Өнөөдөр: 2017 оны 10-р сарын 23 Даваа гараг

Хөгжлийн цогц бодлого

ГАРЧИГ

ОРШИЛ

1. Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)-ыг  УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)”-д тулгуурлан боловсруулав.

2. “Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021он)”-д “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги (2010 он хүртэл)”, “Монгол Улсын Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр(2015 он хүртэл)” зэрэг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар тусгалаа олсон болно.

3. “Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021он)”-д “Завхан  аймагт барилгын салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх  мастер төлөвлөгөө”, “Завхан  аймгийн мэдээлэл, холбооны салбарыг хөгжүүлэх хөтөлбөр /2008-2015 он/”,  “Завхан  аймагт байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар 2009-2021 он хүртэл хэрэгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Аймгийн Мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр /2005-2015 он/”, “Газар тариаланг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр /2008-2012 он/”, “ Завхан аймгийн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг 2009-2021 онд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Завхан аймгийн бага дунд боловсролыг 2015, 2021 он хүртэл хөгжүүлэх дунд болон урт хугацааны төлөвлөгөө”, “Завхан аймгийн хүүхдийн төлөө төвийн дунд болон урт хугацааны стратеги /2008-2021 он/”, “Завхан аймгийн соёл урлагийг 2021 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”,  “Завхан аймгийн усны дэд хөтөлбөр”, МУИС-ийн Завхан аймаг дахь ЭЗсС-ийн дэргэдэх судалгааны төвийн багийн хийсэн “Завхан аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөв байдал” (2007 он), “Завхан аймгийн хөдөлмөрийн зах зээл, хүний нөөц” (2008 он) зэрэг судалгааны ажлуудын дүгнэлтүүд, аймгийн хэмжээний хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар мөн тусгалаа олсон болно.

4. Завхан аймгийн урт хугацааны хөгжлийн стратегийн зорилтууд, хүрэх үр дүнг 2009-2015 он, 2016-2021 он гэсэн үндсэн хоёр үе шатаар тусгав.

5. Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021он)”-ыг боловсруулахад “Завхан аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, агентлагууд, сумдын ИТХ, Засаг даргын тамгын газар, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөл тэргүүлэх үүрэгтэй оролцов.

НЭГ. ЗАВХАН АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД

1.1. Завхан аймгийн хөгжлийн өнөөгийн байдал

 Завхан аймагт 2008 оны байдлаар 79.8 мянган хүн буюу манай улсын нийт хүн амын 3 орчим хувь оршин сууж байна. Ажилгүйдлийн түвшин 2008 оны байдлаар улсын дундажаас 1.4 пунктээр, Улаанбаатарынхаас 2.6 дахин өндөр байна. Хүн амын дундаж наслалт 64.8 байгаа нь улсын дунджаас 1.7 жилээр  бага байна. Хүний хөгжлийн индексийн улсын дундаж 0.718 байхад Завхан аймагт 0.679 байна. Аймгийн нэг өрхөд ногдох хүний тоо 4 байхад улсын дундаж 4.1 байна. Хүн амын тоо цөөн, өсөлт удаан байна. Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэм (социаль)-ийн салбаруудын хүрээнд шийдвэрлэвэл зохих олон асуудал хуримтлагдсан байна.

            Завхан аймгийн эдийн засгийн хөгжлийн түвшин ихээхэн доогуур байна. Нэг хүнд ногдох ДНБ 2008 онд 1206 мян.төг байгаа  нь улсын дунджаас 100 мянган төгрөгөөр бага байна.  Манай улсын ДНБ-ий 1.6 хувийг Завхан аймагт үйлдвэрлэж байгаа бөгөөд улсын нийт хүн амын 3 хувь оршин сууж байгаа нөхцөлд энэ нь ихээхэн чамлалттай үзүүлэлт юм. Аймгийн эдийн засгийн салбарын бүтэц ч ихээхэн хоцрогдсон байна. Аймгийн ДНБ-ий үйлдвэрлэлд 2008 оны байдлаар бэлчээрийн МАА-д суурилсан хөдөө аж ахуйн салбар 72.5 хувийг, аж үйлдвэр, барилгын салбар 3.6 хувийг, бөөний болон жижиглэн худалдаанд суурилсан үйлчилгээний салбар 23.9 хувийг тус тус эзэлж байна.  Боловсруулах үйлдвэрлэл, дэд бvтэц мөн нэн сул хөгжсөн.

           Эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур байгаатай холбоотойгоор аймгийн татварын орлого бага, аймгийн төсөвт улсын татаас голлох үүрэгтэй байна. Улсын төсвөөс аймгийн төсөвт олгосон санхүүгийн дэмжлэг(татаас) 2008 онд  2889.1 сая.төг болж өмнөх оноосоо 571.2 сая төгрөгөөр өссөн байна.

            Өргөн хэрэглээний 8 нэрийн барааны үнийг Улаанбаатартай харьцуулан авч үзвэл цагаан будаа, махнаас бусад барааны хувьд  18-136 төгрөгөөр өндөр байна.

