Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Мэндчилгээ

Заяа золтой Завхан нутгийнхаа гал голомтыг сахин ажиллаж амьдарч буй хөдөлмөрч оюунлаг  ард иргэд, холхи нутаг, хорвоо ертөнцийн өнцөг булан бүрт хувирах цагийн аясыг даган одсон элэг нэгт Завханчууддаа Ар Монголын заяа буяныг ивээн даасан Отгонтэнгэр хайрханы их шүтээнтэй, арц хүж, цэцэгсийн үнэр ханхалсан онгон дагшин уул усны диваажин гэгээн хутагтын адис жанлав, шидэт тарнийн шившлэг хүчин өнө мөнхөд оршсон, гэрэлт наран саран, үзэсгэлэн төгс говь хангай, оюунлаг бүтээлч хүмүүсийн өлгий Завхан аймаг байгуулагдсаны 90 жил, буурал түүхт Улиастай хотын 280 жилийн ойн баярын мэндийг айлтган мэндчилье.

Түүхт ойнууд нэгэн зэрэг тохиож,  Баруун бүсийн “Отгонтэнгэрийн хурд -2013” даншиг наадам, Монголын шашин соёлын Соёмбо их наадам давхцсан энэ жилийн наадмын өнгө жавхаатай байж, утга агуулгыг баяжуулан өргөн дэлгэр сайхан болж, та бидний  амьдралын  мартагдашгүй нэгэн  баярт үйл явдлын нэг боллоо.

Завхан аймаг байгуулагдснаас хойших 90 жилийн түүхийг туулан өнгөрүүлэх хугацаанд улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн их үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан цогт эх орончид, билгийн мэлмий нээгдсэн хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэд,  төр нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлагийн алдартнууд, улсын болон хөдөлмөрийн баатар, гавьяатууд хэдэн арван зууд хүрсэн нь бидний эрхэм бахархал юм.

Түүхт ойгоо угтан бүтээн байгуулалтын болон  оюуны, урлаг соёлын олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Цаашид ч төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө илүү ихийг хийж бүтээх болно.

Монгол Улсынхаа өнцөг булан бүрт суугаа Завханчууддаа болон нийт монгол түмэндээ аз хийморио бадруулж, холыг зорьж, ихийг бүтээж, бахдал омогшилтой, бахархал дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Оюунлаг хөгжлийг эрхэмлэн, эх сайхан байгаль юугаа дээдэлж, бүс нутаг, аймаг сумынхаа хөгжилд иргэн бүр хувь нэмрээ оруулан, ариун цагаан хөдөлмөрийн үр шимийг хүртэж, элбэг хангалуун ажиллаж амьдрахын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Монгол төрийн маань сүлд хийморь та бүхнийг өнө мөнхөд ивээх болтугай!

Очирвааний орон Завхан нутаг цэцэглэн хөгжих болтугай.

      Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив

Мэдээ мэдээлэл