Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Отгон танилцуулга

Отгон сумын танилцуулга                                                                   

            1924 онд Сайн ноён хан аймгийн Хошуу   мэргэн бэйсийн хошууны Буянт, Наран, Баянзүрхийн  хошуу тамгаас үүсэн байгуулагдаж 1930 онд “Отгон” гэж нэрлэгдсэн байна.

Отгон сум нь хангайн нурууны ноён оргил мөнх цаст төрийн тахилгат Отгонтэнгэр уулын өвөрт оршдог өөрийн аймгийн Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Баянхонгор аймгийн Баянбулаг, Говь-Алтай аймгийн Гуулин , Дэлгэр, тайшир сумтай хил залгах ба Завхан аймгийн ууган сумуудын нэг бөгөөд хамгийн урд чиглэлд оршдог,      Улаанбаатар хотоос 980 км, аймгийн төв Улиастайгаас 128 км зайтай оршдог. Нутаг дэвсгэрийн нийт хэмжээ 660 мянган га хавтгай дөрвөлжин нутагтай байгалийн эрс тэс уур амьсгалтай өвлийн улиралд 42-50 градус хүртэл хүйтэрдэг сумын төв нь далайн түвшинээс 2200 метрийн өндөрт өргөгдсөн газар нутагт байрладаг.

          Улсын бага хурлаар 1931 оны зарлигаар засаг захиргааны хил зохион байгуулалт тогтооход тус сумыг Буянт голын хөвөө дагуулан уртаашаа Хөхөөгийн даваанаас талын их өвөлжөө хүртэл, өргөнөөрөө Дамар чулууны нуруунаас Хар хүнхийн нуруу хүртэл 700-аад мянган га өргөн уудам нутгийн хамруулан 10 багтай байгуулагджээ. Энэ бүтцээрээ 1956 он хүртэл ажиллаж байгаад 1956 оноос эхлэн сум нэгдлийн даргатай хавсран гүйцэтгэж АДХГЗахиргаа нэртэйгээр 1990 он хүртэл ажилласан байна.

         1990 оноос сумын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга, орлогч дарга, бусад орон тоотой үйл ажиллагааг явуулж байгаад 1992 оноос шинэ Үндсэн Хууль эхлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумын ЗДТГ болж зохион байгуулагдан төр, захиргааны чиг үүргийг гүйцэтгэж байна.

        Одоо тус Отгон сум нь Засаг захиргааны 6 багтай. 9-н жилийн сургууль, Тамгын газар, Хүн эмнэлэг, Цаг уур, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв зэрэг төсвийн албан байгууллага, ХААН банк, Хадгаламж банк болон Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын салбар, Ногоон алт зэрэг төслийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Сумын 9-н жилийн сургууль нь 388 гаруй хүүхэд суралцаж байгаа. Сургуулийн захирлаар Д.Цэнд-Аюуш ажиллаж сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Сургуулийн дотуур байранд 60-аад малчдын хүүхэд тохилог дулаан орчинд сурч байна.

Одоогоор нийт 2860 хүн амтай. 781 өрхтэй.  134800 толгой малтай.

Хүн амын эдийн засгийн гол үндэс нь мал аж ахуй бөгөөд газар тариаланг бага зэрэг эрхэлж байна.

Энэ нутгийн гол онцлого зүйл хангай нурууны ноён оргил дархан цаазтай Отгонтэнгэр уул, алдарт Завхан гол эндээс эх авдаг. Нутгийн хүн ам нь халх, бусад ястан цөөн тооны төлөөлөлтэй. Байгалийн үзэсгэлэнт дархан цаазат төрийн тахилгатай Отгонтэнгэр уулын өвөрт оршдог. Байгалийн өвөрмөц сонин тогтоц, үзэсгэлэнтэй сайхан газрууд, эмийн ургамал, ан гөрөө, эх газрын төрмөл баялагаар нэн алдартай. Тухайлбал:

 Хөрсөн доороос буриглан гарах алтан элс, Отгонтэнгэр уулын хойд биед өндөр хясаанаас цовхрон буух цагаан боргио, Баянбулаг багийн нутаг дахь10 метрийн гүнтэй хадан агуй, Буянт голын хөндий дэх мөстлийн гаралтай 1.2 км урт, 0.4км өргөнтэй Холбоо нуур, Буянт голын ай савд багтдаг 1.6 км урт 0.5 км-ийн өргөн Цахлайт нуур, Буянт голын хойд хэсэгт орших Сэнжит байт хад,  Буянт голын урьд эхэн дэх цалин цагаан асга, буянт голын ай савд багтах 0.8 км талбай, 1.4 км урт Дуут нуур, Гялгарын хясааны гутал, морь, нохойны мөртэй хад, зэрэг байгалийн гайхамшигаар алдартай.

Дуут, Бадархундага, Холбоо, Цахлайт, Хаяа, Заваг зэрэг 40 шахам нуураас эх авсан Буянт гол мөн Шар ус, Чулуут, Бумбат, Хужирт, Хангал, Жаргалант зэрэг 20 орчим голуудтай, Отгонтэнгэрийн арц, вансэмбэрүү, ванжингарав, дэгд, юмдүүжин, алтангагнуур, ажигцэрэн зэрэг төрөл бүрийн ховор эмийн ургамалтай, хад тошлой, үхэр нүд, зэрлэг сонгино, мөөг, гишүүнэ зэрэг олон төрлийн амтат жимс жимсгэнэтэй.

Балжир чулуу, шоо чулуу, өнгө өнгийн шороон будаг, алтан элс, шохойн чулуу, болор зэрэг үнэт чулуугаар өгөөж баян бөгөөд төрөл бүрийн өвчнийг  анагаах чадалтай рашаануудтай.

Буга, аргаль, янгир,ирвэс, шилүүс, хүдэр, тарвага, үнэг, чоно, хярс, мануул мэт төрөл бүрийн ан амьтдаар нутаг усаа чимж усанд нь хун, галуу, хулан жороо элдэв төрлийн загас шумбасан, тас, бүргэд, ёл, хойлог  зэрэг олон  ховор  ан амьтадтай нутаг юм. Монгол түмний сүр сүжгийн дээд Отгонтэнгэрийн орчимд байдаг ховор ан амьдтыг нутгийн ард иргэд үргээж цочоодоггүй учиртай гэдэг.