Байгалийн нөөцийн ашиглалт, хамгааллын холбогдолтой шийдвэрлэвэл зохих асуудлууд ч цөөнгүй байна. Завхан аймаг Монгол Улсын цөлжилтөд нилээн өртсөн аймгуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөний зэрэгцээ сүргийн бүтэц алдагдсантай холбоотойгоор нийт нутгийн хэмжээгээр бэлчээрийн даац хүрэлцэхгүй байдал ажиглагдаж байна. Мөн худаг, ус тойрсон бага хэмжээний газар олон тооны мал бөөгнөрч бэлчээрийн талхагдлыг ихэсгэж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон чадавхийг бий болгож, цөлжилтийг сааруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах нь томоохон тулгамдсан асуудал болоод байна.

1.2. Завхан аймгийн хөгжлийн давуу болон сул талууд

            Завхан  аймгийг 2009-2021 он хүртэл хөгжүүлэх цогц бодлогод хөгжлийн дор дурдсан давуу болон сул талуудыг тооцон үзэв.

Үүнд:

Хөгжлийн давуу талууд:

  • Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр;
  • Боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд өрсөлдөхөд ашиглаж болох МАА-н түүхий эдийн арвин нөөцтэй ;
  • ОХУ-ын   томоохон зах зээлд ойр дөт ;
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой зэрэг болно.
  • Хөгжлийн сул талууд:
  • Хүн амын тоо цөөн, өсөлт удаан, тархай бутархай байршилтай, ажилгүйдэл ядуурлын түвшин өндөр;
  • Хөдөлмөрийн нөөц хязгаарлагдмал, ур чадвартай инженер техникийн ажилтан, ажилчид, зах зээлийн мэдлэгтэй мэргэжилтний тоо цөөн;
  • Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшин доогуур , энэ талын тулгамдсан асуудлууд хуримтлагдсан;
  • Эдийн засгийн салбарын бүтэц ихээхэн хоцрогдсон, эдийн засагт бэлчээрийн МАА-д суурилсан хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэй;
  • Эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур байгаатай холбоотойгоор аймгийн татварын орлого бага, аймгийн төсөвт улсын татаас голлох үүрэгтэй; 
  • МАА, газар тариалангийн үйлдвэрлэл байгаль, цаг агаарын байдлаас хэт хамааралтай;
  • Зам харилцаа, эрчим хүчний дэд бүтэц хэт сул хөгжсөн;
  • Аймгийн дотоод зах зээлийн багтаамж бага, Монгол Улсын нийслэл хотын болон Төвийн бүсийн томоохон зах зээлээс алслагдсан;
  • Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний сөрөг үйл ажиллагааны нөлөөгөөр аймгийн нутаг дэвсгэрийн баруун хагаст цөлжилтийн үйл явц эрс хурдассан зэрэг болно.

 

ХОЁР. ЗАВХАН АЙМГИЙН ХӨГЖЛИЙН АЛСЫН ХАРАА,

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД

2.1. Завхан аймгийн хөгжлийн алсын хараа

Завхан аймгийн хөгжлийн 2021 он хүртэлх алсын хараа нь хүний хөгжилд тулгуурлан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж хүн амын амьдралын түвшинг тууштай дээшлүүлэн, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, Монгол Улсын өөрөө өөрийгөө тэтгэдэг, орчин үеийн бүтэц бүхий  мэдлэгт суурилсан эдийн засагтай, цэцэглэн хөгжиж буй аймаг болоход оршино.

2.2. Завхан аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд

            Завхан аймгийн хөгжлийн цогц бодлогыг дараах таван тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ:

  1. Аймагт мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, хүнийг бүх талаар хөгжүүлнэ.
  2. Дэлхийн болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай, хувийн хэвшилд тулгуурласан экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, аймгийн эдийн засгийг олон талтай, мэдлэгт суурилсан болгоно.
  3. Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.
  4. Сумдыг бүсчилэн хөгжүүлж хөдөөгийн хөгжлийг хурдасгана. Аймгийн төв, сумдын төвүүдийг оновчтой хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана .
  5. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон чадавхийг бий болгож, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг арилгаж цөлжилтийг сааруулан экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.

 

ГУРАВ. ХҮНИЙ ХИЙГЭЭД НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Завхан аймгийн хөгжлийн 1 дэх тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлнэ. Аймагт ядуурал, ажилгүйдлийг тууштай бууруулж, иргэдийн амьдралын чанарыг тасралтгүй дээшлүүлнэ. Гэр бүлийг хөгжүүлж, хүн ам зүйн оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ. Хүн амын боловсрол, соёл, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулна. 2015 он гэхэд мянганы хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлнэ.

