Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Мэдээ мэдээлэл

                                 

Цагаанчулуут сумын ИТХ-ын нэрэмжит тэмцээн боллоо

Цагаанчулуут сумын ИТХ-аас Сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь сумын ИТХ-ын нэрэмжит тэмцээн бөгөөд тэмцээнд эрэгтэй 4, эмэгтэй 5 баг оролцсон байна. Тун ч өрсөлдөөнтэй болсон тэмцээний дүн гарахад Баянхайрхан багийн тамирчид тэргүүн байр эзлэн шилжин явах цом, алтан медалийн эзэд боллоо.

 

 

                                          2015 оны анхны Тэргүүлэгчдийн хурал боллоо

2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо. Энэхүү хурал нь 2015 оны анхны Тэргүүлэгчдийн хурал бөгөөд хуралд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Пунцаг, Г.Бадамхатан, Э.Ханд, Д.Эрдэнэцогт, А.Гомбодорж, П.Ганзориг нар оролцож хэлэлцэх асуудлуудтай холбоотой саналаа хэлэв.  Хурлаар Улсын сайн малчинд уламжлах тухай, Төрийн шагналд уламжлах тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, ажлын албанаас 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Үнэлгээний хороонд иргэний төлөөллийг томилон ажиллуулах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 

          

 

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 87 тоот тогтоолоор

"Залуучуудын хөгжлийг дэмжих" аймгийн дэд хөтөлбөр батлагдлаа

 

                       Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны ....... дугаар тогтоолын хавсралт

                    “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ”  АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг зүйл

Завхан аймгийн хүн амын насны бүтцийг авч үзвэл 2013 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 36.8 хувь нь 15-35 насны залуучууд байна.

Хүн амын хөгжил, нйигмийн хамгааллын яам нь Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, мөн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөр боловсруулахаар тусгасан.

Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, эх нялхсын эндэгдлийг тууштай бууруулж, эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй болгохын тулд Эрүүл мэндийн “Эрс шинэчлэл” хөтөлбөр, Уламжлалт өв соёл, амьдрах урлагийг дэлгэрүүлэх “Соён гэгээрүүлэх хөтөлбөр”   Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрүүдийг тусган хэрэгжүүлж байна.

Мөн хүн амын бүлгийн нийгминй хамгаалал, хөгжил төлөвшлийг хангахуйц тэдэнд ээлтэй орчинг бүрдүүлэх зорилгоор  "Хүн амын хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр тусгасан.

Манай аймаг нь ХҮБ-ийн хүн амын сангийн Улс орныг дэмжих  5 дахь хөтөлбөрийн зорилтод аймгаар сонгогдоод 3 дахь жилдээ ажиллаж байна.

Хөтөлбөрийн зорилт нь залуу эмэгтэй, эрэгтэйчүүд амьдрах ухаан, ур чадвараа бэхжүүлж, эерэг, хариуцлагатай байж, бие даах зан үйлд суралцсан байх юм.

Хөтөлбөрийн хэрэгжилт 2017 онд дуусах бөгөөд хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахын тулд орон нутгийн бодлого зайлгшүй шаардлагатай.

Хөтөлбөрийн төслийг Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн Залуучуудын төвийн дэргэдэх аймгийн Залуучуудын зөвлөлөөр хэлэлцүүлж, гаргасан саналыг тусгасан болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хугацаа, зарчим, санхүүжилт

2.1. Хөтөлбөрийн зорилго нь аймгийнхаа өсвөр залуу үеийг эрүүл чийрэг, эрдэм боловсролтой болгож, эх оронч, хүнлэг энэрэнгүй үзлээр хүмүүжүүлэх, шинэ орчин нөхцөлд бие дааж аж төрөх чадвар эзэмшүүлж, хөгжүүлэх нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчин бүрдүүлэхэд оршино.

2.2. Хөтөлбөрийг 2020 оныг дуустал дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

Нэгдүгээр үе шат                2015-2017

Хоёрдугаар үе шат             2018-2020

Хөтөлбөрийн үе шат бүрийн төгсгөлд үр дүнгийн үнэлгээг ИНБ-аар хийлгүүлж, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулж болно.

2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

  1. Үндэсний хөгжлийн цогц бодлого болон амйгийн хөгжлийн цогц бодлого, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдтэй нягт уялдах
  2. Залуучуудын хөгжлийн төлөөх  нийгэм хамт олон болон гэр бүл хамтын ажиллагааг дэмжих
  3. Залуучуудыг ялгаварлалгүй, тэгш, шударга хандах

2..4. Хөтөлбөрийн санхүүжилт

  1. Улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө
  2. Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр
  3. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдийн хандив тусламж
  4. Бусад эх үүсвэр зэрэг эх үүсвэрээс санхүүжинэ.

Гурав. Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

А.Залуучуудын боловсролын талаар

Зорилт 1. Залуучуудад нийгэмд өрсөлдөх чадвартай мэдлэг боловсрол эзэмшүүлнэ.

3.1.1. Политехникийн коллеж болон мэргэжлийн сургуульд суралцагч залуучуудын тоог нэмэгдүүлэх

3.1.2. Аймгийн ЕБС-иуд болон мэргэжлийн боловсролын сургуулиудыг өндөр мэдлэг, чадвартай багшлах боловсон хүчнээр хангах

3.1.3. Аймгийн мэргэжлийн боловсролын сургуулиудын оюутан залуусын оюутны дадлага, диплом, курсын ажил, бүтээлд дэвшүүлсэн оновчтой санаачлагыг дэмжин практикт нэвтрүүлэх чиглэлээр уралдаан зарлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулах үйл ажиллагааг дэмжин ажиллах

3.1.4. Нийгмийн эмзэг бүлгийн өрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй залууст мэргэжил боловсрол олгох түр дамжаа хичээллүүлэх тэднийг бүлгээр зохион байгуулж ажлын байр шинээр бий болгох

3.1.5. Гоц авьяастай, оюуны онцгой чадамж бүхий оюутан залуучуудыг их дээд сургуульд элсэн суралцах болон оюуны бүтээлийг нь дэмжих аймгийн нэрэмжит тэтгэлэг бий болгох

Б. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хамгааллын талаар

Зорилт 2. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулахад нөлөөлнө.

3.2.1.Сайн дурын ажил, үйлчилгээг хөгжүүлэх, энэ чиглэлээр ажиллаж байсан залуучуудыг байнгын ажлын байраар хангаж ажиллах

3.2.2.Албан бус салбарт хөдөлмөр эрхлэж байгаа, түүнчлэн хөдөлмөр эрхлээгүй залуучуудад хөдөлмөрөө хоршин ажиллах санал санаачлагыг дэмжих

3.2.3.Хөдөлмөр зарцуулалт ихтэй нийтийг хамарсан ажилд идэвхтэй ажил хайж байгаа залуучуудыг өргөнөөр  татан оролцуулах ажлын зохион байгуулах

3.2.4.Сум бүрт ажил хөдөлмөр эрхлээгүй  залуучуудын үүсгэл санаачилгыг дэмжиж, ХАА-н түүхийн эдийг боловсруулах, өвөлжөө бууц засах,  худаг ус гаргах, мал төллүүлэх зэрэг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх

Зорилт 3. Залуучуудын онцлог хэрэгцээнд нийцсэн нийгмийн хамгааллын үйлчилгээг нийгэм хамт олонд түшиглэн хэрэгжүүлнэ.

