүх нарын хүмүүс уралдаанд хошуучилж явсан байна.Партизан Чойбалсан нэгдлийг 1969 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсаны 10 жилийн ойг тохиолдуулан АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар”Алтан гадас” одонгоор шагнасан.Далаад онд тус нэгдлийн нийгмийн аж ахуй эрч хүчээ авч, аж ахуйн салбарууд бэхжихийн зэрэгцээ материал техникийн хангамж ч сайжирсан.

БИДНИЙ БАХАРХАЛ “АЛДАРТНУУД”

Аугаа их түүхтэй Алдархаан сумаас төрөн гарсан Алдартнууд олон байдаг. Монгол улсын баатар, Армийн генерал Б.Дорж, Генерал Г.Чимэд-Юндэн, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, ОУОХорооны хүндэт гишүүн МУСГЗүтгэлтэн Ш.Магван, ШУ-ны доктор академич Н.Содном, Шатрын спортын ОУХМастер Хөдөлмөрийн баатар С.Адъшаажав, МУГДасгалжуулагч Жигжидсүрэн, МУГЖүжигчинБатсүх, ХГУТОдонт Ю.Дэлгэрнасан, Морин хуурын “Мөнхөд уянгалах эгшиглэн” хамтлаг зэрэг нь тус сумын нэрийн хуудас болж байдагт Алдархаанчууд бид бахархдаг.Ийнхүү Алдархаанчууд бидний дундаас Улсын баатар 1, Хөдөлмөрийн баатар 2, Гавьяат цолтнууд 32, мөн Улсын сайн малчин зэрэг олон олон алдартнууд төрж гарсан байдаг.

Монгол улсын баатар БАТЫН ДОРЖ

Улсын баатар, хувьсгалт зүтгэлтэн Б.Дорж \ 1914-1982\ хуучин сайн ноён хан аймаг, хошууч бэйсийн хошуу, өнөөгийн Завхан амйгийн Алдархаан сумын нутагт төрсөн.1935-1937 онд цэргийн бага дунд даргын сургууль, 1948-1952 онд ЗХУ-д М.В Фрунзийн нэрэмжит цэргийн академи, 1969-1970 онд Цэргийн академи, 1969-1970 онд К.Е.Ворошиловын нэрэмжит зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн академийн дэргэдэх курст тус тус суралцаж төгсчээ.Б.Дорж нь 1937-1940 онд Ардын армид салаа, суман, дивизийн дарга, 1940-1948 онд БНМАУ-ын дотоод явдлын яамны орлогч сайд бөгөөд Хязгаарын ба дотоодын цэргийн хэргийг эрхлэх газрын дарга,1952-1956 онд Дорнод аймагт морьт баригадын дарга, Зөвлөлт- Монголын хувь

нийлүүлсэн “Совмонгол металл” нийгэмлэгийн захиргааны орлогч даргаар ажиллаж байлаа.

 

 

1956-1961 онд БНМАУ-ын Цэрэг, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, 1961-1968 онд БНАСАУ, БНАГУ, ХБНСЮУ-д онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 1968-1969 онд Нийгмийг Аюулаас хамгаалах яамны орлогч сайд бөгөөд Хязгаарын ба дотоодын цэргийн хэргийг эрхлэх газрын дарга, 1969-1978 онд Батлан хамгаалах яамны сайд, 1978-1982 онд БНМАУ-ын Ардын хувьсгалын тэргүүлэгчдийн дэргэдэх хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны даргаар ажиллаж байжээ.МАХН-д 1937 онд гишүүнээр элссэн түүнийг МАХН-ын ээлжит хурлуудаар Намын Төв хорооны гишүүн, Ардын их хурлыг сонгох 2-10 дахь удаагийн сонгуулиас Ардын их хурлын дептатаар, БНМАУ-ын Ардын их хурлын 9,10 дахь удаагийн сонгуулиас Ардын их хурлын орлогч даргаар сонгож байв.Б.Дорж Монгол улсын батлан хамгаалах хүч чадлыг зузаатган бэхжүүлэх хэрэгт их гавьяа байгуулан олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн манай улсын ахмал удирдах ажилтан, зэвсэгт хүчний нэрт зүтгэлтэн бөгөөд ах дүү армиудын дайчин нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.Түүнд 1974 оны намар улсын баатар цол олгож, Сүхбаатар одонгоор хоёр удаа, байлдааны болон” Алтан гадас” одонгоор хоёр удаа, Байлдааныболон “Алтан гадас” одонгоор хоёр удаа, медиар олонтаа шагнасан бөгөөд мөн ЗХУ-аас Лениний болон Улаан тугийн одон, Эх орны дайны 2-р зэргийн одон, медалиудаар, Болгар, Герман, Чехословак, Югослав улсаас одонгоор шагнасан байна.

Төрийн шагналт соёлын гавьяат зүтгэлтэн

      БЭГЗИЙН ЯВУУХУЛАН

 -1929 \-1982\онд  Хантайшир уулын аймаг, Отгонхайрхан уулын хошуу өнөөгийн Алдархаан сумын нутагт төрсөн.