3.1. Ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого

Үндэслэл: Ажилгүйдлийн түвшин улсын дунджаас өндөр байна.  Ажилгүйдлийн түвшин 2008 оны байдлаар 4.2 хувь байгаа нь улсын дунджаас 1.4 пунктээр, Улаанбаатарынхаас 2.6 дахин өндөр байна. Ажилгүйдлийг дагалдан ядуурал өсч байна. Аймгийн нийт хүн амын 29 хувь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ядуу амьдарч байна. Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин 2008 оны байдлаар Баруун бүсэд 94.3 мян.төг, Төвийн бүсэд 90.8 мян.төг, Хангайн бусэд 89.0 мян.төг, Зүүн бүсэд 85.1 мян.төг, Улаанбаатарт 94.8 мян.төг байна. Баруун бүсийн аймгуудад, тэдгээрийн дотор Завхан аймагт  амьдралын өртөг харьцангуй  өндөр байгаа нь юм.

     Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч ядуурал дорвитой буурахгүй байна. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн тоо 1994 онд аймгийн нийт хүн амын 22,7 хувь байсан бол 2007 онд 28,7 хувь болон нэмэгдсэн байна. Ядуу өрхийн дийлэнх олонхи нь аймгийн төвд болон сумдын төвд амьдарч байна.

Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стратегийн зорилт 1. Аймгийн хэмжээнд мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж ядуурлыг 2 дахин бууруулна.

  • Завхан аймгийн хөгжлийн энэхүү цогц бодлоготой нягт уялдуулан “Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах дунд хугацааны хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлэх;
  • Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй уялдуулан ажлын байрыг тууштай нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 2.0 хувиас дээшгүй байлгах;
  • Ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох;
  • Ажилгүй, ядуу, нэн ядуу иргэдэд мэргэжил, ажлын дадлага туршлага эзэмшүүлэх, хөгжлийн зээл, тусламжид хамруулах зэргээр дэмжлэг үзүүлэх;
  • Ядуу, бага орлоготой малчин залуусыг уламжлалт мал маллагааны арга барилд сургах;
  • Ядуу өрхийг нөхөрлөл, хоршоололд хамруулан, аж ахуй эрхлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  • Байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх, ойн зурвас байгуулах, хөрс, бэлчээрийг хамгаалах зэрэг ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг өргөн оролцуулах;
  • Ядуурлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг орон нутагт идэвхижүүлж, уялдаа холбоог нь сайжруулах;
  • Хөдөлмөр эрхлэлтийн сан болон бусад хөтөлбөр, төслүүдийн хүрээнд хугацааны хувьд байнгын, үнэлгээний хувьд цалин өндөртэй ажлын байрыг бий болгох;
  • Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих;
  • Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжлийн сургалтыг өргөтгөх хөтөлбөрийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэх;

Стартегийн зорилт 2. Нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж, чанарыг эрс сайжруулж, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгоно:

  • Аймгийн төв, сумын төвүүдийн түвшинд нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээг эрс сайжруулах;
  • Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, тэтгэврийн суурь даатгалын тогтолцоонд аймгийн хүн амыг бүрэн хамруулах;
  • “Тогтвортой амьжиргааг дэмжих” төслийн хүрээнд ядуу, эмзэг бүлгийн иргэдэд туслах;
  • Бүтэн өнчин, тэнэмэл, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд туслах халамжийн төвийг байгуулж ажиллуулах;
  • Ядуу иргэд, орон гэргүй хүмүүс гэр, хашаа, орон сууц худалдан авах, барих, орон байраа өргөтгөх, засварлах зориулалт бүхий орон сууцны зээлийн үйлчилгээг нэмэгдүүлэх;
  • Хүн амын эмзэг бүлгийг дэмжих зорилгоор “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г өөрсдийн нь оролцоотой боловсруулан хэрэгжүүлэх;
  • Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт, суурин газрын нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийн тохижилт, үйлчилгээний ажилд оролцуулах;
  • Ахмад настны амралт сувилалын газар, чийрэгжүүлэлтийн танхим нээн ажиллуулах, тэдэнд үзүүлж байгаа тусламж, хөнгөлөлтийг боловсронгуй болгох;
  • Байнгын ажиллагаатай хүүхдийн хөгжлийн төвийг байгуулж ажиллуулах;
  • Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөвөлгөө өгөх төвийг байгуулж ажиллуулах;
  • Аймагт ажиллаж амьдарч байгаа төрийн  захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг бүсийн ялгавартай  нэмэгдүүлэн тогтоох саналыг боловсруулж  шийдвэр гаргуулах;

Хоёрдугаар үе шат (2016-2021он):

     Стратегийн зорилт 1. Ядуурлыг бууруулахад бүхий л хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог сайжруулна: 

  • Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн тоог 2015 оны түвшингээс хоёр дахин бууруулах;
  • Ядуурлыг бууруулах, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
  • Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжих;

            Стратегийн зорилт 2. Нэн ядуу иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээг боловсронгуй болгоно:

  • Бүтэн өнчин, тэнэмэл болон нэн ядуу өрхийн хүүхдийн халамж үйлчилгээний төвүүдийг шинээр байгуулж, амьдралын арга ухааныг зааж сургах ;
  •  “Нийгмийн халамжийн сан”-гийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүрээ, хүртээмжийг тэдний амьдралын чанар, онцлогийг харгалзан нэмэгдүүлэх;
  • Ахмад настанд үзүүлдэг тусламж, хөнгөлөлтийг тухайн үеийн нөхцөл байдлыг оновчтой тооцон сайжруулах;

3.2. Хүн ам зүйн бодлого

Үндэслэл: Хүн амын тоо цөөн, өсөлт удаан байна. Завхан аймгийн 1000 хүнд ногдох төрөлт 2008 оны байдлаар 23.5, нас баралт 5.4, цэвэр өсөлт 18.0 байхад улсын дунджаар төрөлт 24.0, нас баралт 5.8, цэвэр өсөлт 18.2 байна.  Хүн амын дундаж наслалт улсын хэмжээнд 67.2 байхад Завхан аймагт 65.6 байна.