Тус Отгон суманд түүхийн дурсгалт хөшөө, чулуун булш, хиргисүүр байдаг.  Хүрэл ба төмөр зэвсгийн үед холбогдох хоёр буган хөшөө тус сумын төвийн баруун хойд хэсэгт оршдог ба сумын төвөөс дээш 25 орчим км зайд Нарангийн аманд нэг буган хөшөө байдаг.

Баянбулаг багийн нутагт “Хөшөөтийн хөшөө” гэж нэрлэгдэх буган чулуун хөшөө байдаг. Чулуун булш болон хиргисүүр хаа сайгүй элбэг тааралддаг

Түүхийн хуудас:    Отгон сумын түүх

       1931 онд Завхан аймгийн Отгон сум нэртэйгээр тэр үеийн Хантайшир уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуунаас тасран байгуулагдсан. Энэхүү Отгонхайрхан уулын хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын умар замын дундад дахь зүүн этгээдийн хошуу, 1911-1923 оны үед Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошуу, 1923-1929 оны хооронд Цэцэрлэг мандал уулын аймгийн Отгон хайрхан уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байгаад 1929 онд Хантайшир уулын аймагт шилжин ирсэн Хошууч мэргэн засгийн хошуу юм. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууны Отгон, Буянт сумдыг нэгтгэн Хужиртын аманд төвлөрүүлэн 10 баг, 450 км нутаг, хоршооны салбар нэгтэйгээр байгуулсан бөгөөд сумын даргаар Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн даргаар Чойжилсүрэн ажиллаж байжээ.

Отгон сум нь 18-р зууны үед халх дөрвөн аймаг, шавь 7-н хошууны үед засаг захиргааны ямар зохион байгуулалттай байсан нь тодорхойгүй боловч настай хүмүүсийн ярьснаар нутгийн уугуул иргэд орон нутгаа орхиод одоогийн Архангай аймгийн Чулуут, Баянхонгор аймгийн Байдраг зэрэг сумын нутагт очин суурьшиж, орон нутагт ядуугийн улмаас болон томоохон лам буюу ноёдын шарилын сахиулаар хангай нутагт өндөр Жамба, говьд Шижээ гэлэн хоёрхон айл үлдэж нутаг эзгүйрэхэд Хан Хөхий нутгаас /одоогийн Увс аймаг/ Цэцэн Сартуул ноён буюу Гомбожав мэргэн туслагч албатын хамт нүүн ирж суурьшснаар сайн ноён хан аймгийн хошууч бэйсийн хошууны эхлэл буй болж нутаг усны хуваарилалт хийхээр аймгийн чуулган болж жасаа тамгын газрын ноёд цугларан олон хэсэг чуулж бүгд л Очирваань уулаа булаацалдаад марган байх үед Гомбожав мэргэн туслагч гэнэт чуулгаа хаян олон хоног  чуулганд суулгүй гадуур явж байснаа нэгэн өдөр ноёдын чуулгандаа морилон ирж оролцсон нь нутгийн хил зааг тогтоох ,уул ус хад,чулуу зэргийг олон хоног бодож боловсруулснаа айлтган: Эрхэм ноёд түшмэд та бүхэн бурхан болсон Очирваань уулаа булаацалдан чуулган удах төлөвтэй боллоо. Би хүлээж чадашгүй нь ээ надад та бүхэн тулгын дөрвөн чулуу хэлбэрийн жаахан газар нутаг өгчих дөө. Голдоо ганц өнчин цагаан толгойтой юм гэснээр ноёдууд Гомбожав мэргэн туслагчийг говьд газар нутаг авлаа хэмээн ойлгож авах нутгийг нь зөвшөөрч дөрвөлжин газрын дөрвөн өнцөг болсон газрын нэрийг сонсъё гэхэд “Онх” ,” Отой” , “Борх” ,” Ширээ” хэмээн айлтгасныг чуулган баталснаар нутгаа авахад  Отгонтэнгэр уул нь голын ганц өнчин цагаан толгой байснаар хошууныхаа нутгийг эзлэж байсан гэдэг домогтой. Харин Мээм толгойг Далай вангийн хошуунд нутагт алдсандаа гашуудаж Далай вангийн хошууныхан үнээ бүрээс гүзээ зөөхий авч байх боловоо гэж хэлж байсан домог яриа байдаг. Мөн ингээд газар нутгаа хэмжиж авахаар болоход ноёд түшмэлүүд түрүүнд нь дийлдсэндээ шазуурхан эгдүүцэж Гомбожав мэргэн туслагчаас ийн асуув.

-За чи Хөхөөгийн даваанаас Буянт голыг уруудаж аль хүртэл газар нутаг авах вэ гэхэд Гомбожав мэргэн туслагч: -Ноёд минь би Хөхөөгийн даваанаас даага унасан хүүхэд дагуулж Буянт голыг уруудаад хаана даага эцнэ тэр хүртэл авья гэсэн гэдэг. Тэгээд хавар эрт сургаж цагаашруулсан хусран даагыг хүүхдэд унуулан эхийг нь хөтлөн давхилгүй, гэлдрэлгүй шогшуулаад байсан юм гэнэ билээ. Харин үдэлж унд хоол болоход даагаа эхэд нь хөхүүлээд өвс идүүлэлгүй явсаар Цагаан тохой хэмээх газар очиход нь даага эцэх шинжгүй байсан учир ноёд түшмэл нар цааш явхыг зогсоосноор анхны хошуу нутгийн хил зааг тогтоогдсон домог байдаг юм. Энэ үед нь анхны хошуу ноёноор цэцэн Сартуул ноён сууж Гомбожав туслагчаар нь сууж байжээ. Лам ноёноор сууж байгаад Лам ноёныг таалал төгсөхөд лам хүн авгай хүүхэдгүй байсан тул Лам ноёны зээ Цанжид тайжийн хүү Дашзэвэг хошуу ноён сууж байсан байна.

