Өнөөдөр: 2017 оны 12-р сарын 16 гараг

Түүхийн хуудас

ЗАВХАН АЙМГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Завхан аймаг нь өөрийн үүсэл хөгжилийн өвөрмөц түүхтэй юм. XYI зууны сүүл XYII зууны эхэн үед эртний монголын зургаан түг түмний нэг Халх түмэн арван хоёр отогтой гэх боловч үнэн хэрэгтээ таван отог халхчууд Өвөрлөгч нутгат шилжин нүүж Арын угуул нутагт долоон отог үлдсэн ажээ. Энэ долоон отог Халхын гурван аймгийг бүрдүүлсэн юм. Халхын зүүн гарт Түшээн хан, Сэцэн хан, Засагт хан аймгийн гэх гурван том засаг захиргааны нэгж XYI зууны сүүл орчимд бүрэлдэн тогтжээ. Үүнээс үзэхэд Засагт хан аймгийн эх үүсвэр энэ үеээс баттай тавигдсан гэж үзэж болно. Энэ үед Гэрсэнз Жалайр Хунтайжийн ахмад хөвгүүн Ашихай Балдан Хунтайж, дэд хөвгүүн Ноёнтой Хатанбаатар, зургадугаар хөвгүүн Далан хөндлөн, долдугаар хүү Самуйбуймаа нар хан ширээг өв залгамжлан сууж байжээ. Ийнхүү 1923 оны сүүлчээр засаг захиргааны нэгжийг ул сууриар нь нэрлэхэд Бишрэлт, Засагт хан аймаг, Хантайшир уулын аймаг нэртэй болж 20 хошуу, 4 шавь нь уул усны нэрээр нэрлэгдсэн сумууд болсон ба хоорондоо нэгдэж зарим нь салжээ. 1931 онд хошуудыг татан буулгаж олон аймаг байгуулах хүртэл оршин тогтносон юм.
1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарав. Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу /Хуучин Засагтхан аймгийн Цогтой вангийн хошуу/, Цэцэн сартуул хошуу /хуучин Засагтхан аймгийн Цэцэн сартуул вангийн хошуу/, Гурван сйахан Жаргалант/ хуучин Засагтхан аймгийн Баатар вангийн хошуу/, Цэцэрлэгмандал уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуудаас /хуучин Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошуу/ анх Завхан аймгийг байгуулжээ. Үүнээс хойш завхан аймгийн бүтэц бас өөрчлөгдсөн бөгөөд 1931 онд дахин салж одоогийн Говь-Алтай аймаг, 1933 онд Завхан аймаг нийлж 1940 онд дахин салж одоогийн Говь-Алтай аймгийг байгуулсан ба 1942 онд Гурвансайхан Жаргалант уулын хошуунаас үүссэн Хөхморьт, Дэлгэр, Баян-Уул сумууд Завхан аймгийн харъяалалаас гаргаж шилжүүлэн өгчээ.