-1944-1949 онд санхүү эдийн засгийн техникум, 1954-1959 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль дүүргэсэн.

-Тавиад оноос эхлэн Архангай аймагт нягтлан бодогч, Нийгмийг аюулаас    хамгаалах яаманд ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга,

-Залуучуудын үнэн сонины газар сурвалжлагч, “Улаанбаатарын мэдээ” сонины газар сурвалжлагч “Улаанбаатарын  мэдээ” сонины хариуцлагатай эрхлэгч “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

-МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, яруу найргийн зөвлөлийн эрхлэгчээр олон жил ажилласан.

-1961 онд МАХН-д гишүүнээр элссэн.

-10 дахь удаагийн сонгуулиас Ардын их хурлын депутатаар сонгосон.

-1967 онд төрийн шагнал хүртээсэн.

-1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол олгосон.

Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Аавын гэрийн амар тайваныг эвдээд

Ачит эхээ арван сар зовоосны эцэст

Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм

Алаг дэлхийд төрсөн минь учиртай гэж дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан омогшин шүлэглэсэн билээ.Үнэхээр ч тэр алаг дэлхийд учиртай төрсөн хүмүүн бөгөөд олон үеийн хутагт хувилгаан гэгээд, мэргэдийн орон болсон Завхан аймагт төрсөн нь түүний хувь заяа байсан гэлтэй.

АЛДАРХААН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Алдархаан сумын хүн эмнэлэг нь анх 1937 ондЛодон гэдэг бага эмчтэй нэг сувилагчтай 500 төгрөгийн эмийн фондтой нэг эсгий гэрт үйл ажиллагаа явуулж эхэлжээ.Лодон эмч нь сүүлдээ Анагаах ухааны дэд эрдэмтэн доцент, АУ дээд сургуулийн мэдрэлийн тэнхимийн багшаар ажиллаж байсан.

            1938-1939 онд 15 ортой бага эмчийн салбар болон ажиллаж хүчин чадал нь өргөжжээ.1964 онд анх их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр их эмч Цэрэнгүндэгмаа ажиллаж байсан байна.Цэрэнгүндэгмаа нь ажиллах хугацаандаа ажил үйлсээрээ шалгарч МУЗН-н 5-р бүгд хуралд оролцсон.1986 онд их эмчийн салбарын шинэ барилга ашиглалтанд орж тус эмнэлэг нь 10 ортой их эмчийн салбар болон үйл ажиллагаа явуулж  байсан.

Тус эмнэлэгт их эмч С.Энэбиш, Б.Бэгзсүрэн ,С.Наранчимэг, Р.Цэрэнбалжир, Үнэгэнцагаан, Я.Энхтөр, Д.Гансүх зэрэг эмч нар үр бүтээлтэй ажиллаж байсан.

Одоо тус эмнэлэг нь 10 ортой нийт 23 ажиллагсадтай 112 сая төгрөгийн төсөвтэй.Үүнээс их эмч 1, эмнэлгийн дунд мэргэжилтэн 14 бусад ажиллагсад 10 ажиллаж байна. Нийт 72 мянган хавтгай дөрвөлжин км газар газар нутагт мал аж ахуйн 6 багийн 3235 хүнд нэг түргэн тусламжийн машинтай, НЭМ сургалт сурталчилгаа болон эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэн ажилладаг.

Манайд  ажил  үйлсээрээ шалгаран манлайлж Эрүүл мэндийн Тэргүүний ажилтан 6,  20 хүн Эрүүл мэндийн Яамны хүндэт жуух бичгээр шагнагдан хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хамтран ажиллаж байна.

АЛДАРХААН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Алдархаан сумын хүн эмнэлэг нь анх 1937 ондЛодон гэдэг бага эмчтэй нэг сувилагчтай 500 төгрөгийн эмийн фондтой нэг эсгий гэрт үйл ажиллагаа явуулж эхэлжээ.Лодон эмч нь сүүлдээ Анагаах ухааны дэд эрдэмтэн доцент, АУ дээд сургуулийн мэдрэлийн тэнхимийн багшаар ажиллаж байсан.

            1938-1939 онд 15 ортой бага эмчийн салбар болон ажиллаж хүчин чадал нь өргөжжээ.1964 онд анх их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр их эмч Цэрэнгүндэгмаа ажиллаж байсан байна.Цэрэнгүндэгмаа нь ажиллах хугацаандаа ажил үйлсээрээ шалгарч МУЗН-н 5-р бүгд хуралд оролцсон.1986 онд их эмчийн салбарын шинэ барилга ашиглалтанд орж тус эмнэлэг нь 10 ортой их эмчийн салбар болон үйл ажиллагаа явуулж  байсан.

Тус эмнэлэгт их эмч С.Энэбиш, Б.Бэгзсүрэн ,С.Наранчимэг, Р.Цэрэнбалжир, Үнэгэнцагаан, Я.Энхтөр, Д.Гансүх зэрэг эмч нар үр бүтээлтэй ажиллаж байсан.