Хүний хөгжлийн индексийн улсын дундаж 0.738 байхад Завхан аймагт 0.700 байна. Цаашид гэр бүлийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлэн хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж, сурч боловсрох таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байна.

Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стартегийн зорилт 1. Хүн амын жилийн дундаж өсөлтийг тууштай нэмэгдүүлнэ:

  • Аймагт “Гэр бүл, хүүхдийн цогц хөгжил” дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
  • Аймаг, сумдын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх;
  • Залуу гэр бүл, шинээр төрсөн хүүхдийг дэмжих сан байгуулж ажиллуулах;
  • Хүн амын эмзэг бүлгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
  • Өрх бүрээр ургийн бичиг хөтлүүлж занших;
  • Хүн амын дундаж наслалтыг улсын дундажид хүргэх;

Стратегийн зорилт 2. Хүнийг бүх талаар хөгжүүлэн, аймгийн хэмжээнд хүний хөгжлийн индексийн дундаж үзүүлэлтийг 0.700-аас бууруулахгүй байна:

  • Аймгийн төв, сумдын түвшинд бүх шатны сургалтын материаллаг баазыг бэхжүүлэн, сургалтын чанарыг сайжруулах;
  • Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тууштай сайжруулах;
  • Бичиг үсэг үл мэдэх явдал, сургууль завсардалтыг эрс багасгах;
  • “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөр”, “Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийг тус тус хэрэгжүүлэх; 
    • Аймгийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, салбарын бүтцийг шинэчлэх бодлоготой уялдуулан хүн амын орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх;
    • Улиастай суманд ахуйн үйлчилгээний хүртээмжийг 50 хувиар нэмэгдүүлэх;
  • Бизнесийн байгууллагуудын ажилтнуудад гадаад худалдааны гэрээ хэлцэл хийх ур чадвар эзэмшүүлэх, маркетинг, менежмент, эдийн засаг, худалдааны мэдлэг олгох;

Хоёрдугаар үе шат (2016-2021он):

Стратегийн зорилт 1. Хүн амын жилийн дундаж өсөлтийг улсын дундаж түвшинд хүргэнэ:

  • Аймгийн эдийн засгийн өсөлтийг түргэсгэн ажлын байрны хангамжийг сайжруулах замаар гадагш чиглэсэн  шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах;  
  • Төрөлтийг дэмжих зорилгоор өрхийн орлогод ногдох албан татварт хөнгөлөлт үзүүлэх, өрхийн хүүхдийн тоо, насны ялгааг харгалзан тэтгэлэг олгох арга хэмжээг өргөтгөх;

 

Стратегийн зорилт 2. Хүнийг хөгжүүлэх боломжийг бүрэн ашиглах замаар аймгийн хэмжээнд хүний хөгжлийн индексийн дундаж үзүүлэлтийг 0.720-аас бууруулахгүй байна:

  • Аймаг, сумдын түвшинд хүн амын орлогыг нэмэгдүүлэх, боловсролын түвшинг дээшлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх;
  • Боловсролын тогтолцоог боловсронгуй болгож, бүх шатны боловсролын хүртээмжийг сайжруулах;
  • Эдийн засгийн өсөлт, салбарын бүтцийн өөрчлөлттэй уялдуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох;

3.3. Боловсрол, соёлын хөгжлийн бодлого

            Үндэслэл: Аймагт суурь боловсролын хамран сургалт 92.7 хувьтай, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 45.9 хувьтай байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон МУИС-ийн Завхан дахь Эдийн засгийн салбар сургууль, СУИС-ийн харъяа Баруун бүсийн Хөгжим бүжгийн Коллежид мэргэжлийн боловсрол олгож байна. Гэвч сургууль завсардалт, бичиг үсэг үл мэдэх явдал арилаагүй байна. Цаашид нийгэм-эдийн засгийн эрчимтэй хөгжлийн эрэлт шаардлагад нийцсэн оюунжсан, бүтээлч чадамжтай хүний нөөцийг бий болгох чиглэлээр бүх нийтийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байна.

Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стратегийн зорилт 1. Суралцагчидад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмшүүлнэ:

  • Ерөнхий боловсролын сургуулийн байршил, хэв шинжийг засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогтой уялдуулан оновчтой тогтоох;
  • Сум бүрт сургуулийн өмнөх боловсролыг гэрийн нөхцөлд ойртуулах арга хэмжээ авч, хүүхдийн цэцэрлэгийн хамран сургалтыг эрс нэмэгдүүлэх;
  • Зургаан настай хүүхдийг бага боловсролд бүрэн хамруулах;
  • ЕБС-д суралцагчдын хүйсийн тэгш биш байдлыг арилгах;
  • Бүх шатанд монгол хэл, бичгийн сургалтыг чанаржуулж, эх хэлээ төгс эзэмших  хөдөлгөөнийг урамшуулан дэмжих;
  • Англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох;
  • Дунд сургуулиудад гадаад хэл, байгаль, техникийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай анги нээн ажиллуулах;
  • Физик, одон орон, газар зүй, хими биологи зэрэг  байгалийн ухааны хичээлийн кабинетийг орчин үөийн лаборторийн багаж хэрэгсэл, бодисоор хангах, физик, химийн туслах багш бэлтгэх;
  • Авъяастай, амжилттай суралцахаа харуулсан 10 хүртэлх тооны залуусыг инженер, биотехнологи, мэдээллийн технологийн чиглэлээр жил бүр сонгон шалгаруулж, өндөр хөгжилтэй орнуудад төрийн зардлаар сургах;
  • Малчдыг зайны сургалтад хамруулах оновчтой арга, хэлбэрийг сонгон нэвтрүүлэх;
  • Малчдын хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, чанартай бэлтгэх зорилгоор явуулын багштай нүүдлийн сургууль болон гэр цэцэрлэг ажиллуулах;
  • ЕБС-ийн дотуур байрны хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх;
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар аймгийн төвийн МСҮТ-ийг бэхжүүлэн аймгийн  болон баруун бүсийн хэрэгцээг хангахуйц нарийн мэргэшсэн   мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх;
  • Аймгийн МСҮТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг өндөр зэрэглэлийн мэргэжилтэй ажилчдаар хангах,
  • ХАА-н  мэргэжилтэн бэлтгэх МСҮТ-ийг зарим суманд байгуулан ажиллуулахыг дэмжих;
  • Аймгийн төвд ажиллаж байгаа их, дээд сургуулиудын статусыг шинэчлэж, сургалтын чиглэлийг өргөтгөн нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг  мэргэжилтэн бэлтгэдэг баруун бүсийн түшиц сургуулиуд болгох;  
  • Их, дээд сургуультай хоршсон судалгаа шинжилгээний төрөлжсөн салбар, мэдээллийн технологийн төвүүд байгуулж ажиллуулахыг урамшуулан дэмжих;
  • Боловсрол, соёлын байгууллагын удирдлагын чадавхийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх;
  • Өндөр зэрэглэлийн  эрдэмтэн багш нар болон үндэсний тэргүүлэх мэргэжилтэнүүд орон нутагт ирж ажиллах санаачлагыг онцгойлон дэмжих;
  • Өндөр мэргэжилтэй багш нар, соёлын төвийн ажилтнуудыг орон нутагт тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллуулах эдийн  засгийн урамшууллын шинэ хөшүүрэг бий болгох;
  • Боловсрол, соёлын байгууллагад ажиллагсдыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах;

       Стратегийн зорилт 2. Албан бус боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлнэ:

  • Албан бус боловсрол олгох дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;
  • Албан бус боловсролын тогтолцоонд ажиллах орон тооны болон орон тооны бус багш бэлтгэх;

Стартегийн зорилт 3. Бүх шатны сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэн, менежментийг нь сайжруулна:

  • Бага сургууль, цэцэрлэгийн тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах;
  • Сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэн эрүүл ахуйн стандартад бүрэн нийцүүлэх;
  • Дотуур байрны болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны төрөл, амт, чанарыг сайжруулж илчлэгийг стандартын хэмжээнд байлгах;
  • Сургууль бүрийг хямд өртөгтэй, найдвартай ажиллагаа бүхий интернет номын сантай болгож, хүүхэд бүрт компьютер хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • Боловсрол соёлын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмжих, урамшуулах,
  • Гадаад орны мэргэжлийн төрөлжсөн байгууллагууд, хандивлагчдаас боловсролын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг бүх талаар дэмжих;
  • Тэс суманд 640 хүүхдийн, Их-Уул, Отгон, Цагаанчулуут  сумдад 320 хүүхдийн суудалтай хичээлийн байр шинээр барих ;
  • Улиастай суманд нийт 2000 сурагчдын хичээлийн байр, 500 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах;
  • Цагаанхайрхан сумын сургуулийн хичээлийн байрны их засвар хийж, Цэцэн-Уул сумын  сургуулийн гал зуухны барилгыг ашиглалтад оруулах;
  • Асгат сумын сургуулийн хичээлийн байрны халаалтын шугам, тоног төхөөрөмж, Сантмаргац сумын сургуулийн гал тогооны төхөөрөмжийг шинэчлэх;
  • Асгат, Баянхайрхан, Дөрвөлжин сумдад сурагчдын дотуур байрыг шинээр барих,
  • Сонгино, Нөмрөг, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын сурагчдын дотуур байруудад их засвар хийх;
  • Цагаанчулуут, Цагаанхайрхан, Идэр, Сонгино сумдад 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг шинээр барих;
  • Сантмаргац, Цэцэн-Уул, Тэс, Завханмандал, Ургамал сумдын цэцэрлэгийн барилгад их засвар хийх;
  • Их-Уул, Баянхайрхан, Түдэвтэй сумдад спортын заал барих;

