Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 11 Даваа гараг

Сантмаргац танилцуулга

Сантмаргаз сум нь Их эзэн Чингис хааны удмын Б.Батмөнх даян хааны отгон хүү Намжилдоржийн Норов тайж 1750 оноос захирч Засагт хан аймгийн Цэцэн сартуулын хошуунд багтаж Барга, Алаг адуун, Хороо, Солоон, Урианхай, Цөхүр, Цоохор, Хөтчин, Шавь зэрэг тархай бутархай олон отог бүлгүүдээс бүрдсэн ард түмэн нь бүхэлдээ халхжсан Завхан аймгийн анхны сумдын нэг сартуул угсаатныхан юм.

1921 онд ардын хувьсгал ялж ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол мандаж, засаг захиргааг шинэчлэн хаад ноёдын нэрээр нэрлэх болж, 1923.10.19-нд Завхан аймгийн Хантайшир уулын аймаг болгож 20 хошуу, 3 шавь, 92 сумтайгаар зохион байгуулж, Сантмаргаз сумыг Бадрах, Холбоо, Тэгш, Ширээ гэсэн 4 жижиг сумыг нэгтгэн 1924 онд нутгийн баруун зах болох Монголын элсний ар хаяа “Талингар”-ын их өтөгт хөдөлмөрчдийн Их хурал хийж Сант, Маргаз гэсэн нутгийн хоёр уулын нэрийг холбож Сантмаргаз гэдэг нэр өгч сумаа байгуулсан.

            Анх сум байгуулагдахад 878 өрх, 3614 хүн ам, 99 мянган толгой малтай, 4 багтай, 1200 км2 нутаг дэсгэртэй, нэг баг 150-аас доошгүй өрхтэй, 5-аас доошгүй арван буюу хорины зохион байгуулалттай байжээ.

            1956 онд нэгдлийн хөдөлгөөний зохион байгуулалтанд орж, Сантмаргаз сумаас Цэцэн-Уул сум тасран байгуулагдаж, сум бригадын зохион байгуулалтад орж, “Баясгалант амьдрал” нэгдэл байгуулагдан улмаар улсын тэргүүний нэгдлийн болзолыг 4 удаа хангаж нэгдэл, үйлдвэрлэлийн даалгаврын төлөвлөгөөг удаа дараа 102.6-150 хувиар биелүүлж, сум нэгдийн дарга А.Цэдэн-иш, хоньчин А.Арьхад нар Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан түүхтэй, бүтээлч уламжлалтай хөдөлмөрч ард түмэн билээ. 

Одоо сум 4 багтай, 425 өрх, 1623 хүн амтай, 119,3 мянган толгой малтай, 242.1 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Их нууруудын хотгорын говийн бүсэд оршдог.

Тус сумаас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар 4, Төрийн соёрхолт ардын жүжигчин 2, Цэргийн дээд цолтон 10,  Гавъяат цолтон 10, Ахмад дайчид 23, Улсын аварга малчид 6, Улсын сайн малчин 11, Мянгат малчин 78 байна.

ИТХ, ЗДТГ, Бүрэн дунд сургууль, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв зэрэг төсвийн байгууллагад 126 төрийн албан хаагч ажиллаж, ХААН банк, Хадгаламж банк, Шуудан холбоо, Маргаз таван эрдэнэ, Баян-Мижид, Ихэр баян, Өнөр тал, Монгол хан, Буяндэргэх маргад, Баянмаргад зэрэг хоршоо, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Сантмаргаз сумын түүх дурсгалын газар

2.1 “Буга согоот”: Сумын төвөөс баруун тийш 6 км зайд оршдог. Буга согоо дүрсэлсэн олон зурагтай. Чулуунууд нь цохиж үзэхэд төрөл бүрийн дуу гаргадаг ямар нэгэн хамгаалалт хийгдээгүй.

2.2 Гацааны бичгийн хад. Сумын төвөөс баруун урагш 25 км-т оршдог. Урдуураа бор хир элс, хойгуураа толгодоор хашсан 100-аад метр урт хадан хясаа байдаг. Дөрвөлжин хадан хясааны өвөр толигор хэсэг дээр хятад үсгээр хар, улаан цэрдээр бичсэн байдаг. Мөн зураг зурсан байдаг. Бороо цасны нөлөөгөөр үсэг нь бүдгэрсэн байна.

Үг М.Цагаанхүү                                        Ая З.Баяраа

 

МИНИЙ ТӨРСӨН САНТ НУТАГ

Манан дундаас сүүмэлзсэн

Маргаз Сурагтын уул

Хатуу цагийн улиралд

Хангалуун сайхан нутаг шүү

Миний төрсөн Сант нутаг

Мартаж олшгүй сайхан нутаг

Малчин ажилчин сэхээтний

Хайрыг татсан нутаг шүү

            Баяннуурын хөвөөгөөр

            Буман сүрэг ярайгаад

            Өгөөмөр сайхан зундаа

            Өнгийн чимэг зүүсэн

                        Миний төрсөн Сант нутаг

                        Мартаж болшгүй сайхан нутаг

                        Мянга мянган ардынхаа

                        Сэтгэлийг татсан нутаг шүү

            Холбоо давсыг дагаад

            Хөшиг Хунтыг хүртэл

            Хавар намартаа налайсан

            Хачин сайхан нутаг шүү

                        Миний төрсөн Сант нутаг

                        Мартаж болшгүй сайхан нутаг

                        Малчин ажилчин сэхээтний

                        Хүчийг нэгтгэсэн нутаг шүү

 

 

Үг. Ц.Лэгдэнжав                                            Ая Цэвээнравдан

 

ХОСЛОН ЗЭРЭГЛЭЭТЭХ ХОЁР МАРГАЗ

            Бэдэртэн шаргалтах элсэн манхан эмжээртэй

            Баяннуурын усанд мэлтэлзэн тольдсон

            Сэвэлзэх салхи нь сэрүүн тунгалаг амьсгаатай

            Сэрвэлзэн сүүмэлзэх Маргаз уул минь дээ

                        Хулан зээрийн хурд цуцам талаараа

                        Хурдан шандаст мориороо хуй салхийг исгэрүүлэн

                        Давхиж өссөн хослон зэрэглээтэх

                        Хоёр Маргаз уул минь дээ

            Ачтай ээжээсээ төрж өссөн нутгийнхаа

            Алаг чулуугаар нь айл болж тоглосон

            Хүүхэд наснаас минь сэтгэлд уяатай

            Хүрэнтэж ганхсан Маргаз уул минь дээ

Дахилт

            Шилүүс суусар нь сүлжин дамжиж үсчсэн

            Сүүжин болорын чандмань эрдэнэ гялалзсан

            Эцэг өвгөдийн минь буйраар тамгалсан

            Их бага хоёр Маргаз уул минь дээ

                                    Дахилт