1910-аад оны үеэс хошуу сумын зохион байгуулалтанд орж төв суурингүйгээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ үед Тайж нар баг, Шүтээн баг, Авга бүлэг баг, Их зүүн баг гэсэн дөрвөн багаар зохион байгуулагдан захирагч харъяат тайж нар нь Тогтохмэнд, Түдэв, Жамъяансүрэн, Гэмбэл нар захиран зохион байгуулж байсан байна. 1922 оноос тайж нар улс төрийн эсэргүү хэрэгтэн гэгдэж Жамъянсүрэн, Гэмбэл тайжууд улс төрийн хэрэгт баривчлагдан цаазлагдаж , харъяат багууд захирагчгүй болж Засаг захиргааны шинэ зохион байгуулалтнд орж Буянт сум, Наран сум гэсэн 2 сумаар зохион байгуулагдаж Ламжав зайсан , Пүрэвжал занги нар захирч байжээ.  

Завхан аймгийн Отгон сум 1979 онд зуун хээлтэгч тутмаас хамгийн олон төл бойжуулсан нэгдэлээр улсад шалгаран таван хошуу малын мөнгөн дүрс, хүндэт диплом, туг, газ-53 машинаар, 1980 онд мөн зуун хээлтэгч тутмаас хамгийн олон төл бойжуулсан нэгдэлээр улсад шалгаран таван хошуу малын мөнгөн дүрс, хүндэт диплом, туг, газ-53 машинаар хоёр дахь удаагаа шагнуулсан бол, 1981 онд ардын хувьсгалын 60-н жилийн ойгоор тус сумын малчид,хөдөлмөрчдийн  ажлын үр дүнг төр засаг үнэлэн  төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Тус суманд амьдарч ирсэн үе үеийн хөдөлмөрч иргэдээс цухас дурьвал: Эдний хамгийн анхых нь нутаг усандаа баян Халзан хэмээн алдаршсан Жамсрангийн Халзан гуай анх удаа малаа 1000 толгойд хүргэж 1946 онд Улсын сайн малчдын анхдугаар зөвлөгөөнд оролцож 1000-н малтан гэсэн бичээстэй эрээн цоохор асар майхан , мөнгөн бүслүүртэй агар хувин, цул мөнгөн хуц, таван хошуу малын дүрс бүхий цул мөнгөн чимэг маршал Чойбалсангийн үнэмлэх бичгээр шагнуулж байжээ.

Оргил нэгдлийн оршин тогтнох 30 гаруй жилийн хугацаанд хөдөлмөр бүтээн байгуулалтын их амжилт олсон байдаг. Энэ үед тус сум нэгдэл БНМАУ-ын хөдөлмөрийн баатар 2-ыг, Улсын аварга малчин 10, аварга мэргэжилтэн 2, аймгийн аварга малчин 26, аварга мэргэжилтэн 2, сумын аварга малчин 40 гаруйтай байсан. Мал аж ахуйн 5 туслах үйлдвэрийн1, үржлийн ферм нэгтэй 86456 толгой малтай авто машин 32, трактор хөдөө аж ахуй машин техник 20, үндсэн хөрөнгө 5 сая гаруй төгрөг гэх мэт байсан байна. Сум нэгдлийн туслах үйлдвэрлэл мужаан, талх нарийн боов чихэр, ээрмэл, нэхмэл, арьс шир зэрэг цехүүд ажилладаг. Малын тэжээлийг усалгаатай талбайд тариалдаг мөн Буянт багийн төвд сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр ажиллаж жилд 10-15тн цөцгийн тос бэлтгэн нийлүүлдэг байсан. Тус сум нэгдэл 1977 оноос хөдөлмөр бүтээл ажил үйлсээрээ улс аймагтаа удаа дараа шалгарч 1979, 1980 онд улсын хэмжээнд хамгийн олон        төл бойжуулж, 2 жил дараалан төв дөрвөн байгууллагын Диплом, Мөнгөн цом, “Газ-53” авто машинаар 2 удаа шагнуулж төлийн баяр хийжээ.

Улс аймгаас зарласан уралдаанд 20 гаруй удаа шалгарч сумын иргэд хөдөлмөрчид хамт олны гаргасан хөдөлмөрийн амжилтыг Төр засаг өндрөөр үнэлж 1981 онд Отгон сум төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Энэ хугацаанд сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Сандаг овогтой Адъшаажав нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар болсон юм.

Засаг захиргааны бүтэц:

        Одоо тус Отгон сум нь Засаг захиргааны 6 багтай. Буянт, Баянбулаг, Онц, Соёл, Бадрал, Хужирт гэсэн 6 баг байдаг. Хөдөөний багаас 2 баг нь суурин төвтэй. Багийн Засаг даргаар А. Өлзий, Х.Амгаланбаатар, Ш.Чордогнамжил, Д.Бямбаноров, С.Цэрэнбат, Д. Ганбаатар нар ажиллаж байна.

Буянт багийн Засаг даргаар А.Өлзий, багийн ИНХ-ын даргаар Д.Нямдорж нар сонгогдон ажиллаж байна.

Алдартнууд:

Отгон сумаас төрсөн эрдэмтэн мэргэд, хөдөлмөрийн алдартнууд:

Хошууч генерал Сүхийн Гүржав

Шижлэх ухааны доктор Шарын Бямбаа, Бүдсүрэнгийн Түмэн

МУИС-ийн багш Ж.Буянхишиг, Ч. Намнан, Ё. Жанчив

Хөдөлмөрийн баатар С.Адъшаажав, Ч. Нацагдорж

Гавьяат усжуулагч Зэвгийн Цэрэнжав

Аж үйлдвэрийн гавьяат ажилчин Доржийн Батчулуун

Гавьяат дасгалжуулагч Бандийн Гэлэг

Гавьяат барилгачин Жамъянгийн Шагдар

Эдийн засгийн ухааны доктор Нягуурын Авгаан

ХАА-н ШУ-ны доктор Сандагдоржийн Жамъянсүрэн, Аюурзана Авирмэд

Завхан аймгийн Отгон сумаас төрөн гарсан

 “Хөдөлмөрийн баатар”-ууд

  1. Ч. Нацагдорж – Хөдөлмөрийн баатар хоньчин
  2. С. Адъшаажав- Хөдөлмөрийн баатар сум нэгдлийн дарга
  3. Н. Чойжилжав – сумын Засаг дарга
  4. Н. Гаравсүрэн – Нийслэлийн цагдаагийн газрын дарга
  5. Д. Рэнцэннацаг – Дивизийн командлагч