Одоо тус эмнэлэг нь 10 ортой нийт 23 ажиллагсадтай 112 сая төгрөгийн төсөвтэй.Үүнээс их эмч 1, эмнэлгийн дунд мэргэжилтэн 14 бусад ажиллагсад 10 ажиллаж байна. Нийт 72 мянган хавтгай дөрвөлжин км газар газар нутагт мал аж ахуйн 6 багийн 3235 хүнд нэг түргэн тусламжийн машинтай, НЭМ сургалт сурталчилгаа болон эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэн ажилладаг.

Манайд  ажил  үйлсээрээ шалгаран манлайлж Эрүүл мэндийн Тэргүүний ажилтан 6,  20 хүн Эрүүл мэндийн Яамны хүндэт жуух бичгээр шагнагдан хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хамтран ажиллаж байна.

АЛДАРХААН СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

         Алдархаан сумын хүүхдийн цэцэрлэг нь 1962 онд 3 ажилчин, 25 хүүхэдтэй байгуулагдан анхны эрхлэгчээр Жамбалжав, хүмүүжүүлэгчээр Должин, тогооч Жүгдэрмаа нар ажиллаж байжээ. 1964 оноос 50 хүүхэд, 3 ажилчинтай болон өргөжиж, 1972 онд 11 ажилчин, 75 хүүхдийн ортой болж жил улирлын төлөвлөгөө 89-104.4 хувиар биелүүлж ажиллаж иржээ.

            1992 онд 50 хүүхэд 10 орон тоотой, 1993” онд Яслитай нэгдэж яслийн нэг бүлэг цэцэрлэг дээр ажилласан.

1994 онд 40 хүүхэд 8 багш ажилчинтай, 1995 онд 25 хүүхэд, 5 багш ажилчинтай, 1996 онд ээлжийн бүлэг, эчнээ түр сургалтаар хичээллүүлж 5-н багийн хүүхдийг цэцэрлэгт хамруулан СӨБ олгон ажиллаж байна.

2001-2003 оны хичээлийн жилд 2 бүлэг , багш ажилчинтай сургуулийн насны хүүхдийг 1-р ангид 100% хамруулж байна.

1994-1995 онд Английн хүүхдийг ивээх сангийн “Малжуулах”, “Гэр цэцэрлэг”   төсөл, 1998-1999 онд “Барилгын засвар халаалтын төсөл” 2000 онд “Малчдын хүүхдийг сургуульд  бэлтгэх төсөл” ӨАЧДҮХөтөлбөрийн тогтвортой амьжиргаа төслөөр 2005 онд зөөлөн эдлэл 1000.0 сая төгрөгний, 2006 онд Барилгын засвар 5356.5 сая төгрөгний дээврийн засвар хийгдсэн.

2005-2006 оны хичээлийн жилд 11 жилийн тогтолцоонд шилжин орж  шинэ стандартаар СӨБ-ыг олгож байна.

2007-2008 оны хичээлийн жилд 8 багш ажилчинтай, багш нараас арга зүйч, тэргүүлэх зэрэгтэй багш, боловсролын тэргүүний ажилчин 1 ажиллаж байна.

2009-2010 оны хичээлийн жилд 9 багш ажилчинтай, 40.358.900 төгрөгний үйл ажиллагаагаа явууллаа.

          2011-2012 оны хичээлийн жилд 118283.8 мянган төгрөгний төсөвтэй, удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 4, үйлчлэх ажилтан 3.

БНХХ стандартын дагуу нэгж хичээлийн төлөвлөгөөг боловсруулан боловсролын шинэчлэлийн “Зөв Монгол хүн” төлөвшүүлэх зорилгын дор ажиллаж байна.

АЛДАРХААН СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Хувьсгалт ололтуудыг бататгах шинэ тутам байгуулагдсан сумын захиргааг бэхжүүлэх, түүний бодлого шийдвэрийг ард олонд сурталчилахад  Улаан гэр чухал үүрэг гүйцэтгэжээ.Сумын анхны Улаан гэрийн эрхлэгчээр эдүүгээ Алдар багийн харъяат  асан Улаан гэрийн хэмээн нэрлэгдсэн Лхамсүрэнгийн Л.Должин ажиллаж байв.Улаан гэр нь цаашдаа Улаан булан болж өргөжин сумын соёлын гол төв болж сайн дурын уран сайхны тоглолт явуулж, залуучуудад бүжиг зааж кино ший үзүүлдэг төдийгүй шинэ үсгийн бүлгэм дугуйлан хичээллүүлдэг байжээ.1961 оноос Улаан булан нь сумын клуб болж Соёлын довтолгоо,  яамд, олон нийтийн байгууллагуудаас удаа дараа явуулж байсан соёлжилтийн үзлэг, урлагийн их наадам, урлагийн үзлэг зэрэг олон нитийн компанит ажлын хүрээнд соёл урлагийн материаллаг бааз бэхжиж, орон тоо нь нэмэгдэж, сайн дурын уран сайханчдын чадвар дээшилж иржээ.