3.3.1.Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд оюутан залуусыг бүрэн хамруулах, энэ талаарх мэдээлэл сурталчилгаа хийх

3.3.2.Залуучуудыг удам угсаагаа мэдэх, ургийн бичиг хөтлөх талаар мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх

3.3.3.Орон нутгийн бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулж, шинэ санал санаачилга гаргаж байгаа залуучуудыг алдаршуулж, шагнаж урамшуулах

3.3.4.Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог хангах

3.3.5.Залуусыг амьдрах ухаан, мал маллах арга ухаанд сургах арга хэмжээг дэмжих

Г. Залуучуудын эрүүл мэндийн талаар

Зорилт 4.Залуучуудад эрүүл мэндээ хамгаалж сайжруулахад чиглэсэн эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлнэ.

3.4.1.Байгууллага, хамт олон, ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл орчин бүрдүүлэх зорилгоор “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” арга хэмжээг өргөжүүлэх

3.4.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн  “Залуучуудын хөгжлийн төв”-ийн залуу гэр  бүлд зөвлөгөө өгөх  үйлчилгээг тогтмолжуулах

3.4.3.Залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл  төлөвлөлт, эрүүл аж төрөх ёсны талаар өгөх мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөтгөх, гарын авлага, зөвлөмж, сургалтын материалуудаар хангах

3.4.4.Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын эрүүл мэндийн хэрэгцээг хангах нөхөн сэргээх болон нийгэмшүүлэх үйлчилгээг өргөжүүлэх

3.4.5.Эрсдэлт бүлгийг БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгаа, сайн дурын зөвлөгөө шинжилгээний үйл ажиллагааг дэмжих

Зорилт 5. Архи тамхи мансууруулах бодисын хэрэглээг бууруулахад залуучуудын оролцоог хангана.

3.5.1.Нийтээр тэмдэглэх баяр ёслолын арга хэмжээг архи тамхигүй тэмдэглэн өнгөрүүлж, архи, тамхины хэрэглээг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа байгууллага, иргэний үйл ажиллагааг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх

3.5.2.Өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас сэргийлэх чиглэлээр үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэх

3.5.3.Архи, тамхи, мансууруулах бодисын хор уршгийг залуучууд, хамт олонд ойлгуулах, зөв хандлага төлөвшүүлэх, тохиолдолын чанартай хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэх

Д. Хөдөөгийн залуучуудын нийгэм соёлын асуудал

Зорилт 6.Сумын соёлын төв, боловсролын байгууллага, эрүүл мэндийн төвийн байрыг түшиглэн залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн олон хэлбэрийн ажлуудыг өөрсдийнх нь санал санаачлагад түшиглэн зохион байгуулна.

3.6.1.Залуучуудын эрэлт хэрэгцээг хангахуйц урлаг, соёл, спортын арга хэмжээг тэдний санал санаачлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тогтмолжуулан хэвшүүлэх

3.6.2.Улс, аймаг, орон нутгийн чанартай соёл, урлаг, спортын төрөл бүрийн уралдаан тэмцээний хэлбэр агуулгыг өөрчилж үе шаттай зохион байгуулж үүнд залуучуудыг өргөнөөр оролцуулах

3.6.3.Ардын урлаг, уламжлалт тоглоом, наадгайг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог хангах

Зорилт 7. Залуучуудын авьяас билэг, гадаад хэлний боловсрол, техникийн болон сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, бие бялдарыг чийрэгжүүлэх, гоо зүйн хүмүүжлийг олгоход бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлнэ.

3.7.1.Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэд “Залуучуудын боловсролыг дэмжих клуб” байгуулан ажиллуулж, залуучууд улс төр, эдийн засаг, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, компютер, гадаад хэлний мэдлэг боловсрол олгох сургалт, дамжааны үйл ажиллагааг эрчимжүүлэх

3.7.2. Авьяаслаг залуучууд, уран бүтээлчдийг хөгжүүлэх үйл ажиллагаа дэмжих

3.7.3.Аймгийн хэмжээний бичиг үсэггүй залуучуудын нарийвчилсэн судалгааг гаргаж, албан бус сургалтанд хамруулах

3.7.4.Залуучуудын эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж , төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх

3.7.5.Сум багт ажиллах шаардлагатай залуу боловсон хүчнийг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг хангах

3.7.6. Аймаг, сумдын залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж хэвших

3.7.7.Аймгийн мэргэжлийн боловсролын сургуулиудын оюутны эрх ашгийг хамгаалах байгууллагуудын хоорондын уялдааг хангах

Е. Эх орон, байгаль орчноо хамгаалахад залуучуудын оролцоо

Зорилт 8. Залуучуудад эх орноороо бахархах, эх орноо хөгжүүлэх чин үзэл, эрмэлзэл төлөвшүүлнэ.

3.8.1.Залуучуудын дунд эх орны үзэсгэлэнт  газруудаар аялах хөдөлгөөн өрнүүлэх дотоодын аялал зуучлалын хөгжүүлэх санал санаачилгыг дэмжих

3.8.2.Завханы ”Улаан ном” бүтээх  ажлыг аймгийн залуучуудын үүсгэл санаачлагад  тулгуурлан зохион байгуулах

Зорилт 9. Залуучуудад эрүүл цэвэр орчинд аж төрөх, хүрээлэн буй байгаль орчноо хайрлан хамгаалах зан үйлийг төлөвшүүлнэ.

3.9.1.Орон нутгийн үзэсгэлэнт байгаль, үндэсний зан заншил, ардын уламжлалыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилах ажлыг зохион байгуулах

3.9.2.Хот суурин газрын ойжуулах, айл гэр, албан газраа цэцэгжүүлэх ажилд  залуучуудын оролцоог дэмжих

3.9.3.Гол горхины эх, баталгаат ундны усыг хамгаалах, зохистой хэрэглээний талаар гаргасан залуучуудын санал санаачилгыг бүх талаар дэмжих

3.9.4. Байгаль орчноо хамгаалах, эко орчин бүрдүүлэхэд Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих

            Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт

4.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, мэдээллээр хангах, хяналт тавих, жил бүр хэрэгжилтийн явцыг гаргаж, аймгийн ЗДТГ-т тайлагнах үүргийг Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хариуцна.

4.2.Хөтөлбөрийн хэрэгжилтнэд салбар дундын зохицуулалт хийх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үүргийг аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцна.

4.3.Сумдад хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах үүргийг сумын Засаг дарга нар хариуцна.