                                      Гавъяатууд

  1. Зэвэгийн Цэрэнжав \ гавъяат усжуулагч\1967он\
  2. Доржийн Батчулуун –Аж үйлдвэрийн гавъяат ажилтан \ 1999 он\
  3. Бандийн Гэлэг – Спортын гавъяат дасгалжуулагч \1995 он\
  4. Жамъянгийн Шагдар – Гавъяат барилгачин \1995 он\
  5. Нарангийн Сосор – Гавъяат багш \2002 он\

Чүлтэмийн Нацагдорж

Ч. Нацагдорж нь 1916 онд одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт төрөөд Отгон суманд нагац ах Чүлтэмийндээ үрчлэгдэн өссөн бөгөөд 13 настайдаа Цагаанхайрхан сумын шинэ бичиг үсгийн дугуйланд сууж монгол шинэ бичиг үсэг сурч Шилүүстэй суманд мал маллаж байжээ.

1936 онд цэргийн албанд татагдан штабын бичээч хийж байсан. 1939 онд цэргээс халагдан мал маллаж 1940 онд Отгон сумын бага сургуульд анхны захирлаар томилогдон ажиллаж байсан. 1945-1947 онд Сонгино, Сантмаргац, Шилүүстэй, Цагаанчулуут, Отгон суманд НАХЯ-ны хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байлаа. 1953 оноос Отгон сумын өртөө улаачдын ахлагчаар ажиллаж байгаад 1956 онд “Оргил” нэгдлийг санаачилсан долоон гишүүний нэг юм.

1959 онд 500 эм хонь авчмаллаж 10 гаруй жил 500-700 эм хонь маллаж 1 түм гаруй мал нийгэмдээ өсгөж өгчээ. Түүний арвин их туршлага хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж 1968 онд “Хөдөлмөрийн баатар” цол хүртээжээ.

Ч. Нацагдорж нь 1947 онд НАХЯ-ны хүндэт Чекист, 1967 онд “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавъяаныулаан тугийн одон, 1968 онд Хөдөлмөрийн баатарын улаан таван хошуу, Сүхбаатарын одонгоор шагнагджээ.

Ч. Нацагдорж нь АИХ-ын депутатаар гурван удаа сонгогдож байжээ. 1976 оноос тус суманд зөвлөх малчинааражиллаж байгаад 1985 онд нас барсан.

Шарын Бямбаа

1947 онд Отгон сумын 2-р багийн нутаг гялгарын “Дээд цагаан хад” гэдэг газар малчин ард Шарын 5-р хүү болон төрсөн. 8 нас хүртэл эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1955-1959 онд Отгон сум бага сургууль 1959-1965 онд нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургуулийг алтан медальтай төгсөн 1965-1971 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн ар талд Тээврийн академид суралцан автомашины инженер мэргэжлээр төгссөн.

1971-1974 онд Хилийн цэргийн автожолоочийн сургуульд багш, хилийн цэргийн удирдах газрын авто тээврийн албанд инженерээр ажилласан. 1974-1981 онд ШУА-ийн физиктехникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1981 оноос ЦНДС-ийн авто инженерийн тэнхимд ахлах багшаар ажилласан.

1983-1986 онд ЗХУ-ын Ленинград хотын цэргийн ар талд тээврийн академийн аспирантурт суралцаж 1986 онд техникийн ухааны дэд докторын зэргийг “Автомашины нөөц явалтын спектр судлалын аргаар тодотгож тохируулах аргачлал боловсруулах” сэдвээр хамгаалсан.

1986-1990 онд ЦИС-ийн авто инженерийн тэнхмийн эрхлэгч хийж байгаад 1990 оны 12-р сараас ОХУ-ын Санктпетербург хотын цэргийн ар тал тээврийн академийн докторантурт суралцаж 1995 оны 06 сарын 26-нд “Автомашины найдвартай ажиллагааны шинжлэх ухааны үндэс” сэдвээр техникийн ухааны докторын зэргийг хамгаалсан. 1995 онд зэвсэгт хүчний хурандаа, 1996 онд дэд профессор, 1998 онд профессор цол хүртсэн.

Монгол улсын инженерийн ухааны үндэсний академийн жинхэнэ гишүүн, ШУА-ийн техник технологийн бага чуулганы гишүүн, БХЯ-ны шинжлэх ухааны гишүүн, БХИС, Цагдаагийн академийн эрдмийн зөвлөлийн гишүүн, ТИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Одоо ТИС-ийн зөвлөх багшийн албыг хашиж байна.

Нягуурын Агваан

Нягуур овогтой Агваан нь 1949 оны нэгдүгээр сард Отгон сумын Соёл багийн нутаг Огтрого гэдэг газар төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эдийн засгийн ухааны дэд доктор, профессор, Монголын мэргэшсэн нягтлан бодогч юм. 1966 онд дунд сургууль төгсөөд Улаанбаатар хотод Барилгын техникумд суралцаж, тусгай мэргэжлийн дунд боловсрол эзэмшсэний дараа 1970-1972 онд завхан аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газарт барилгын техникчээр хоёр жил ажилласан бөгөөд 1972-1995 онд УБТЗ-ын нийтийн хоолны газруудын санхүү бүртгэлийн үйл ажиллагааг удирдахын зэрэгцээ их сургуульд цагаар багшлах, эрдэм шинжилгээний ажлыг тасралтгүй гүйцэтгэж байсан.

Н.Агваан УБТЗ-ийн нийтийн хоолны газруудын үр дүнгийн үзүүлэлтүүдийг 1952-1991 оны байдлаар судлан 1993 онд “Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд нийтийн хоолны газруудын зардал хямдруулах арга зам” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг амжилттай хамгаалсан.

Н.Агваан 1995 оноос тус сургуульд ажилласан бөгөөд “Шинэчилсэн нягтлан бодох бүртгэл”, “Нөхөрлөл компанийн нягтлан бодох бүртгэл”, “нягтлан бодогч нарт тусламж” болон “Бизнесийн санхүү эдийн засгийн шинжилгээ”, “Санхүүгийн бүртгэл хөтөлж тайлан бэлтгэх арга зүй” , Нягтлан бодох бүртгэлийн дансны харилцааны лавлах, Худалдаа нийтийн хоолны нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн бүртгэл, “Аудит” зэрэг их дээд сургуулийн сурах бичиг, мэргэжлийн ажилтнуудад зориулсан гарын авлага зэргийг бичиж хэвлүүлсэн.