1960-аад оны үеийн уран сайханчдаас клубын эрхлэгч Нүжгээ, уран сайханч Д.Цагаандолгор, Ч.Даваасүрэн, кино механикч Очиржав, Г.Чимэддорж, Г.Цагаан нар олны талархал хүлээж байсны дотор МААМ станцын ажилчин залуу Юндэнгийн баянхуур хөгжмийн тоглолтууд сумын уран сайхны сан хөмрөгийг ихээхэн баяжуулсан юм. Түүний хүүхдүүд Ю.Дэмидгарав, Ю.Дэлгэрнасан, Ю.Ичинноров нарч өнөөг хүртэл эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж сумынхаа соёлын төвд ажилласаар байгаа удам дамжсан уран сайханч гэр бүл билээ.Сурагч П.Туяа З.Долгор нарын циркийн уран нугаралт, уртын дууч, Х.Сурмаахоролын уяангалаг цээл хоолой, Нүжгээгийн дэгэлсэн Шарга морьт бүжиг, багш Даваадоржийн уран гимнастик, Ш.Балжхүүгийн инээдмийн үзүүлбэрүүд нь энэхүү 3 хоногийн тоглолтын оргил болж байлаа.

Партизан Чойбалсан нэгдлийн хамт олон 1990 оноос өмнөх 50 шахам жил сумын соёлын байгууллагыг санхүүжүүлж 10,5 сая төгрөгийн хувцас, хөгжмийн зэмсэг, бусад эд хогшилтой клуб, олон арван мянган боть бүхий номын сан, уншилгын танхим, 300 гаруй үзмэртэй орон нутгийг судлах кабинет байгуулан тэнд ажиллагсдыг цалинжуулж иржээ.1990 онд сумын клуб нь Соёлын өргөө болж өргөжин сумын Тамгын газрын харъяанд шилжин ирсэн.

Ерээд оны өөрчлөлтийн эхэн үед аймгийн олон сумын соёлын газрууд үүдээ барьсан ч тус сумын Соёлын өргөө үйл ажиллагаагаа зогсоогоогүйгээр барахгүй харин ч хуучнаасаа илүү ашигтай  ажиллаж цалингаасаа бусад зардлаа өөрийнхөө үйл ажиллагаагаар хангаж 1990 оны 11 дүгээр сарын 7-нд Соёлын өргөөний  2 давхар барилгыг ашиглалтанд хүлээн авсан. Барилга нь ашиглалтанд орсноор 400 хүний суудал бүхий үзэгчдийн танхим, кино болон бүжгийн  сургалтын өрөө,музейн тасаг, номын санг цогцолбороор ашиглах   өргөн боломж бүрдсэн.Соёлын төвийн захирлаар Б.Баасанжав, С. Мөнгөнтуяа, Ю.Дэмидгарав, З.Доржсүрэн, С.Дугарсанж, Ю.Дэлгэрнасан, С.Ням-Очир, А.Дагийдаш, Ю.Ичинноров нарын хүмүүс ажиллаж байна.

 АЛДАРХААН СУМЫН 9Н ЖИЛИЙН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын баатар, Армийн генерал  Батын Доржийн нэрэмжит Завхан аймгийн Алдархаан сумын  дунд сургууль 1926 онд Баян булагийн шугуйд 2 багш 25 сурагчидтайгаар байгуулагджээ.1936 он хүртэл зөвхөн зуны улиралд хичээллэдэг байлаа. 1937 оноос эхлэн “Бага сургууль” гэж нэрлэгдэн намар өвөл хаврын улиралд хичээллэн зуны саруудад амардаг болсон байна.тус сумын сургууль Баян булгийн шугуй, Цагаан байшин, Яруугийн хүрээ, Хөх хошуу зэрэг газруудад нүүдэллэн байрлаж суурьшжээ.1939-1940 оны хичээлийн жилээс 4н жилийн хугацаатай бага сургууль үүсэн улмаар 1941 онд улсын төсвөөс хичээлийн барилга баригдаж эхэлжээ.Сургуулийн анхны захирлаар нь одоогийн Завханмандал сумын харьяат Баянхасын Баатар гэгч байсан байна.Анхны багш нар Лхагважав, Ч.Ядмаа, Лэгдэн,  нар тус сургуульд 10 гаруй жил ажилласан байна1963-1964 оны хичээлийн жилээс 7 жилийн сургууль болж захирлаар нь  Х.Нацагдорж ажиллаж байлаа.1663-1967 оны хичээлийн жилд 8н жилийн сургуул болон өргөжиж захирлаар нь Бямбарагчаа багш ажиллаж байжээ.1971-1972 оны хичээлийн жилд угсармал дүнзэн барилгыг\ одоогийн ашиглаж байгаа хичээлийн барилга\ ашиглалтан оруулж  сургалт  ажилд хэрэглэж эхэлсэн байна.Энэ үед тус сургууль дээр “Алдарын цуурай” сурагчдын чуулга 100 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, багш сурагчдын тойрон аяллыг зэргэлдээх сум Дөрвөлжин, Ургамал, Завханмандал  сумдаар аялж уулзалт үзэшлэг зохион арга барилаа солилцдог байжээ. Мөн хичээлүүдийн нэг өдрийг сургууль дээрээ ангиудаа зохион байгуулж сурлагын чанарыг сайжруулах талаар идэвхи зүтгэлтэй ажиллаж эхэлжээ.