Тав. Хөтөлбөрийн хэрэгжилт хяналт тавих, үр дүн тооцох

Хөтөлбөрийн үр дүнг өмнөх онуудтай харьцуулан дараахь үндсэн үзүүлэлт, шалгуурын хэрэглэн тооцож дүгнэнэ.  Үүнд:  

5.1.1.Хөдөлмөр эрхлээгүй хүн амын дотор залуучуудын эзлэх жингийн бууралт

5.1.2.Хөдөөгийн залуучуудын нийгэм, ахуйн соёлын түвшинг дээшлүүлэхэд гарсан ахиц

5.1.3.ЕБСургууль төгсөгчдөөс мэргэжлийн сургалтанд хамрагдан  суралцагсадын түвшиний өсөлт

5.1.4.Залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл боломж бүрдсэн эсэх

5.1.5.Залуучууудын эрүүл мэндийн боловсролын байдал дээшилж,  тэдний дунд  халдварт болон халдварт бус өвчний бууралт

5.1.6.Гэмт хэрэг хэв журмын зөрчилд холбогдсон залуучуудын  тоон үзүүлэлтийн бууралт

5.2. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажилд иргэний нийгмийн байгууллагууд болон залуучуудын оролцоог хангана.

 

 

 

Далай ламаас Завханчуудад зориулан илгээсэн бурхадыг заллаа

Очирвааний орны унаган нутгийнханд Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламаас илгээсэн язгуурын гурван бурханыг аймгийн Бурхан шашны төв Төгс Буянт Жавхлант хийдэд заллаа.
 

Өнгөрөгч сард аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, Төгс Буянт Жавхлант хийдийн хамба лам Буяндорж нар Далай ламын урилгаар Энэтхэг улсад айлчилсан бөгөөд Далай лам Данзанжамц Завхан нутгийнханд энэхүү бурхадыг илгээсэн байна.

Эдгээр бурхад нь Монголыг даасан их сахиус, арван хангалын нэг Очирваань, оюун ухааныг тэтгэгч Мандшир бурхан, эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг энэрэн нигүүлсэгч Мэгжид Жанрайсэг юм.

Бурхадыг хаврын дунд туулай сарын туулай өдөр Төгс буянт Жавхлант хийдэд залж Гүнсэнтүгийн мандал өргөлөө.

Язгуурын гурван бурхадыг залах ёслолд сүсэгтэн олон өргөнөөр оролцсон байна.  

   

 

 

Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Улиастай сумын нэлээд алслагдсан багт оршдог энэ байгууллага нь 27 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хөдөө аж ахуй, газар тариалан гээд орон нутгийн нэлээд том салбарын бодлогыг тодорхойлж ажилладаг тус газрын цаг үеийн ажил хэвийн явагдаж байгаагаа аймгийн ИТХ-ын даргад танилцуулсан юм.

Энэ үеэр тус байгууллагын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус лаборатори нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учир орон нутагт яаралтай шинжилгээг цаг алдалгүй гаргадаг онцлогтой ажээ. Аймгийн хувьд мал амьтаны галзуугийн тохиолдол их байдаг байна.

Одоо  мал ид төллөж байгаа учраас сумдын мал эмнэлэг үржлийн тасгийнхан нэлээд ачаалалтай ажиллаж байгаагийн дээр малыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр  багагүй ажлыг хийж байгаа ажээ.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн  Тэргүүлэгчдийн хуралдаанд аймгийн Мэргэжлийн Хяналтын газар 2013 онд хийсэн ажлын товч мэдээллийг хийсний дээр  “Хүнсний аюулгүй байдал” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийсэн шалтгалтын дүнг танилцуулсан бол аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааны талаарх товч тайлан, Мэргэжлийн боловсролын талаар баримтлах хамтын ажиллагаа дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ.

      

Уг хуралдаанаар Хөрөнгө бэлтгэх, орон нутгийн өмчийг гэрээгээр эзэмшүүлэх тухай, Алдарт эх одонд уламжлах тухай, Улсын тэргүүний сум шалгаруулах болзолд нэр дэвшүүлэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай, Иргэний танхимын ажлын хэсгийг шинэчлэх тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

Харин 4 дүгээр сарын 1-ний өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан аймгийн ИТХ-ын даргын өрөөнд 15 цагт эхэллээ. Уг хуралдаанаар доорх гурван асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд Үнэлгээний хороонд иргэний төлөөллийг томилон ажиллуулах тухай, тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай, Төрийн шагнал уламжлах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ.

Хавдраар өвчилсөн хүүд сэтгэлийн хандив өргөлөө

Чандмана-Эрдэнэ цогцолбор сургуулийн сурагч Ц.Мөнхсайхан хүү 2010 оны 4 сард Ачтан клиникийн эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт хавдартай гэсэн оношоор мэс засал хийлгэжээ. Гэтэл давтан үзлэгээр дахилт өгөх өндөр магадлалтай гэсэн онош гарч Ц.Мөнхсайханд дахин мэс засал хийж хавдрыг аван мэс заслын дараа Гамма-шарлага хийх зайлшгүй шаардлага гарчээ. Энэхүү шарлагын аппарат нь Монгол улсад байхгүй тул ийм аппараттай гадаад орнууд руу явахыг эмч нар зөвлөжээ.

Тиймээс өвчтэй найзаа эрүүл болгохын тулд аймгийн Хүүхдийн зөвлөл санаачлан түүний эмчилгээний зардалд хандив цуглуулж байна.

Хүүхэд хүүхэддээ туслах энэхүү хандивын аяныг аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар дэмжин чин сэтгэлийн хандив өгч, хүүд зориулан сэтгэлийн мэндчилгээ илгээсэн юм.

           

Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Аймагт үйл ажиллагаагаа явуулдаг ч мэдээлэл нь хомс байдаг мөн дээрээсээ удирдлагатай байгууллагуудыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаандаа урьж оролцуулан үйл ажиллагааны талаарх тайлан мэдээллийг сонсож байгаа билээ. Өнгөрсөн Тэргүүлэгчдийн хуралдаанаар МСҮТ-ийн мэдээллийг сонссон бөгөөд харин энэ удаа сургуулийн үйл ажиллагаатай аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар танилцлаа. Тус төв нь үндсэн зургаан мэргэжлээр сургалт явуулдаг бөгөөд Үндэсний мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд түр сургалтыг мөн хийж байна. Энэ жилийн үндэсний мэргэжилтэн бэлтгэх сургалтын эхний ээлжинд 90 гаруй хүн суралцаж байгаа бөгөөд 4 сарын 4-ний өдөр ээлжит төгсөлтөө хийх гэж байна.

   

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь сургалт дадлагыг хослуулан хийдгээрээ давуу талтай. Энэ үеэр оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийж байлаа. Тус төвийг төгссөн оюутнуудын дийлэнх нь ажлын байраар хангагддаг ажээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт оношлогооны төв нээлтээ хийлээ

Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт орчин үеийн оношлогооны төв нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч М.Үржинханд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хөдөөгийн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх зорилгоор МУ-ын Засгийн газраас 11 аймгийг ийнхүү оношлогооны төвтэй болгож байна. Завхан аймгийн хувьд нийслэлээс нэлээд алслагдсан учраас яаралтай оношлогоо, эмчилгээ хийлгэх тохиолдолд цаг алдахаас гадна их хэмжээний санхүүгийн чадамж шаарддаг. Тиймээс орон нутагт бүрэн шинжилгээ, оношлогоо хийх нь хөдөөгийн иргэдэд чухал ач холбогдолтой.