Н.Агвааны эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үнэлж 1996 онд дэд профессор цол олгожээ. Н.Агваан нь мэргэжлийн онолын өргөн мэдлэгтэй, аж ахуйн удирдлагын арвин туршлагатай, боловсрол шинжлэх ухааны бүтээлч үйл ажиллагаатай багш, мэргэжилтэн эрдэмтэн олон зуун шавь нарыг сурган хүмүүжүүлж хэдэн арван сурах бичиг ном зохиол, эрдэм шинжилгээний бие даасан бүтээл зохион туурвиж боловсруулан, нийтийн хүртээл болгож, амьдралд нэвтрүүлэн хэрэгжүүлсэн нь Н.Агвааны уйгагүй хөдөлмөр санаачлага, зүтгэлийн бодит баталгаа юм.

Н.Агваан багшийн санаачилга хөдөлмөрийн үр дүнд тус сургуулийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн тэнхим бие даан байгуулжээ. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор  Нягуурын Агваан худалдаа нийтийн хоолны нягтлан бодох бүртгэл, Нөхөрлөл хоршоо, “Компанийн нягтлан бодох бүртгэл”, “Урлах эрдэм”, “Санхүү бүртгэл”, “Санхүү бүртгэл”, “Санхүүгийн бүртгэлийг хөтөлж тайлан бодох бүртгэл” зэрэг ном, арваад гарын авлага, эрдэм шинжилгээний арав гаруй өгүүлэл, сурталчилгааны хорь гаруй өгүүлэл, ном товхимол бичиж хэвлүүлсэн байна.

Жонон овогт Сандагдоржийн Жамъянсүрэн

С.Жамъянсүрэн Отгон  сумын нутаг Тосонгийн бор үзүүрийн дунд бууцанд 1948 онд Сандагдоржийн ууган хүү болж төрсөн. 1958 онд эх нь нас барж хамгийн бага 3 дүүгээ Доржпалам, Авирмэд, Сүрэнхорол гэдэг гурван айлд үрчлүүлээд 1959 онд Улаанбаатар хотод нагац ах С.Чойжилсүрэнгээ дагаж эрдэм сурахаар ирсэн боловч дунд сургуульд ороход нас хэтэрсэн, баримт бичиг байхгүй учир модны 2-р артельд үртэс зөөгч, гандангийн 22-р сургуулийн уурын зуухны галч, Төрхурах дахь айргийн эмнэлэгт үхэр тэрэгчин зэрэг ажил хийж байгаад 1961 онд бичиг баримт бүрдүүлж Хонхорын сургуульд ороод 11-р сард нас хэтэрсэн гэсэн шалтгаанаар сургуулиас хасагджээ. мөн оны 12-р сард нагац ах Л.Чойёнг дагаж Дорнод аймгийн Чулуунхороотод шилжсэн сумын бага сургуульд орж суралцаад 1965 онд бага сургууль төгсөөд аймгийн Дашбалбар суманд дунд сургуулийн 7-р ангийг 1968 онд онц дүнтэй төгсөж Улаанбаатар хотын Багшийн сургуульд элссэн боловч түүнээ орхиж Геологийн яамны харъяа барилга конторт шавар зуурагч, бетон цутгагчаар ажиллаж, 3-р сургуулийн оройн ангид суралцаж улмаар 10 жилийн 5-р сургуулийн өдрийн ангид шилжин суралцаад 1971 онд онц дүнтэй төгссөн. ХААДС-ийн ойн аж ахуйн инженерийн ангид элссэн байна. Тус сургуулийг 1976 онд төгсөн сургуульдаа үлдэж 1992 он хүртэл багш, тэнхимийн эрхлэгч, деканаар ажиллаж байгаад 1992 оноос зах зээлийн аясыг даган наймаа арилжаанд шилжин “Жонон” ХЭАА байгуулж тэр нь одоогийн “Алтжин групп”-ын суурийг тавьсан байна. 1976-1991 онд ХААИС-д багш, 1991-1999 онд бизнес эрхэлж 1999 онд “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны дэд доктор, дэд профессор “ойн таксац, ойн зохион байгуулалт” сурах бичиг, “БНМАУ-ын ой” ном бичиж хэвлүүлсэн, эрдэм шинжилгээний дөчөөд бүтээл туурвиж, Ардын боловсролын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одон, ойн медалиудаар шагнагдсан. 2000 оны шилдэг менежер “Монгол виски” “АПУ” ундаа зохион бүтээлцсэн байна.

С.Жамъянсүрэн нь 1998-2002 онд “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг нэр хүндтэй гүйцэтгэж Монгол улсын төсөвт жил бүр 7 тэрбум төгрөг төлдөг байсан аж ахуйг 16 тэрбум төгрөг төлдөг болтол өргөжүүлсэн Монгол улсын шилдэг технологич менежер юм. Энэ ажлынхаа үндсэн дээр 2003 онд “САПУ” ХХК-г байгуулан ажиллаж байна. С.Жамъянсүрэн 1992 онд өөрийн судалсан ажлын үр дүнг эмхэтгэн “Зүүн өмнөд хэнтийн шинэсэн ойн зүйлийн бүрэлдэхүүн, үрийн чанар, райончлал” сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны дэд докторын зэрэг хамгаалж нэг сурах бичиг, долоон ном, эрдэм шилжилгээний 40 гаруй өгүүлэл бичиж гадаад дотоодын хэвлэлд нийтлүүлсэн төдийгүй улсын хэмжээнд мөрдөж байгаа гурван стандарт, 9 ашигтай загвар, патент 5, оновчтой санал 12-ыг гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. С.Жамъянсүрэнгийн хөдөлмөр бүтээлийг үнэлж Ардын боловсролын тэргүүний ажилтан, Хүнс хөдөө аж ахуйн тэргүүн, Үйлдвэрлэл худалдааны тэргүүн, ойн байгууллагын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монгол улсын засгийн газрын хүндэт жуух бичиг, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнасан байна.