Одоо тус сургууль 18 багш, үйлчилгээний 12 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн сурлага 100% чанар 38-41%-тай байна.Манай сургууль мэргэжлийн багшлах  боловсон хүчнээр бүрэн хангагдсан бөгөөд Боловсролын их сургуулийг 15 багш, багшийн  коллежийг 3 багш тус тус дүүргэсэн.Мэргэжлийн зэрэгтэй багшийн тоо 50%-д хүрсэн байна.

Манай сургуулийн амжилт давуу талууд

  1. Сургалтын чанарыг сайжруулах, мэргэжлийн багшийг чадваржуулах ажлыг онцгойлон үзэж сүүлийн 3 жилд  бүх багшаа нараа төвлөрсөн болон орон нутгийн сургалтанд жил тутам 2-3 удаа бүрэн хамруулж мэргэжил, заах аргыг дээшлүүлснээс гадна АНУ-ын Энхтайваны корпусаас мэргэжилтэн Жанет, Тимотхи нарыг 4 жилийн хугацаатай авч ажиллуулан багш, багш  сурагчдын англи хэлний чадавхийг дээшлүүлэхэд   ихээхэн хүчин зүтгэж ажилласан.
  2. Манай сургууль 2007 оны боловсролын үнэлгээгээр аймагтаа тэргүүлж 2007 оны аймгийн “Шилдгийн шилдэг” сургуулиар шалгарч батламж цомоор шагнагдаж бид бүхний ажилд урам өгсөн ажлын үзүүлэлт байлаа.
  3. Манай сурагчдаас аймаг улсдаа хамгийн анхны Морин хуурын “Мөнхөд уянгалах  эгшиглэн” хамтлаг байгуулагдан тайлан тоглолтоо зэргэлдээх сумдаар тавьж  морин хуурын эгшгийг мэдрүүлэн улмаар “999” морин хуурчийн эхийг бэлдэж чадсан явдал юм.
  4. Заах арга зүй, багшийн сурган хүмүүжүүлэх  уралдаанд сүүлийн 5 жилд манай сургуулийн багш нар бүс болон аймгийн уралдаанд удаа дараа тэргүүн байр эзлэн заах арга зүй сайтайгаа харуулж, бусад  сумдын багш нараас илүү байгаагаа үзүүлж чадлаа.Үүнд

2009 онд Бага боловсролын багш Б.Эрдэнэчимэг бүсээс 1-р байр

2010 онд Хөгжим бүжгийн багш Ж.Оросоо Илтгэлээр 1-р байр

2011 онд Хөгжим бүжгийн багш Ж.Оросоо бүсээс 1-р байр

2012 онд Англи хэлний багшТ.Чулуунзагд бүсээс 1-р байр тус тус эзэлсэн.

  1. Төсөл хөтөлбөрийн хүрээнд хичээлүүдийн кабинетийг тохижуулж сайжруулснаар энэ хичээлийн  жилд компьютер, химийн кабинет шинэчлэн тоноглогдож материаллаг орчин сайжирлаа.
  • 2012 онд  Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл амжилттай хэрэгжиж 26,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт  хийгдсэн.
  • 2010-2011 оны хичээлийн жилд “Ногоон сургууль”-ийн болзыг биелүүлсэн.
  • 2000-2006 онд ЮНИСЕФ-ийн “Бага боловсролд олон нийтийн оролцоо “ төсөл амжилттай хэрэгжиж бичиг үсэг үл мэдэх, бүх нийтээр бага боловсрол эзэмшүүлэх болон сургуулийн материаллаг орчныг сайжруулах төслийг сайн дүнтэйгээр хэрэгжүүлсэн.
  • Багшийн  мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр 2010-2013 оны хичээлийн жилд Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдаж нийт багш нар хичээлийн жилд дунджаар 1 багш 3-5 удаа мэргэжил, заах арга зүйгээ сайжруулах  сургалтанд хамрагдаж мэргэжлээ  дээшлүүлж байна.
  • 2007-2010 оны хичээлийн жилд Швецарын хамтын  нийгэмлэгийн тэтгэлгийн “Дотуур байр”-ын орчныг сайжруулах төсөл амжилттай хэрэгжиж дотуур байрын ор, тавилга, зөөлөн эдлэл, барилгыг засварлаж орчныг сайжруулах талаар  мэдэгдэхүйц ажлыг хийсэн үр дүнтэй ажил болсон.

                              АЛДАРХААН СУМЫН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗАРУУД                                                                                                                ОЧИРВААНЬ ХАЙРХАН

8-р богд Жавзандамба хутагтын зарлигласнаар Отгонтэнгэр уулыг Халхын бишрэлт Түшээ гүн цолоор өргөмжилсөн түүхтэй.Цолоор шагнагдсан уул дэлхийд өөр байдаггүй.