   

Шинэ оношлогооны төвд суурилагдсан тоног төхөөрөмжүүд нь бүгд маш дэлгэрэнгүй оношлогоог богино хугацаанд хийх давуу талтайгаас гадна өмнө манай эмнэлэгт огт байгаагүй тоног төхөөрөмжүүд ч иржээ.

Аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар төлчнөөр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар сумдын цаг үеийн ажил, малчдын хаваржилт болон мал төллөлтийн явцтай танилцаж байна. Хаврын улиралд малчин бүр жил хөдөлмөрлөсөн их ажлынхаа үр дүнг үзэж төл малаа бүрэн хүлээн авахаар чармайн ажилладаг. Энэ жилийн тухайд өвөлжилт өнтэй байсан учраас мал төллөлтийн явцад байгаль цаг агаарын аливаа эрсдэлгүй хэвийн байна. Гэвч сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн ихэссэн, ихэнх залуус оюутан болж төв суурин газрыг бараадах болсноор хөдөөд малчдын залгамж халаа тасрахад хүрчээ. Тиймээс аймгийн ИТХ-ын дарга санаачлан аймаг, сумын төвд байгаа ажилгүй залуусыг төлчнөөр явуулах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Төлчнөөр ажиллах хүсэлтэй залуусыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар болон сумдад нээлттэй бүртгэж байна. Дашрамд дурдахад төлчид маань цалинтайгаар малчиддаа туслахаас гадна мал маллах арвин туршлагаас суралцах ажээ.

Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдлаа

Цагаанчулуут сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Ш.Цэдэндамбааг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар гардууллаа.Тэрээр мал эмнэлгийн салбарт 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа ахмад ажилтан. Энэ хугацаанд малыг эрүүл байлгахын төлөө онцгой анхааран ажиллаж сумынхаа нийт малчин өрхүүдэд мал эмнэлгийн үйлчилгээг шуурхай хүргэсээр иржээ.

Улиастайн иргэд архигүй аюулгүй орчинд амьдрахыг хүсэж байна

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас санаачлан “Архигүй аюулгүй орчин” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Улиастай сумын нийт иргэдийн дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, Улиастай хотын захирагч Д.Энх-Амгалан болон мэргэжлийн байгууллагууд оролцсноос гадна Улиастай хотын 100 гаруй иргэд оролцож архины асуудлаар нээлттэй ярилцлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбаатар Архи согтууруулах  ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гарч буй гэмт хэрэг зөрчлүүд, архидалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаараа танилцуулга хийсэн бол Улиастай сумын ЗДТГазар, аймгийн Мэргэжлийн Хяналтын газрынхан Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, зарж борлуулах цэгийн тоо зөвшөөрөгдсөн хэмжээнд байгаа эсэх, хяналтыг хэрхэн хийж байгаа талаараа иргэдэд мэдээллээ.

Мэдээллээр аймагт архи согтууруулах ундаа борлуулах цэгийн тоо хоёр дахин их байгааг онцолсон юм.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонссоны дараа иргэд саналаа хэлсэн. Иргэдийн хувьд архи зарж борлуулдаг цэгийн тоог эрс цөөлөх ялангуяа гэр хороололд байрлах архины дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоохыг хатуу хэллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, Улиастай хотын захирагч Д.Энх-Амгалан нар хэлэлцүүлэгтэй холбоотой саналаа хэлж цаашид аймгийнхаа иргэдийг архигүй, аюулгүй орчинд амьдруулахын тулд ажлын байрыг бодитоор бий болгох, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог багасгах арга хэмжээ авахаа хэллээ. Мөн архиар бизнес хийх биш харин эрүүл ирээдүй рүү чиглэсэн өөр гэгээлэг бизнес хийхийг тэдэнд уриаллаа.

      

Аймгийн оёдолчид Иргэний танхимаар дамжуулан юу хийж чаддагаа нийтэд танилцууллаа

Өнгөрсөн долоо хоногт аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, аймгийн Оёдолчдын холбоотой хамтран Улиастай суманд үйл ажиллагаа явуулж байгаа оёдолчдын ажлын байртай танилцсан билээ. Энэ үеэр оёдолчид ажлын нэгдсэн байртай болгож өгөхийг хүссэн. Мөн хийж буй бараа бүтээгдэхүүнийг орон нутагт борлуулах боломж байгаа эсэхийг судлаж үзэхийг хүсч байсан юм.

Ийнхүү бодит байдалтай газар дээр нь танилцсан аймгийн ИТХ-ын дарга оёдолчдыг юу хийж чаддагаа нийт иргэдэд ялангуяа албан байгууллагуудад танилцуулахыг хүссэний дагуу аймгийн Иргэний танхим санаачлан бүтээгдэхүүний үзэсгэлэн, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 40 гаруй оёдолчид өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гарган нийтэд танилцуулж улмаар чанартай материалаар хийсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг санал болголоо.

   

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга, Улиастай хотын захирагч болон аймагт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудын дарга, нягтлангууд мөн оролцож саналаа солилцсон байна.

Хэлэлцүүлгийн эцэст оёдолчдыг нэгдсэн нэг байртай болгоход онцгой анхааран ажиллахаар боллоо.

Уг хэлэлцүүлгийг Өрнөх хөгжил ТББайгууллага Иргэний танхимтай хамтран зохион байгууллаа.

ОХУ-ын Тыва улсын төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга хүлээн авч уулзлаа

Өнгөрөгч өдрүүдэд ОХУ-ын Тыва улсын Гаалийн албаны дарга Титаников Евгений Николаевич тэргүүтэй төлөөлөгчид айлчиллаа. Энэхүү айлчлалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Тэрээр уулзалтын эхэнд хөрш орны төлөөлөгчид аймагт ийнхүү албаны айлчлал хийж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд Тыва улс Завхан аймаг хоёр эртний ах дүүгийн холбоотой. Олон салбарт хамтарч ажиллаж байсан туршлага бий. Тиймээс цаашид харилцаагаа улам бэхжүүлэх,  худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарт бодитоор хамтран ажиллахын чухлыг тэмдэглээд аймгийн хурдтай хөгжлийг дэмжсэн хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа онцолсон байна. 

     

Амралтын өдрөөр Алдархаан, Яруу сумдад ажиллалаа

Амралтын өдрийг ажлын өдөр болгон хөдөөгийн малчдын ахуй байдалтай танилцаж байгаа аймгийн ИТХ-ын дарга энэ амралтын өдрүүдээр Алдархаан, Яруу  сумдын малчин өрхүүдээр орж цаг үеийн ажилтай танилцлаа.

Хаврын улирал хэдийнээ эхэлж малчин өрх бүр шинэ төлөө бүрэн хүлээн авахаар цаг наргүй хөдөлмөрлөж байна.