Стратегийн зорилт 4. Урлаг, соёлын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг  нь сайжруулна:

  • Суманд соёлын төв, зарим суманд урлаг-соёл-спортын төв, аймгийн төвд мэргэжлийн урлаг-соёлын хосолсон үйлчилгээтэй байгууллагуудыг ажиллуулах;
  • Улиастай суманд соёл урлаг, спортын арга хэмжээг 40 %-иар нэмэгдүүлэх;
  • Угсаатны зүй, үндэстэн ястны соёлыг дэмжих төвийг аймгийн төвд ажиллуулах;
  • Идэр суманд гэгээнтэнүүдийн музей байгуулах;
  • Асгат, Цэцэн-Уул, Баянтэс, Их-Уул сумдад соёлын төвийн барилгыг шинээр барих;
  • Сантмаргац, Дөрвөлжин, Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдын соёлын төвийн барилгад их засвар хийх;
  • Тэс сумын соёлын төвийг сум дундын соёлын төв болгон өргөтгөх;
  • Сумдын номын сан, музей, соёлын төвүүдийн байрыг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаж, үйлчилгээг нь өргөтгөх;
  • Аймгийн номын санг “Номын өргөө” болгон өргөтгөн зохион байгуулж, сумдын номын сангуудыг хүн амд мэдээлэл хүргэх төв болгон ажиллуулах;
  • Аймгийн соёл урлагийн байгууллагуудын менежментийг сайжруулах;

Хоёрдугаар үе шат (2016-2021 он):

Стратегийн зорилт 1. Аймгийн боловсролын тогтолцоо, сургалтын хэв шинжийг хөгжсөн орнуудын нийтлэг жишигт хүргэнэ:

  • Мэргэжлийн сургалттай ахлах сургуулиудийг ажиллуулах;
  • Аймгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өндөр хөгжилтэй орнуудад жил бүр 20-оос доошгүй оюутныг сургаж, сургалтын зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлэх;
  • Ерөнхий боловсролын сургуулиудын  багш нарын мэргэжлийг дээшлүүлдэг шинэ тогтолцоонд шилжих;
  • Сургууль завсардалт болон бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрэн арилгах;
  • Багш, боловсролын байгууллагын удирдах ажилтны ур чадварыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь сайжруулах;

Стратегийн зорилт 2. Соёл урлагийн байгууллагуудын үйлчилгээний хүртээмж, чанарыг эрс дээшлүүлнэ:

  • Аймгийн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд сум дундын соёлын байгууллагуудыг бий болгох;
  • Урлагийн гоц авьяастан, урчууд, уран бүтээлчдийг тодруулан авъяасыг нь төгс хөгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх;
  • Номын сан, архивын үйлчилгээг хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах;

3.4. Эрүүл мэндийн хөгжлийн бодлого

            Үндэслэл: Завхан аймагт нэг их эмчид 633 хүн ногдож байхад Улаанбаатар хотод 234  хүн ногдож байна. Эмнэлгийн боловсон хүчний хангамж шаардлагыг хангахгүй, мэргэжлийн ур чадварын түвшин харилцан адилгүй, санхүүгийн чадавхи хязгаарлагдмал, сум, сум дундын болон өрхийн эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийн түвшин доогуур байна. Эх, нялхсын эндэгдэл, халдварт өвчний гаралт буурахгүй байна. Хорт хавдрын болон хоол боловсруулах эрхтэний өвчлөл өсч байна. Цаашид орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн эмчилгээ оношлогооны чанарыг сайжруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлж, өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулан хүн ам эрүүл, урт наслах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

       Стратегийн зорилт 1. Хүн амын эрүүл мэндийн үйлчилгээг эрс сайжруулна:

  • Аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
  • “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн үзлэг, оношлогоог бүх сум, багт тогтмол зохион байгуулах;
  • Аймгийн хүн амын эрүүл мэндийн байдлыг хянан тандаж мэдээлэх тогтолцоо бүрдүүлэх;
  • Эрүүл хот, сум, баг болох хөдөлгөөн өрнүүлж, иргэний нийгмийн байгууллага, хувь хүн, хамт олны оролцоог эрс нэмэгдүүлэх;

·         Эрүүл мэндийн салбарын шинэтгэлийг эрчимжүүлж, ДЭМБ-ын зөвлөмжид тулгуурлан хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн бүтэц, зохион байгуулалтад ойртуулах;

·         Аймгийн нэгдсэн эмнэлгийг орчин үеийн оношлогоо, эмчилгээний техник, технологиор нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хүн амд үзүүлдэг, мэргэжлийн болон ёс зүйн өндөр ур чадвар бүхий чадварлаг баг, хамт олонтой болгох;