ДАЯН УУЛ

Отгонтэнгэр хайрхантай хаяа дэрлэн “Даян-Уул” оршино.Хойноосоо урагш сунан тогтсон ногоон модон хормойтой, хөх усан эмжээртэй урд, хойд  “Даян уул” дүнхийнэ.Даян уулын ургамал, жимс, өвс ногоонд гар хүрэхийг хатуу хориглоно.Уул өөд өгсөх тусам мод нь намхан болж хөх асгууд хөндөлдөн явахад бэрхтэй болно.Ятуу хөтүү хөл дороос дэрхийн ниснэ.Чухам энд л Сибирийн тошлог, ямаан сэрдэг,хурган засаа, алтан гагнуур, далан хальс, ханлин, балжингарав зэрэг ховор эмийн ургамлууд  олноор ургана.”Даян” уулын оройд Вансэмбэрүү цэцэг ургадаг.Отгонтэнгэрийн баруун гарт нь урд, хойд даян хэмээх сүрлэг уул бий.Очирваань бурханд мөргөх хүмүүс голдуу энэ уулан дээр гардаг учиртай.Эндээс дөрвөн зүг найман зовхис алган дээр харагдана.Тэгээд Монголчууд эртнээс нааш”Даян дээрээс дэлхий харагдана” гэж цэцэлсээр иржээ.мөн энд Хөх, Цагаан нуурын босго долгисоо шидлэн атиралдана.Даян уулын хад асгатай өндөр хярыг мацсаар оройд нь гарахад засаад тавьсан идээ мэт аварга том цохио дүнхийж хадаг яндар болсон овоо түүний цаанаас Отгонтэнгэр хайрханы зулай харагдана.Энэ овоо бол “Даян уулын овоо” юм.Эндээс өмнө зүгт хойд ”Даян” уулын овоо, сүрлэг цонж цохио харагдана.Овоон даар гарч Очирваань хайрханаа харсан хүний хийморь сэргэж, тэр жилдээ ажирдаггүй гэнэм.Овооны баруун талд дугуйран тогтсон аварга том  хадан  цохио  бий.Далайн түвшнээс дээш 2908 метр өндөрт өргөгдсөн энэ цохионы зүүн тал буюу Отгонтэнгэр уулруу харсан тэгш дугуй талбайд уулын нам дор, ой модны чөлөө, намгархаг газарт ургадаг жамъянмядаг, алаг цэцэгт башир үхэр дэгдээс эхлээд өндөр уулын бүсээр ургадаг бүх цэцэг ургамал алгалан байна. Эндээс Отгонтэнгэр орчмын нуурууд өрсөн тахилын цөгц мэт мэлмэрч баруун хойд биед”Хатан бээлийн даваа” ханхайна.

Тус сумын Богдын гол багийн нутаг  эх  уулын ар суга дахь эх богдын голын эхэнд хүүхдийн Даян зуслангаас  зүүн урд зүгт  5-6 км-т оршдог цэнгэг устай нуурыг нарт нуур гэдэг.Зуны усанд алс холоос усны шувууд ирж цуглан гангар, гунгар дугарч үр төл дэгдээхэйгээ бойжуулаад өмний дулаан орныг зоридог аяны шувуудын хорогддог нуурын нэг билээ.Тус нуур Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын бүсэд  байдаг байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлал хөгжих тохиромжтой газар юм.

АР БАДАРХУНДАГА

Тус сумын богдын нол багийн нутаг  Отгонтэнгэр уулын ар биенээ, алдарт “Хатан бээлийн даваа”-ны дээд эхэнд “Ар тахилгат”  буюу  “Ар бадархундага”  нуур оршино. Эртний мөсөн голын ул мөр, өндөр нуруудын хунханд тогтсон Нуураас гадагш эх авч урссан жижиг горхиуд олон.”Ар хундага”  нуурыг Отгонтэнгэр уулын усны ариун догшин эх булаг гэж үздэг.Тэнд Намжил омбо залж тахисан түүхтэй.Ар бадархундага  нуурын усыг мөнхийн ус гэж магнайдаа хүргэн адисладаг.Нуурын ус тунгалга ногоон биетэй салхин талаас арц, цасны үнэр ариун оны сэрүүн салхи сэнгэнэнэ.Энэтхэгийн ганга мөрөнтэй газрын доогуур холбоотой хүй нэгтэй рашаан хэмээн сударт тэмдэглэжээ.Намар орой Бадархундага нуураас цэнхэр адуу гарч ирэн янцгаадаг тухай нутгийн иргэд домог мэт зүйлийг ярьдаг.Ар Бадархундага нуур нь Отгонтэнгэрийн дархан цаазат газрын бүсэд багтдаг.

ЗҮРХЭН ЧУЛУУ

Тус сумын Богдын гол багийн нутаг Даян уулын оройн дэвсгэр хэсэгт үхэр чулууны дунд  нэгэн том хадан дээр зүрх хэлбэрийн хонхорхой үүсч ус тогтсоныг нутгийн иргэд зүрхэн чулуу хэмээн нэрлэдэг.Ус нь цэвэр тунгалаг ариун учир очсон хүн бүхэн эрүүл энхийг бэлэгдэн амсах нь олонтой. Зүрхэн хонхорын  дээхэн талд очир алмазан дүрстэй шигтгээн жижиг чулуу тогтсон нь     уран дархны гараар бүтсэн гэлтэй харагддаг.Зүрхэн чулуу нь  дархан цаазат газрын бүсэд багтдаг.