Алдархаан, Яруу сумдын малчин иргэд ч гэсэн малаа төллүүлээд тун завгүй байна. Энэ хаврын тухайд цаг агаар харьцангуй дулаан, таатай байгаа учраас мал төллөлтөд сөргөөр нөлөөлөх бэрхшээл харьцангуй гайгүй байгаа.

Ийнхүү байгаль цаг агаар сайхан байгаа нь давуу тал ч нөгөө талаар малчдад хүний туслалцаа маш их хэрэгтэй байгааг тэдэнтэй уулзах бүрт учирлан хэлж байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд аймгийн ИТХ-ын дарга санаачлан аймгийн хэмжээнд байгаа ажилгүй иргэдийг цалинтай төлчнөөр ажиллахыг уриалж тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласан ч мал маллах сонирхолтой ажилгүй иргэн тун ховор байгааг малчдад тайлбарлалаа.

Харин малчдын хувьд цалин аваад мал маллах дургүй байгаа хүмүүс ажил хийж мөнгө олохыг огт хүсэхгүй байна гэсэн үг. Тиймээс мал ид төллөлтийн үеэр сургуулийн сурагчдын амралтыг сунгаж өгвөл онцгой ач холбогдолтой байгааг хэлж байлаа.  

Улиастайн ажилгүй иргэд цалинтай төлчнөөр ажиллахыг хүсэхгүй байна

Мал төллөлт эрчимтэй явагдаж байгаа энэ үеэр малчин бүрт хүн хүчний туслалцаа хамгийн их хэрэгтэй байгаа. Тиймээс ажилгүй иргэдийг цалинтайгаар малчдад туслан төлчнөөр сарын хугацаанд ажиллахыг уриалсан билээ. Өнөөдрийн байдлаар сумдын малчдаас 80 гаруй төлчин авч ажиллуулах захиалга ирсэн ч Улиастайн ажилгүй иргэд төлчнөөр ажиллахыг хүссэнгүй. Харин Алдархаан, Баянтэс, Дөрвөлжин, Нөмрөг,Тэс, Тосонцэнгэл сумдын ажилгүй 66 иргэн төлчнөөр ажиллахаар болж малчны хотонд очоод байна.

Ийнхүү шинэ цагийн илгээлтийн эзэд болсон сумдын төлчиддөө аймгийн ИТХ-ын даргын зүгээс чин сэтгэлийн талархал дэвшүүлэн сайн ажиллаад ирэхийг хүссэн юм.

Аймаг сумдын хурлын төлөөлөгчид сургалтандаа бүрэн хамрагдлаа

Энэ сарын 3-ны өдрөөс эхлэн аймаг, сумдын хурлын төлөөлөгчид 4 ээлжээр сургалтад хамрагдаж эхэлсэн билээ.

Сургалтын сүүлийн ээлж өнгөрөгч өдрүүдэд үргэлжилж хаалтаа хийлээ. Ийнхүү аймаг, сумдын хурлын төлөөлөгчид сургалтад бүрэн хамрагдснаар хурлын үйл ажиллагаанд нэн шаардлагатай сэдвүүдээр сэдэвчилсэн сургалтуудыг хийсэн нь үр дүнтэй байсныг олон  төлөөлөгч санал нэгтэй хэлсэн юм.

Хурлын төлөөлөгч гэдэг сонгууль бүрийн дараа олноороо солигддог онцлогтой бөгөөд тэдэнд зориулсан аливаа сургалт, дэмжлэг ховор байдгаас гадна иргэдтэй харилцах, төсөвт хяналт тавихад шаардлагатай практик дэмжлэг бага, хурлын гишүүдэд туршлагаа солилцох, тэдний эрх ашгийг хөндсөн бодлогын асуудлаар байр сууриа нэгтгэх, Засгийн газар болон улс төрчидтэй харилцах орон зай, хөрөнгө нөөц хязгаардлагдмал байдаг гэсэн шүүмжлэл их байдаг учраас энэхүү чадавхжуулах сургалтыг хийснээ зохион байгуулагчид онцолж байгаа. Цаашид чадавхжуулах сургалтыг давтан хийх мөн багийн Иргэд нийтийн хурлын дарга нарт ийм сургалтыг хийж өгөхийг хурлын төлөөлөгчид хүсч байлаа.

Гар бөмбөгийн тэмцээнд Цэцэн-Уул сумынхан манлайлав

Аймгийн ИТХ-аас зохион байгуулж байгаа аймаг, сумдын хурлын төлөөлөгчдийн дундах бооцоот гар бөмбөгийн тэмцээний сүүлийн бүсийн тоглолт тун ч өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Тоглолтод Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон, Цэцэн-Уул, Сантмаргац, Сонгино сумд оролцсон юм. Оройн 19 цагт  эхэлсэн уг тоглолт үдшийн 01 цагт өндөрлөхөд Цэцэн-Уул сумын тамирчин төлөөлөгчид тэргүүн байрыг эзэлж удаах байруудыг Цагаанхайрхан, Сантмаргац             сумд эзлэв.

Аймгийн ИТХ-ын дарга амралтын өдрийг сумдад ажиллах өдөр болголоо

Аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар амралтын өдрүүдийг сумдад ажиллах өдөр болголоо. Учир нь төрийн албан хаагчид хүссэн үедээ хөдөө сумдад ажиллах боломж тэр бүр олддоггүй. Ялангуяа ажлын өдрүүдэд.

Тиймээс сумдын ажил, малчин түмний ахуй амьдралтай бодитоор танилцан шуурхай ажиллахын тулд Амралтын  өдрүүдийг ажлын өдөр болгосон байна. Тэрээр өнгөрөгч амралтын өдөр Завханмандал суманд ажиллалаа. Энэ үеэр сумын удирдлагуудтай уулзан, Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ тус сумаас төрийн дээд одон медалиар шагнагдсан зарим иргэний шагналыг гардуулсан байна.

Мөн малчин өрхүүдээр орж хаваржилтын байдал, мал төллөлтийн явцтай танилцав.

Завханмандал сумын малчин иргэдийн хувьд мал төллөлтийн үеэр хүн хүчний асуудал хүнд байгааг ярьж байлаа. Ажилгүй иргэдийг сумын төвөөс авчран туслах малчнаар ажлуулдаг ч ид ажлын үеэр буцаад явчихдаг байна. Сумын малчидтай уулзсан аймгийн ИТХ-ын дарга ажилгүй иргэдийг малчидтай хамтарч ажиллах боломжийг судлан холбогдох арга хэмжээ авахаа онцоллоо.

Сумын бага эмч төрийн шагнал хүртлээ

Энэ өдрүүдэд олон олон баяр тохиож байгаа учраас баяр дагасан шагналын хур арвин байна. Аливаа нэг шагнал эзэндээ том бахархал болон очдог. Тэр хирээрээ эзнээ олсон шагналын нэр хүнд тодорхойлогддог. Тиймээс төрийн шагналыг хавтгайруулан олгодог байдлыг бүрэн зогсоож жинхэнэ эздэд нь өгдөг байх бодлогыг аймгийн ИТХ-аас баримталж байгаа.