  • Улиастай сумын иргэдийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж өвчлөлийг 20 хувиар бууруулах; 

·         Сумын болон өрхийн эмнэлгийг иргэдэд, ялангуяа эх, хүүхэд, ахмадуудад болон ядуу, эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээг чанартай, жигд хүртээмжтэй үзүүлдэг “Эрүүл мэндийг дэмжих төв“ болгон бэхжүүлэх;

  • Олон улсын хөл хориот өвчнөөс аймгийн хүн амыг хамгаалахад чиглэсэн лаборатори, оношлогоо эмчилгээний явуулын багийн чадамжийг сайжруулах;
  • 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл болон нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлт тутамд 18.0-аас цөөн болгож бууруулах;
  • Улаан бурхны эсрэг вакцинжуулалтад хамрагдалтыг 99 хувьд хүргэх;
  • Эхийн эндэгдлийн түвшинг 100 000 амьд төрөлт дутамд 57.1-ээс цөөн болгон бууруулах;
  • Сүрьеэгийн тархалт болон өвчлөлийн түвшинг 100 000 хүн тутамд 35-аас цөөн болгон бууруулах;
  • Нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлгийн түвшинд хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ), дархлалын олдмол хомсдол (ДОХ), бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ)-ий харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлж, оношлогоо, эмчилгээний хүртээмж, чанарыг эрс сайжруулах;
  • Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тууштай сайжруулах замаар 2015 он гэхэд хүн амын дундаж наслалтыг улсын дундаж
    түвшинд хүргэх нөхцлийг бүрдүүлэх;
  • Нэн ядуу, эмзэг бүлгийн хүмүүс, тахир дутуу иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх;
  • Малчдад нүүдлийн хэлбэрээр эмнэлэг, үйлчилгээний анхан шатны тусламж үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээнд алсын зайны оношлогоо, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх;
  • Сум, орон нутгуудад байгаа рашааны бүтэц, найрлагыг нарийвчлан тогтоож, эмчилгээ сувилгаанд өргөн ашиглаж, рашаан-амралтын төвүүд болгон өргөжүүлэх;

       Стратегийн зорилт 2. Эрүүл мэндийн байгууллагын материаллаг бааз, боловсон хүчний хангамжийг сайжруулна:

  • Сумын, сум дундын болон нэгдсэн эмнэлгүүдийг эмчилгээ, оношлогооны орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах;
  • Нийт сумдын эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх;
  • Аймгийн төвд уламжлалт анагаах ухааны төв, эх нялхсын төвийг шинээр байгуулж иргэдэд нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх;
  • Хүн амыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх төвийг аймаг, сумын төв, байгууллагуудад зохистой хэлбэрээр бий болгон хөгжүүлэх;
  • Их-Уул суманд 40-өөс доошгүй ортой, Асгат, Цагаанхайрхан сумдад 20-иос доошгүй ортой эмнэлгийн барилгыг шинээр барих;
  • Сантмаргац сумын эмнэлгийн барилгыг өргөтгөж, эхчүүдийн амрах байрыг барих;
  • Тэс сумын эмнэлэгт мэс заслын тасаг нээн ажиллуулах;
  • Арцсуурийн боомтод эмнэлгийн салбар байгуулж, шинжилгээний лаборатори барих;
  • Сумдын эмнэлгийн болон эхчүүдийн амрах байруудыг засварлан тохижуулах;
  • Эмнэлгийн боловсон хүчнийг сумдын захиалгыг үндэслэн бэлтгэх;
  • Нийт сумдын эмнэлгүүдийн их эмч, эмнэлгийн ажилтнуудын хангамжийг нормативт хэмжээнд хүргэх;
  • Эрүүл мэндийн  салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох;
  • Эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцаар ээлж дараатай хангах, урт хугацааны зээлд хамруулах;

Хоёрдугаар үе шат (2016-2021 он):

     Стратегийн зорилт 1. Эрүүл мэндийн салбарын материаллаг баазыг бэхжүүлж, удирдлага, санхүүжилтийн нэгдмэл тогтолцоог хөгжүүлнэ:

  • Мэдээллийн технологийн ололт амжилтыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд бүрэн нэвтрүүлэн “Цаасгүй эмнэлэг”-ийг бий болгож, хүн бүрийг эмнэлгийн цахим карттай болгох;
  • Өндөр түвшний үйлчилгээтэй хувийн эмнэлгийн байгууллагуудыг дэмжин хөгжүүлэх;
  • Аймгийн төвд ахмад настанд зориулсан нөхөн сэргээх, асран сувилах газрыг зохистой хэлбэрээр байгуулж ажиллуулах;
  • Тахир дутуу иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөж материаллаг баазыг нь бэхжүүлэх;
  • Хүн амыг зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр жигд, хүртээмжтэй, тасралтгүй хангах;

ДӨРӨВ. ЗАВХАН АЙМГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ,

ХӨГЖЛИЙН БОДЛОГО

            Завхан аймгийн хөгжлийн 2,3,4 дэх тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлнэ. 2008-2015 онд мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавьж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 4065.9 мянган төгрөг буюу 3696.2 ам.долларт хүргэнэ. 2016-2021 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 6025.3 мянган төгрөг буюу 5477.5 ам.долларт хүргэж, мэдлэгт суурилсан, экспортын баримжаатай, өөрөө өөрийгөө тэтгэдэг эдийн засгийг бий болгоно.