А.Авирмэд

А.Авирмэд 1957 онд Завхан аймгийн Шилүүстэй сумын Хүрэн цохиот гэдэг газар төрсөн. 7 дүүтэй. 1973-1977 онд шарын голын Усны аж ахуйн техникумыг гидротехникч, 1983-1987 онд ХААДС, 1987-1988 онд Политехникийн дээд сургуулийг ойн аж ахуйн инженерийн мэргэжлээр, 1993 онд ХААИС-ийн магистр, 2003 онд ХААИС-ийн докторонтурыг төгсөж, 2004 онд Монголын шинжлэх ухааны үндэсний академийн гишүүн болсон. Академич, хөдөө аж ахуйн ухааны доктор. А.Авирмэд нь 2000 онд “Зүүн Хэнтийн шинэсэн ойн сэргэн ургалт, ургамлын бүлгэмдлийн хөдлөл зүй” сэдвээр магистр, 2003 онд “Монгол орны Тооройн тархац, түүнийг нөхөн сэргээх боломж” сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан. 1993-2003 онд байгаль орчны чиглэлээр ХБНГУ дахь Олон улсын байгаль хамгаалах Академи, Австралийн Ойн их сургуульд мэргэжил дээшлүүлж, АНУ-д Байгаль орчны удирдлага, зохион байгуулалт, мөн Индонези, Малайз, Филиппин зэрэг улсад ойн менежмент, ойг нөхөн сэргээх, хамгаалах болон тусгай хамгаалалттай газрын менежментийн чиглэлээр сургалт, семинар, хуралд оролцож эрдэм шинжилгээний илтгэлүүд тавьсан байна. 1977-1980 Говь-Алтай аймгийн Гуулингийн Услалтын системийн барилга угсралтын конторт гидротехникч, отрядын дарга, 1980-1983 онд Завхан аймгийн НААУ газарт эдийн засагч, 1988-1990 онд ойн ан судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1990-1991 онд Байгаль орчны хяналтын улсын хороонд мэргэжилтэн, 1991-1992 онд Говийн их дархан газрын дарга, 2000-2002 онд БОЯ-ны байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн, 2002 оны нэгдүгээр сараас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Байгаль, ой, усны нөөцийн газрын орлогч даргаар ажиллаж байсан.

А.Авирмэд ой судлаач төдийгүй говь, цөл судлаачидтай хамтран Монгол орны ховор, нэн ховор амьтдын тархац, нөөц, тэдгээрийг өсгөн үржүүлэх талаар ажиллаж Хавтгайг нутагшуулан үржүүлэх, ирвэсийн байршил, хөдөлгөөн, Мазаалайн идэш тэжээлийн онцлог, Хулан тахийн зэрлэг ан авир, Говийн аргалийн хургыг богийн сүүгээр тэжээж өсгөх боломж, саарал чонын аж ахуй байгуулах боломж зэрэг сэдвээр олон улсын болон өөрийн орны эрдэм шинжилгээний бага хурлуудад илтгэл тавьсан байна. А.Авирмэд 8 шинэ бүтээл оновчтой санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Түүнийг байгаль орчны болон ойн шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж:

- Монгол орны говь хээрийн бүсийг усжуулах, усалгаатай тариаланг хөгжүүлэхэд 1500 га талбай бүхий усалгааны 10 гаруй системийн угсрах ажлыг гүйцэтгэсэн төдийгүй, 1980 оны Усны аж ахуйн шилдэг барилга байгууламж “Бижийн голын услах систем”-ийг бариулсан БНМАУ-ын СнЗ-ийн нэрэмжит шагнал

- МХЗЭ-ийн ТХ-ны Хөдөлмөрийн алдар алтан медаль

- Монгол орны “Улаан ном”-д орсон нэн ховор мод, сөөгийг тарималжуулах, говь цөлийн баянбүрд бүхий ойг нөхөн сэргээх ажилд мэргэжлийн өндөр ур чадвар гаргасан ой судлаач, эрдэмтэн, академич хүн байсан.

- Байгаль орчны болон Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан, Байгаль орчны Хүндэт ажилтан цол тэмдгээр шагнажээ. 

Сандагийн Адьшаажав. Хөдөлмөрийн баатар.

С. Адьшаажав нь 1935 онд Завхан аймгийн Цогт жаргалан суманд төрсөн. Хуулийн дунд сургууль, ХААДС төгссөн, мал зүйч мэргэжилтэй. 1963 оноос аймгийн намын хороонд ажиллаж Цэцэн-Уул, Отгон сум нэгдлийн дарга, Хомын тал дахь Тэжээлийн аж ахуйн даргаар ажиллаж байсан. Цэцэн –Уул, Отгон сум нэгдэлд даргаар ажиллахдаа онцгой гавьяа байгуулж энэ хоёр нэгдлийг тэргүүн нэгдэл болгож Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор 1979 онд шагнагджээ.

С. Адьшаажав нь Монгол улсын Ардын их хурлын депутатаар 3 удаа, МАХН-ын XYIII их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байжээ. С.Адьшаажав нь ажил зохион байгуулах төрөлхийн ур чадвартай, мал зүйчийн мэргэжлийг чадварлаг эзэмшсэн, гарамгай зохион байгуулагч, уйгагүй хөдөлмөрч нэгдлийн дарга байжээ. 