Өнгөрөгч амралтын өдөр Завханмандал сумын хүн эмнэлгийн бага эмч М.Наранцэцэгийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар гардууллаа.

Шагналын эзэн маань улсад тасралтгүй 26 жил ажиллан энэ хугацаанд сумын ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаа эх баригч, бага эмч байлаа. Түүнийг ийнхүү төрийн шагнал авсанд Завханмандал сумынхан тун баяртай байсан юм.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар Улиастай сумын оёдолчидтой уулзлаа

Улиастай суманд оёдол эсгүүрийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж цөөнгүй байдаг. Орон нутагт ийм төрлийн үйлчилгээг явуулахад ямар бэрхшээл байдаг, оёдолчид хэрхэн ажиллаж байгаатай танилцах зорилгоор энэ өдөр аймгийн ИТХ-ын дарга, оёдолчдын холбооны удирдлагатай хамт тэдний ажлын байраар орж, байдалтай газар дээр нь танилцлаа.

Ихэнх  уулзалтууд хурлын танхимд ширээний ард болдог нь үр дүн багатай байдаг учраас оёдолчидтой хийх уулзалтыг ийнхүү ажлын байранд нь хийх болсноо дурдаад хурлын дарга онцлоод илэн далангүй ярилцсан байна. Энэхүү уулзалт ярилцлагын дүнд оёдолчдын өмнө тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж завханд үйлдвэрлэж завханчууд хэрэглэж хэвшихийг уриалахаар боллоо. 

Оёдолчдын хувьд ажлын захиалга муу байдаг, гол төлөв цаг үеийн захиалгууд иргэдээс л ирдэг, албан байгууллага аж ахуйн нэгжүүд орон нутагт захиалга өгөх нь маш ховор байдаг талаараа учирлаж байлаа.

Уулзалтын үр дүнд аймагт томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулж тулгамдаж буй асуудлаар нээлттэй ярилцахаар болов.

Аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар төлчнөөр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар сумдын цаг үеийн ажил, малчдын хаваржилт болон мал төллөлтийн явцтай танилцаж байна. Хаврын улиралд малчин бүр жил хөдөлмөрлөсөн их ажлынхаа үр дүнг үзэж төл малаа бүрэн хүлээн авахаар чармайн ажилладаг. Энэ жилийн тухайд өвөлжилт өнтэй байсан учраас мал төллөлтийн явцад байгаль цаг агаарын аливаа эрсдэлгүй хэвийн байна. Гэвч сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн ихэссэн, ихэнх залуус оюутан болж төв суурин газрыг бараадах болсноор хөдөөд малчдын залгамж халаа тасрахад хүрчээ. Тиймээс аймгийн ИТХ-ын дарга санаачлан аймаг, сумын төвд байгаа ажилгүй залуусыг төлчнөөр явуулах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Төлчнөөр ажиллах хүсэлтэй залуусыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар болон сумдад нээлттэй бүртгэж байна. Дашрамд дурдахад төлчид маань цалинтайгаар малчиддаа туслахаас гадна мал маллах арвин туршлагаас суралцах ажээ.

Аймгийн ИТХ-ын дарга энэ амралтын өдрүүдэд Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдад ажиллалаа

Амралтын өдрүүдийг ажлын өдөр болгон сумдаар ажиллах зорилго тавьсан аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар энэ амралтын өдрүүдэд Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдад ажиллалаа. Дээрх сумдын малчин иргэдийн хувьд мал төллөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа зарим малчдын бог мал бүрэн төллөж дуусчээ. Энэ хавар цаг агаарын хувьд таатай сайхан байгаа учраас мал төллөхөд ямар нэг хүндрэл бэрхшээл гарахгүй байгаа бөгөөд бог мал маш их ихэрлэж байна. Харин бод малын хувьд төллөлт арай эхлээгүй байна.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын даргын хамтаар сум, багийн Засаг дарга нар малчин өрхүүдээ эргэж, санал бодлыг нь мөн сонслоо.

 

Аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар Эрдэнэхайрхан, Завханмандал сумдад ажиллав

Тэрээр дээрх сумдын өвөлжилт, хаваржилтын байдал болон цаг үеийн ажилтай танилцсаны дээр Төрийн дээд одон медалиар шагнагдсан зарим хүмүүсийн шагналыг гардуулсан юм.

Эрдэнэхайрхан сумын Хайрхан багт амьдрах өндөр настан Э.Жаргал нь 1944 онд төрсөн. 1967 онд Улсын багшийн дээд сургуулийг  математикийн багш мэргэжлээр төгссөнөөс хойш тус суманд тасралтгүй 32 жил ажилласан буурал юм. Тэрээр өнөөдөр гавьяаныхаа амралтанд сууж байгаа хэдийч сумын Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөлд ажиллахын зэрэгцээ гэрийн багш хийж, хувийн мал аж ахуйгаа эрхэлдэг хөдөлмөрч нэгэн билээ. Шинэ он гараад удаагүй энэ цаг мөчид түүнийг Монгол улсын төрийн шагнал  “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, Эрдэнэхайрхан сумын хурлын төлөөлөгч С.Ганзориг нар гардуулан өглөө.

Өдгөө 70 насны сүүдэр зооглож байгаа ч сумын олон нийтийн ажилд идэвхтэй оролцож залуу хойч үедээ зааж зөвлөн байнга хамтран ажилладаг  ахмад багшид сумын удирдлагууд болон үр хүүхэд, ах дүүс нь мөн хүндэтгэл үзүүлсэн юм.

Төрийн шагнал эзнээ олох нь чухал

Эрдэнэхайрхан сумаас төрийн дээд одон медаль хүртсэн бас нэгэн буурал нь Х.Рагч гуай юм. Тэрээр сумандаа санхүү эдийн засгийн мэргэжилтэн, татварын байцаагчаар тасралтгүй 30 гаруй жил ажиллан өнөөдөр гавьяаныхаа амралтыг эдлэн сууна. Аймгийн ИТХ-ын дарга түүний шагналыг гардуулахад  үр хүүхэд, ах дүүс нь их л хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Өдгөө 78 насыг зооглон үр хүүхдүүдээ тойруулан суугаа энэ хоёр  буурал 10 хүүхэд төрүүлж өсгөжээ. Үр хүүхдүүд нь төрсөн сумандаа болон аймагтаа зарим нь Улаанбаатар, Дархан хотуудад ажиллаж хөдөлмөрлөж байна.

Буурлын шагналыг сум даяараа их л олон жил хүлээжээ. 1976 онд Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн түүнийг Алтан гадас одонд олон удаа тодорхойлж байсныг сумынхан онцолж ийнхүү хүссэн шагнал нь жинхэнэ эзэндээ ирсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн цаашид эзнээ олсон ийм шагнал олныг өгөхийг аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатарт захиж байлаа.

 

Аймгийн Иргэний танхимаар хэлэлцүүлэх асуудлын саналыг иргэдээс нээлттэй авч байна

Иргэний танхим аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэд ажиллах болсонтой холбоотойгоор Иргэний танхимаар хэлэлцүүлэх асуудлын саналыг иргэдээс нээлттэй авч байна.