ОТГОНЫ БОРГИО

Тус сумын Богдын гол багийн нутагт орших Отгонтэнгэрийн уулын хойт биенээ өндөр хясаанаас цовхрон буух нарийн цутгаланг нутгийн иргэд Отгоны цагаан боргио гэж нэрлэдэг.Цагаан боргионы доор нь хүн зогсоход ус дээгүүр нь дүүлэн доош буусаар байх нь гайхамшигтай.Энэ уснаас согтуу хүн нэг аягыг уухад эрүүл болдог.Боргио нь Отгонтэнгэрийн дархан цаазат бүсэд оршдог.

ОТГОНТЭНГЭРИЙН РАШААН

Түүхэн эх сурвалжуудаас үзэхэд Vlll зууны үеэс  Отгонтэнгэрийн  халуун рашааныг ашиглаж, 1585 оноос Богд очирвааний мөнхийн ус хэмээн нэрлэгдэж Монголчуудад анагаах чанараараа алдаршин ашиглагдсаар иржээ.1912 оноос нутгийн алдартай оточ маарамбууд эмчилгээнд хэрэглэх журам, жорыг тогтоон рашаануудад нэр өгч байсан гэдэг.Рашаан голын хөвөөнд 8-9 км урт 2км өргөн хөндийд асга хад, нуранга бүхий өндөр гүвээ, мөргөцөг дагуу 7 үндсэн хэсэгт         тархалттай 300 гаруй булагаас тогтох ба булгууд ундаргаасаа 15-20 метрийн зайд урсан хөрсөнд шурган ордог.Дунд зэргийн нөөцтэй секунд тутамд  бүх  булгийн нийлбэр 6-7 литр урсдаг.Нийт 48 булагт температур,ундаргын хэмжилт, гидрохимийн болон химийн иж бүрэн шинжилгээ хийгдэж шинжилгээг үндэслэн эмчилгээнд хэрэглэж байна.Рашаан нь хийн бүтэцээрээ азот -85-93%-ийг эзлэх азот зонхилсон азотын хий -50-60%, хүхэрт ус төрөгч -8,5-31,8% тус тус эзэлдэг.Рашааны гол онцлог нь температур цахиурын хүчил, фторын элементээс гадна  , цайр, зэс зэрэг бичил махбод литр дутамд 0,008-0,14 мг хэмжээнд агуулагддагт оршино.Рашаан булгуудын ихэнхэд цацраг идэвхитэй чанар,радон ялимгүй хэмжээгээр илэрнэ.Рашааны найрлагад хүхэрлэг хар шавар зэрэг нь эмчилгээний үр  дүн өндөр байхад нөлөөлдөг.

ТЭХИЙН ЗОГСООЛ

Тус сумын Богдын гол багийн   орших Дорно дахины нэрт яруу найрагч Б.Явуухулангийн эцгийн өвөлжөө Хүүш хэмээх газрын

Онгод хийморь болсон энэхүү өндөрт тогтож ядан байгаа бөөрөнхий чулууг яруу найрагч хүү Тэхийн зогсоол гэж үзэлэн шүлэглэн бичсэн нь Завхан нутагт төдийгүй Монгол орон даяар бичиг үсэг гадарлах хэн бүхний цээжинд байдаг билээ.

УСТАЙ ЧУЛУУ

Тус сумын Алдар багийн нутагт Ханын худгийн дээд эхэнд том, том үхэр чулуунуудаас зайдуухан нэгэн үхэр чулуу байдаг.Түүний баруун дээд талд зориуд өрөмдөөд ухсан юм шиг хүний гар орох зайтай бөөрөнхий нүхтэй, нүхэн дотроо устай.Ус дээр харагдаж байвал зун, намар, өвөлдөө өнтэй тарган.Ус бага байвал зуд турхан болох нь гэж нутгийнхан шинждэг.Энэ байгалийн ховор тогтоцыг нэг үгээр зүйрлэн хэлбэл Байгалийн “Брометр” ажээ.

СЭНЖИТ  ХАД

Тус сумын Алдар багийн нутаг Уушгийн худаг дахь Гялгарын өвөлжөөний зүүн оройд орших  хэн нэгэн хүчтэн өргөж авчраад тавьчихсан юм шиг, өнхөрч ирээд тогтсон ч юм шиг байгалийн сонин тогтоц бүхий хадыг нутгийн иргэд Сэнжит хадны доогуур морьтой хүн явахад хүний толгой хүрэхээргүй өндөр.Хадны хэлбэрийг ажиглавал Ембүү маягийн хэлбэртэй ёстой л байналь ээжийн урлан юм.