1975-1984 онд Отгон суманд нэгдлийн даргаар ажиллахдаа мал сүргийг материаллаг баазаар хангах, нэгдэлдээ үйлдвэрлэл үйлчилгээний шинэ шинэ салбаруудыг бий болгож, сум нэгдлийн хамт олныг чадварлаг зохион байгуулсны үрээр сумын нийт ажил жигд сайжирч аймаг улсын хэмжээний социалист уралдаанд олон жил дараалан шалгаран шагнагдаж байсан байна. Тийм учраас Завхан аймагт анх удаа Отгон сум-нэгдэл Алтан гадас одонгоор шагнуулж, зуун эх малаас улсад хамгийн олон төл бойжуулсан сум нэгдлийг шагнах улсын болзолд хоёр жил дараалан шалгарч ГАЗ-53 авто машин, цалин цагаан мөнгөөр хийсэн таван хошуу малын дүрс бүхий дурсгалын зүйл дипломоор шагнуулж байжээ. Мал сүргээ дулаан байр хашаагаар бүрэн хангаж 1982 он гэхэд бод бог малын нэг загварын саравчтай битүү дулаан хашаа саравч 130 гаруйг барьж усалгаатай тариалан эрхлэж малын тэжээл тарьж байсан нь ихээхэн үр дүн өгч сумын мал жил дараалан өсөж, ажиллах хүч, нутаг орондоо бэлчээрийн даац хүрэхгүй болсон тул 1978 онд мал цөөнтэй ажиллах хүч сайтай суманд 10000 хонь, 1500 адууг үнэ төлбөргүй шилжүүлж байжээ. Отгон сумынхны ажлын арга туршлагыг судалж, хэрэгжүүлэхээр бусад сум нэгдлүүдийн удирдлага хэд хэдэн удаа ирж үзүүлэх сургууль жил бүр хийдэг болсон байна. Сүү тос механикжсан үйлдвэр, мужааны болон будгийн цех, талх нарийн боов, чихэр, хивсний цех, гахай, тахиа, туулай үржүүлэх зэргээр үйлдвэрлэл үйлчилгээний олон салбаруудыг ажиллуулж зөвхөн мал аж ахуйгаас төдийгүй үлэмж ашиг орлого олж, мөн сумын бүх хүмүүс ажил мэргэжилтэй болж амьдрал ахуй нь дээшилж, ажлын арга дадлагад сурч тэр хэрээрээ ажлын амтыг мэдэрч байсан сайхан үе байсан хэмээн ахмадууд ярьцгаадаг бөгөөд үүнийгээ Адьшаажавын бүтээлч санаачлага, уйгагүй хөдөлмөртэй салшгүй холбоотой хэмээн үздэг юм.

Доржийн Батчулуун

Д. Батчулуун 1934 онд Завхан аймгийн Отгон суманд төрсөн. Эцэг эхийн гар дээр өсч байгаад 1951-1962 онд Улсын хөгжимт драмын театрт дуучин, Уб төмөр замын халдвартын больницод сувилагч, 1962 оноос үйлдвэр хоршооллын 6-р артельд орж Монгол гар хивс нэхэж одоо нэхмэл хивсний компанид хивсчнээр  50-иад жил ажилласан байна.  Дөрөв, таван жилийн гавшгайч, үйлдвэрийн 1980, 1982 оны аварга гар хивсчин, 1980 онд улсын чанарын аварга, цол диплом 1980-1984 онд ХХҮЯ-ны хүндэт үнэмлэхээр 4 удаа, 1980 онд залуу гавшгайч алтан медальт, 1981 онд улс тунхагласны 60 жил, 1990 онд хөнгөн хүнсний аж үйлдвэр үүсэж хөгжсөний 60 жилийн ойгоор алтан гадас одон, 1996 онд хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан байна. Сүүлийн 28 жилд Д. Батчулуун 50 жил нэг сарын ажил хийжээ.

Улсын онцлог үйл явдал, түүхт ойнуудад зориулсан тусгай захиалгат хивс үйлдвэрлэхэд удаа дараа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байна.

Сүүлийн таван жилд 244 хивс нэхэж 9,8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. 1999 оны 3-р сарын 18-нд аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор шагнагджээ.

Бандийн Гэлэг

Б. Гэлэг нь 1930 онд Онц багийн нутаг Тосонгийн Бор үзүүр гэдэг газар төрж, 1945 онд Отгон сумын бага сургууль төгсөөд 1950 онд цэрэгт татагдаж жолооны сургууль төгсөн нийгмийн аюулаас хамгаалах яаманд ня-бо-гоор ажиллаж байгаад 1957-1961 онд Москва хотод хилийн цэргийн дээд сургуульд сурч байхдаа самбо барилдаанаар Зөвлөлт холбоот улсын мастер, бөхийн чөлөөт барилдаанаар нэгдүгээр зэрэгтэй болжээ. Сургуулиа төгсөж ирээд цагдаагийн ерөнхий газар, 1966 онд нийгмийн аюулаас хамгаалах яамны биеийн тамирын тусгай тасагт ахлах дасгалжуулагч болжээ. Б. Дэлэг 1961 оноос бөхийн чөлөөт барилдааныг монгол улсдаа нэвтрүүлсэн бол 1962 оноос жүдо 1966 оноос самбо барилдааныг монгол улсдаа нэвтрүүлж 1966 оноос 1990 он хүртэл 26 жил дасгалжуулагчаар ажиллажээ.Түүний шавь нараас хөдөлмөрийн баатар нэг, улсын аварга гурав, олон арслан, заан, начин төржээ. Гавъяат дасгалжуулагч Гэлэг гавъяат дөрөв, мастер найм, спортын мастер ная гаруй, зэрэгтэй тамирчин мянгаадыг төрүүлжээ. Түүний бүтээлийг төр засаг үнэлж хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, байлдааны гавъяаны улаан тугийн одон, алтан гадас одон болон олон тооны медалиар шагнажээ. Монгол улсын ерөнхийлөгч 1995 онд Монгол улсын спортын гавъяат дасгалжуулагч цол олгожээ. Түүнд биеийн тамирын алт, мөнгө, хүрэл медаль 80 гаруй, 2000 онд Зууны манлай шилдэг жүдочин дасгалжуулагч цолоор шагнасан байна. Тэрээр жолооч, ня-бо, хилийн цэргийн мэргэжлээр ажиллахын хамт биеийн тамирын дасгалжуулагчаар гучаад жил ажиллаж, алдрын дээдийг хүртжээ. Б. Гэлэг үндэсний олимпийн хорооны хүндэт дэвтэрт мөн эрүүл мэндийн яамны хүндэт дэвтэрт бичигдсэн гавъяат дасгалжуулагч юм.

Сүхийн Гүржав

С.Гүржав нь 1958 онд Завхан аймгийн Отгон сумын Бадрал бригадын нутаг Сайхан булаг гэдэг газар төрсөн. 1975 онд сумынхаа 8-н жилийн дунд сургууль, 1977 онд Улиастай хотын 10 жилийн дунд сургууль 1982 онд Москва хотын хилийн цэргийн улс төрийн дээд сургууль, 1989 онд Москва хотын цэрэг- улс төрийн академи, 1985 онд намын дээд сургуулийн намын ажилтны курс төгссөн.