Аймгийн төв Улиастай хот нь нийт 6 багтай. Эдгээр багуудаас Жаргалант, Чигэстэй, Товцог багууд иргэд нийтийн хурлаа хийж эдгээр багуудын иргэд нийтийн хурлын үеэр Иргэний танхимаар хэлэлцэх асуудлын саналыг авсан бөгөөд санал асуулгад 192 иргэн оролцож саналаа өглөө.

Иргэний танхим нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, нутгийн өөрөө удирдах байгууллага, захиргааны байгууллагын аливаа шийдвэр болон аймаг, орон нутгаа хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд иргэдийн санаа бодлыг тусгахад төр иргэнийг холбох гүүр нь болон ажиллах учиртай. Тиймээс Иргэний танхимаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд саналаа өгөхийг уриалж байна.

Таны саналыг 70461111 тоот утас болон www.zavkhan.gov.mn, zavkhan999@yahoo.com хаягаар авч байна.

 

Аймгийн Иргэдийн хурлын дэргэд Өмчийн алба байгуулагдлаа

Аймгийн ИТХ-ын 21 тоот тогтоол, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 06 тоот тогтоолыг үндэслэн аймгийн ИТХ-ын дэргэд Орон нутгийн Өмчийн алба байгуулагдан ажиллаж байна.

Шинээр байгуулагдсан энэхүү алба нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтыг зохион байгуулах, орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах гээд орон нутгийн өмчтэй холбоотой харилцааг хуулийн хүрээнд зохицуулах үүрэгтэй.

Аймгийн ИТХ-ын Ажлын алба цасны баярт оролцов

Амралтын өдрүүдэд цанын баазад зохион байгуулагдсан цасны баярт аймгийн ИТХ-ын Ажлын алба идэвхтэй оролцлоо. Уг арга хэмжээнд аймагт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагууд оролцож уулын оргил, сумо бөх, хөл бөмбөг гээд спортын олон төрлөөр өрсөлдөн нэг өдрийг цэвэр агаарт идэвхтэй өнгөрүүллээ. Манай  Ажлын албаныхан сумо бөх, уулын оргил, олс таталтын тэмцээнүүдэд амжилттай оролцов. 

 

Аймгийн ИТХын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа

2014 он гарсаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 4 дэх хуралдаанаа хийлээ.Энэ удаагийн хуралдаанаар 2014 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай, Хөрөнгө зарцуулах зөвшөөрөл олгох тухай, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлээр хийгдсэн ажлын үр дүн, цаашдын зорилт, Төрийн шагналд уламжлах тухай гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцлээ.

Тэргүүлэгчдийн хурал нь аймгийн Нэгдсэн хуралдааны чөлөөт цагт хурлын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эрхтэй. Тиймээс цаг үеийн тулгамдсан асуудлаар тухай бүр шуурхай хуралдаж шийдвэрийг гаргадаг онцлогтой.

Өнөөдөр аймгийн ИТХурал нь 9 тэргүүлэгчтэй бөгөөд тэдний зургаа нь МАН-аас сонгогдсон төлөөлөгч бол гурав нь Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид юм.

Иргэний танхим аймгийн ИТХ-ын дэргэд ажиллана

Иргэний танхимыг аймгийн ИТХ-ын дэргэд ажлуулахаар болж энэ сарын 3-ны өдөр Иргэний танхимыг хүлээн авлаа. Аймагт Иргэний танхимын байгуулагдаад удаагүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлаар олон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан байдаг. Дээрх хэлэлцүүлгүүдээс харахад иргэдийн оролцоо сул байсныг хэлэлцүүлгийг зохион байгуулагчид онцолж байгаа. Тиймээс Иргэний танхимын үйл ажиллагааг нийтэд сурталчлах, ойлгуулах улмаар төрийн шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Нутгийн өөрөө удирдах байгууллага онцгой анхаарч ийнхүү Иргэний танхимыг дэргэдээ ажиллуулахаар болсон байна.

Иргэний танхимд банкууд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа

Энэ удаагийн Иргэний танхимын хэлэлцүүлэгт Монгол банкны салбар болон арилжааны 3 банк оролцож банкны байгууллагын давуу талаа танилцууллаа. Өнөөдөр Монгол улсад хамгийн хурдацтай хөгжиж байгаа салбар бол яахын аргагүй банкны салбар. Тэр ч утгаараа хүн бүрийн өдөр тутмын үйл ажиллагаа банк, санхүүгийн байгууллагатай нягт холбоотой болсон. Тиймээс энэ салбарын мэдээлэл хамгийн хэрэгцээт мэдээлэл байдаг.

Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс банкууд ижил хүүтэй болох, одоогийн байгаа хүүгийн хэмжээг бууруулах, АТМ машины тоог нэмэгдүүлэх түүнийг тогтмол ажиллуулах, зээл авахад бэлэн мөнгөний хураамжийг өндөр хувиар тооцон авдагаа болих зэрэг олон саналыг хэллээ.

Эдгээр саналуудаас Улиастай сумын Товцог багийн иргэдээс тухайн багийн нутаг дэвсгэрт аль нэг банкны салбар байгуулж өгөхийг хүслээ.

Иргэний танхимд зохион байгуулагдаж байгаа хэлэлцүүлгээс иргэдэд хэрэгтэй  бодит шийдвэр гарч байх нь хамгийн чухал.  Гурван цаг үргэлжилсэн энэ удаагийн хэлэлцүүлгийн эцэст Улиастай сумын Товцог багийн 2500 гаруй иргэнд банкны үйлчилгээг шуурхай хүргэхийн тулд Явуулын банкийг ажиллуулахаар боллоо.

Цаашид салбар байгуулах тал дээр төв банкинд хүсэлт уламжилж шийдвэрлүүлэх тал дээр анхаарч ажиллахаа банкны удирдлагууд хэллээ.

 

Аймаг, сумын хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт  эхэллээ

УИХ-ын Тамгын газар, аймгийн  ИТХурал хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нутгийн өөрөө  удирдах байгууллагыг чадавхжуулах төслийг  2016 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд энэ төслийн хүрээнд “Аймаг, сумдын хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах” сургалтыг улс орон даяар зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар, УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа, аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар нар оролцлоо.

Сургалт 3 сарын 15 хүртэл 4 ээлжээр зохион байгуулагдах бөгөөд эхний ээлжийн сургалтад Алдархаан, Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал сумдын 100 гаруй төлөөлөгч оролцон Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага, Авлигаас урьдчилан сэргийлэх, Хүний эрх ба Жендэр, Байгаль орчин-ногоон хөгжил гэсэн сэдвүүдээр мэдээлэл солилцож байна.

 

УИХ-ын Тамгын газрын дарга аймгийн Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцлаа

Төр засгийн бодлого шийдвэрт иргэдийн оролцоог бий болгох зорилгоор Иргэний танхимыг улс орон даяар байгуулан ажиллуулж байгаа билээ. Тиймээс аймгийн Иргэний танхимын үйл ажиллагаатай УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар танилцаж зөвлөгөө өглөө.  