УЛААН ХААЛГАНЫ РАШААН СУВИЛАЛ

Тус сумын Чигэстэй багийни нутаг Хаалгын амралт нь 1987 онд байгуулагдсан.Аймгийн төвөөс зүүн хойшоо 50 кмт далайн түвшинээс дээш 2100м өндөрт ой мод уул нуруудын хооронд ширүүн урсгалтай голтой.120 гаруй ундрагатай рашаан байдаг бөгөөд эдгээрийн 20 гаруйг нь судалж түүн дээр түшиглэн рашаантай эмчилгээний зориулалт үе мөч , сав, доторын өвчинд тустай.Мөн бариа засал, зүү төөнүүр, хануурын эмчилгээ хийдэг.

Чигэстэйн гол

Арслан төрхтэй уул

Нүхэт цохио

Монгол улсын газрын зурагтай хад

Чингисийн зурагтай хад

Рашаантын ус

 Бүрд

Монголын элс

Тахилтын найман нуур

Бага дэнхэн

 

Доной хөндий

Алагийн дөрөлж

Манай суманд аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдсэн үнэхээрийн хосгүй үзэсгэлэнт, ховорхон тохиох нутаг, нуга элбэг билээ.Оргилд нь авирч алсын алсад  нүд бэлчээн сэтгэл баясах өндөр уулс, байц сарьдагууд, тэнхээт хурдан морьдын шандас юуг сорих уудам тал хөндийнүүд, алтан шаргал элсэн дээр нь нарлаж хэвтэн наадан тоглох , торгон элсэн манханууд, аврал энэрэл хүсэж уужуу тайвнаар хүртэн зооглох рашаан, уснууд, амтархан идэж таашаах жимс, жимсгэнэ, ховор нандин ургамлууд, сүслэн биширч мөргөн залбирах овоо тахилга, түүх дурсгалт газрууд, хийморь лундаагаа сэргээж нүд хужирлан сэтгэл баясгах олон төрлийн ан амьтад жигүүртэн шувуудтай, хангай говь хосолсон өргөн уудам нутагтай билээ.

ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ЗҮЙЛС

ТҮРЭГИЙН ДӨРВӨН ХҮНИЙ ХӨШӨӨ

Тус сумын  Богдын гол багийн нутагт  Мөнгөн хясаа хэмээх өндөр цохионы ойролцоо орших 4-н хүний дүрстэй 2 метр өндөртэй уг хөшөө Vl-Vll зууны түргийн үед хамаарах өргөн хэсэгтэй 70см 4 хүний сонирхолтой дүрс бүхий Евро азийн хэмжээнд цорын ганц үнэ цэнэтэйд  тооцогдох чулуу хөшөө бий.Түрэг  хөшөө   монголоос үүсэлтэй төдийгүй зан заншил, уламжлал төстэй байдгийг илчлэх нэгэн түүхэн баримт юм.Энэ чулуун хөшөөг Түрэгийн 4 хөшөө гэж нэрлэж ирсэн бөгөөд соёлын өвөөр улсын хамгаалалтанд аваад байгаа билээ.

ХӨШӨӨТИЙН АМНЫ ХӨШӨӨ ЧУЛУУНУУД

Тус сумын Алдар багийн нутаг хөшөөт гэдэг газарт түүхийн олдворууд болон хүн чулуун хөшөө дурсгалууд олон байдаг.Хэдий үед хэнд юунд зориулсан юм бэ гэдгийг мэдэх хүн энэ нутагт үгүй. Зүүн талдаа сэлэм зүүсэн мөрдөс бүхий бүстэй хүн чулуун хөшөөг нутгийхан генерал хөшөө гэж нэрлэдэг.Хөшааний доор нь 2-3 метрийн өндөр чулуун багана байдаг.Хөшөөтийн аманд ундарга сайтай булгууд байдаг тул нутгийн иргэд хаваржиж, намаржихад нэн тохиромжтой газар.Сумын хилийн цэсийн  хойд цэг.

БИЧИГТ ХАД

Тус сумын Алдар багийн нутагт орших Тоглоотын дөрөлжийг даван аймаг орох замын баруун урд талын хадархаг эгц гялмаан цохиог нутгийн иргэд Бичигт хад гэж нэрлэдэг.Бичигт хадны энгэрт хавтгай чулуунууд дээр төвд, уйгаржин, монгол, мангад үсгээр цохиж сийлсэн бичигнүүд байдаг.Нэг яруу найрагч

“Бичигтэй болоод л бичсэн бичигт хад

 Билэгт өвгөдийн үлдээсэн чулуун шастир” гэж шүлэглэжээ.

ТҮРЭГИЙН ХӨШӨӨ

Тус сумын Аргалант багийн нутагт орших цэрэг эр ба баатарын зураг бүхий  Боржин цагаан чулуун дээр сийлсэн Түрэгийн үеийн хөшөө байдаг.Анх Хөх толгонй арын нэгэн толгой дээр байсныг тус сумын тракторын жолооч Түмэн-Өлзий зах зээлийн нийгмээс өмнө захиргаадлын үе нэгдэл, бригад гэж байхад тус багийн эмчилгээ тэжээлийн цэгийн хашааны ард чирч авчирч орхисон гэдэг.