1982 онд офицер болж хилийн цэргийн 0129-р ангиас ажлынхаа гарааг эхэлж Дорнод, Дорноговийн Улаан-уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэ-Цагаан дахь хилийн ангиудад сумангийн орлогчоос отрядын дарга хүртэл алба хашиж байсан. Хилийн цэргийн дээд сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч, Батлан хамгаалах яамны цэргийн бодлогын хэлтсийн дарга, хилийн цэргийн удирдах газрын дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын даргын ажлыг 2000 оны 7-р сар хүртэл хашиж байсан бөгөөд одоо хилийн цэргийн дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна.

МАХН-ын онц их хурал, 20-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдож онц их хурлаасМАХН-ын төв хорооны гишүүнээр сонгогдож байжээ. 1991 оноос хуулийн дагуу намаас татгалзсан байна.

1999 онд цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч. 1998, 2000 онд зохиогдсон цэргийн сэдэвт дууны уралдаанд түүний үгийг нь бичсэн “Хилчин харгуй”, “Байгалийн хилчид” дуунууд нь тэргүүн байр эзэлсэн.

1997 онд 39 настайдаа Монгол улсын хошууч генерал цол хүртсэн.

Лэгдэнсүрэнгийн Гаваасүрэн

            Л.Гаваасүрэн нь 1953 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг Их нарийн гэдэг газар төрсөн. Л. Гаваасүрэн 10 жилийн дунд сургууль, Улс төрийн дээд сургууль, Цагдаагийн дээд сургууль төгссөн, улс төрч хуульч, Зохиолч, яруу найрагч юм. “Цэргийн гавъяны одон”, “цэргийн хүндэт” медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80, Японы милитаризмыг ялсны 30,  Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медалиар, хууль зүй дотоод хэргийн яамны Цагдаагийн алдар, ЦЕГ-ын Цагдаагийн гавъяа тэмдгээр, МЗХ-ны “Цэргийн алдар”, тэргүүний ажилчин залуу, тэргүүний сэхээтэн залуу, хяналтын тэргүүний идэвхтэн медалиудаар шагнагдсан. Л.Гаваасүрэн ажилчнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.

Сумын байгалийн үзэсгэлэнт газрууд:

Отгон сум нь хангайн нурууны ноён оргил мөнх цаст төрийн тахилгат Отгонтэнгэр уулын өвөрт оршдог. Энэ уул нь далайн түвшнээс дээш 4031м өндөрт өргөгдсөн 108 төрөл халуун сэрүүн рашаантай, эргэн тойрондоо их бага Богд мандалт даян, их мянган, Хатан бээл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг, жилийн дөрвөн улирлын турш мөнх цастай өргөл мөргөлийн цагаан суварга, буян хишгийн энэ уулаа Отгон нутгийнхан Цагаан-уул, Очирваань хэмээн залбиран хүндэлдэг билээ.                    

Төрийн тахилгат Отгонтэнгэр уул

Халх монголыг даасан бурхан нь Очирваань хэмээдэг. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухуйснаар монголд анх эх газар үүссэн тухай  Хаадын сан цувралын Чингис хааны ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар баталсан байдаг.

Отгонтэнгэр уулыг эрт цагт эх газар буюу “Этүгэн” гэж нэрлэж байсан ба Этүгэн хайрханыг 1585 онд Богд-очирваань хэмээн нэрийджээ.

Отгонтэнгэр уул нь эртний тахилгатай уул бөгөөд 1779 оноос төрийн тахилгатай болсон баримтууд олон байдаг. Анх 1828 онд дархан цаазат уул болгож Богд хант Монгол улсын зарлигаар 1921 оноос эхэлж жил бүр тахиж байгаад 1930 оноос зогсонги байсныг 1995 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч 4 жил тутам хүндлэн тахиж байхаар төрийн тахилгат уул болгосон юм.

Отгонтэнгэр уулыг дэлхийн 10 том уулын хамгийн догшин уул гэж дэлхийн эрдэмтэд, уулчид тогтоожээ.

Энэ уул нь далайн түвшнээс дээш 4031м өндөрт өргөгдсөн 108 төрөл халуун сэрүүн рашаантай, эргэн тойрондоо их бага Богд мандалт даян, их мянган, Хатан бээл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг, жилийн дөрвөн улирлын турш мөнх цастай өргөл мөргөлийн цагаан суварга, буян хишгийн энэ уулаа Отгон нутгийнхан Цагаан-уул, Очирваань хэмээн залбиран хүндэлдэг билээ.

Энэ уулын эх бие орчмоор мөнх ногоон арц, вансэмбэрүү, ванжингарав, юмдүүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, алтан гагнуур зэрэг 400-д төрлийн эмийн ургамалтай. Эмийн ургамлуудаас хамгийн алдартай нь Вансэмбэрүү гэх эмчилгээний ургамал юм. Тэр болгон хүнд олддоггүй, үзэгдэх хүндээ үзэгддэг. Хосоор ургадаг хүйн холбоотой амьд цэцэг байдаг юм. Тэнгэрийн цэцэг гэж нэрлэдэг учраас хамаагүй тасдаж авч болдоггүй, дом шившлэгийн шидээр гуйж авдаг учиртай.

Өврийн Бадархундага нуур 1000 орчим метрийн өндөрт нэн үзэсгэлэнтэйгээр мэлтийж байдаг.  Бадархундагын нуурыг Ганга мөрний садан ус гэж Энэтхэгийн Даваазэчилхаарамба 1919 онд Яруугийн хүрээнд заларч ирэхдээ айлдсан гэдэг. Мөн 1897 онд Жалханз хутагт Дамдинбазар Богд хааны даалгавраар Отгонтэнгэр уулыг тахиж байхад хайрханы их тахилганд оролцож буй тахилгачин олонд хандаж Энэ уулын ар, өвөр Бадархундага нуур шашин номын ариун дагшин орон Энэтхэгийн Ганга мөрөн адил.