Тэрээр Иргэний танхим төрийн байгууллагын дэргэд ажиллах нь учир дутагдалтай учраас Нутгийн иргэдийн дуу хоолойг илэрхийлэх үүргийг хуулиар хүлээдэг Нутгийн өөрөө удирдах байгууллагын дэргэд ажиллах нь маш чухал. Завхан аймгийн хувьд Иргэний танхимаа Нутгийн өөрөө удирдах байгууллагынхаа дэргэд ажиллуулах болсон нь хамгийн сайн зүйл. Өнөөдрийн нийгэмд иргэдийн оролцоо маш сул болсон. Тиймээс орон нутагт  иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарахыг чухалчлаад цаашид Завхан аймгийн Иргэний танхимын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Аймгийн ИТХ-аас гар бөмбөгийн тэмцээнийг бүх төлөөлөгчдийн дунд зохион байгуулж байна

Аймгийн төв Улиастай хотноо сургалтад оролцож байгаа Аймаг, сумдын хурлын төлөөлөгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг аймгийн Нутгийн удирдлагын байгууллагаас зохион байгуулж байна. Энэ удаагийн гар бөмбөгийн тэмцээнд Алдархаан, Яруу, Завханмандал, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Ургамал сумдын төлөөлөгчид оролцон тун ч ширүүн өрсөлдлөө.

Аймгийн ИТХ-ын ажлын алба эдгээр сумдтай нөхөрсөг тоглолтыг хийж тэмцээний дүн гарахад Ургамал сумын баг тамирчид тэргүүн байрыг эзэлсэн бол удаах байруудад  Завханмандал, Яруу сумд шалгаран, алт мөнгө, хүрэл медалийн эзэд болж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Ц.Балхярваа нар гардуулж төлөөлөгч тамирчиддаа амжилт хүслээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа

Аймгийн ИТХ-ын даргын өрөөнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж тус зөвлөлийн өнгөрсөн онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж улмаар 2014 оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Мөн Малын хулгайн дэд хөтөлбөрийн төлөвлөгөөг баталсан байна.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд салбар зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, орлогч даргаар аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, нарийн бичгийн даргаар аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбаатар нар ажилладаг бол гишүүдэд аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан 13 хүн ажиллаж байна.

 

Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс Тэргүүлэгчдийн хуралдаанд мэдээлэл хийлээ

Аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид, Тэргүүлэгчид босоо удирдлагатай ч аймагт үйл ажиллагаа явуулдаг хэлтэс, агентлагуудын хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан, холбогдох мэдээлэлтэй танилцах санал гаргасаны дагуу энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс мэдээлэл хийлээ.

Тус хэлтэс нь Хөдөлмөрийн яамны харъяанд ажилладаг бөгөөд шинээр зохион байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байгаа. Энэ байгууллага нь орон нутагт ажлын байрыг бий болгоход чиглэсэн бодлогыг барьж ажилладаг. Өөрөөр хэлбэл мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургалтуудыг зохион байгуулах, шинээр ажлын байр гаргаж буй байгууллагуудтай хамтарч ажиллах, ажлын байртай холбоотой төсөл, хөтөлбөрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон үйл ажиллагааг явуулдаг. Иргэд ч энэ байгууллагын талаарх мэдээллийг нээлттэй ил тод байлгахыг хүсэж, хурлын төлөөлөгчдөөрөө дамжуулан дээрх саналыг хүргүүлсэн байна. Тэргүүлэгчид Хөдөлмөрийн хэлтсийн мэдээллийг сонсон харилцан санал солилцож, иргэдэд нээлттэй ажиллах талаар зөвлөгөө өглөө.

 

 

Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт үргэлжилж байна

Аймаг, сумдын хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын 2-р ээлж эхэллээ. Сургалтад аймгийн хойд бүсийн сумд болох Тэс, Баянхайрхан, Баянтэс, Асгат, Нөмрөг, Түдэвтэй сумд оролцлоо. Дээрх сумдаас нийт 100 гаруй төлөөлөгч оролцож батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдлаа. Сургалтыг гурван бүлэгт хуваан явуулж байгаа бөгөөд бүлэг тус бүрийн сургалтын үйл явцтай аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар танилцаж мэдээлэл сонслоо.

Хойд бүсийн сумдаас Асгат сумын төлөөлөгчид тэргүүн байр эзэллээ

Сургалтад хамрагдаж байгаа төлөөлөгчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гар бөмбөгийн тэмцээнийг бүсчлэн зохион байгуулж байгаа билээ. Аймгийн хойд бүсийн сумдын төлөөлөгчид оролцсон энэ удаагийн тэмцээнд Тэс, Баянтэс, Асгат, Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан сумын төлөөлөгч тамирчид оролцсноос Асгат сум тэргүүн байрыг эзэлж Нөмрөг, Түдэвтэй сумд удаах байрт шалгарлаа. Алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн багуудын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Ц.Балхярваа нар гардуулан өглөө.

Эмэгтэй төлөөлөгчдөд сарнай цэцэг бэлэглэлээ

Аймгийн төв Улиастай хотноо зохион байгуулагдаж байгаа Аймаг сумдын хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад оролцож байгаа эмэгтэй төлөөлөгчдөд аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар сарнай цэцэг бэлэглэлээ. Учир нь сургалтын энэ өдөр Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон учраас иргэдийнхээ дуу хоолойг төрд хүргэхээр сонгогдсон эмэгтэй төлөөлөгчдөд ийнхүү баярын мэнд хүргэлээ. Хөдөө орон нутагт ялангуяа алслагдсан сумдад ажиллаж хөдөлмөрлөн бусдыгаа манлайлана гэдэг эмэгтэй хүний хувьд асар их тэвчээр, нөр их хөдөлмөрийг шаарддаг. Тиймээс тэвчээртэй, ухаалаг, хөдөлмөрч мянга мянган ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон тэдний ажилд улам их амжилтыг хүсч тэднээр дамжуулан аймгийнхаа нийт ээжүүд,бүсгүйчүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ хүргүүллээ.

Аймаг, сумдын хурлын төлөөлөгчдийн сургалтын гуравдугаар ээлж явагдаж байна

Гуравдугаар ээлжинд Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр, Их-Уул, Улиастай сумдын нийт 110 төлөөлөгч  ИТХ-ын хуралдаан зохион байгуулах, хурлын дэг, Иргэдийн оролцоо, Авлигаас урьдчилан сэргийлэх, Хүний эрх, Жендэр гэсэн сэдвүүдээр сургалтанд хамрагдаж байна. Сургалтын явцад тодорхой сэдвүүдээр багаар ажиллан сумд харилцан туршлагаа нээлттэй солилцож, сургагч багш нарын тусламжтайгаар сумдынхаа давуу тал болон сул талаа тодорхойлж зөв ойлголцолд хүрч байгаа нь тухайн сургалтын гол ач холбогдол болж байна.

 

Мэдээ мэдээлэл