 4.1. Макро эдийн засгийн бодлого

Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стратегийн зорилт 1. Эдийн засгийг энэ үе шатанд жилд дунджаар 9.0 хувиар өсгөж, эдийн засгийн салбарын бүтцийг эрчимтэй шинэчлэн аймгийн ДНБ-ий 29.8 хувийг аж үйлдвэр барилгын салбарт, 20.2 хувийг ХАА-н салбарт, 50.0 хувийг үйлчилгээний салбарт тус тус үйлдвэрлэнэ:

  • Завхан үйлдвэр технологийн парк-ийг  байгуулан ажиллуулж экспортын баримжаатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавих;
  • Ашигт малтмалын томоохон ордуудыг илрүүлж уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулан ажиллуулж эхлэх;
  • Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
  • Аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө бүхий салбар болгох;
  • Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг хөгжүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих, дотоод, гадаад зах зээлд гарах таатай орчин бүрдүүлэх;
  • Арцсуурийн боомтын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар, үйлчилгээний чанарыг сайжруулж экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих;
  • Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох;
  • Банк, санхүүгийн үйлчилгээг сайжруулж,Завхан аймгийн хөгжлийг дэмжих сан” байгуулж ажиллуулах;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээнд мэдлэг, орчин үеийн менежмент, мэдээллийн технологийг тууштай нэвтрүүлэх;
  • Мэдээлэл харилцаа холбооны шугам сүлжээг хот төлөвлөлтийн нэгдсэн  бодлоготой уялдуулан сайжруулах;

 Хоёрдугаар үе шат (2016-2021он):

      Стратегийн зорилт 1. Эдийн засгийг энэ үе шатанд жилд дунджаар 8.6 хувиас доошгүй өсгөж, аймгийн ДНБ-ий 35.3 хувийг аж үйлдвэр барилгын салбарт, 14.7 хувийг ХАА-н салбарт, 50.0 хувийг үйлчилгээний салбарт тус тус үйлдвэрлэнэ:

  • Өндөр технологид тулгуурласан, экспортын баримжаатай, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх ;
  • Уул уурхайн салбарт эрдэс баялгийг боловсруулах үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх;
  • Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох;

4.2. Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийн бодлого

4.2.1. Аж үйлдвэрийн хөгжлийн бодлого

            4.2.1.1. Боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийн бодлого

            Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стратегийн зорилт 1. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг энэ үе шатанд жилд дунджаар 8.8 хувиар өсгөж, аж үйлдвэрийн салбарын ДНБ-ий 84.9 хувийг үйлдвэрлэж, экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийн үндэс суурийг тавина:

  • Улиастай хотод “Завхан үйлдвэрлэл, технологийн парк”-ийг  байгуулан ажиллуулж мах, арьс шир, ноос, ноолуур, барилгын материалын болон  хүнсний үйлдвэрлэлийг экспортын баримжаатай хөгжүүлэх;
  • Улиастай, Тосонцэнгэл сумдын мах боловсруулах үйлдвэрүүдийг сэргээж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Махны үйлдвэрийг түшиглэн өлөн боловсруулах үйлдвэр байгуулах;
  • Тосонцэнгэл суманд мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах;
  • Улиастай, Тосонцэнгэл сумдад гурилын болон малын тэжээлийн  үйлдвэрүүд байгуулах;
  • Тосонцэнгэл, Отгон, Баянтэс, Түдэвтэй сумдад барилгын материал, гэрийн модон эдлэлийн жижиг, дунд үйлдвэр байгуулах;
  • Тосонцэнгэл, Тэс сумдад байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн , жимс, жимсгэнэ боловсруулах, савлах жижиг, дунд үйлдвэр байгуулах;
  • Түдэвтэй, Идэр сумдад хөрөө рам ажиллуулж, модон эдлэлийн бэлдэц бэлтгэдэг болох;
  • Сантмаргац сумын “Дэвтээрийн давс”-ны ордыг түшиглэж, баруун бүсийг хангадаг иоджуулсан давсны болон эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулах;
  • Эрдэнэхайрхан сумын “Хар нуур”-т загасны аж ахуй хөгжүүлэх;
  • Сантмаргац, Дөрвөлжин зэрэг хонь, ямаан сүргээрээ тэргүүлдэг сумдад ноос, ноолуур боловсруулах, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд байгуулах;
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, Завханы улаан хальст сармисны тариалалтыг нэмэгдүүлж, сармисны ханд бэлтгэх үйлдвэр байгуулах;
  • Сумдад талх, нарийн боов, сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн боловсруулдаг жижиг үйлдвэр, цехийг зах зээлийн хэрэгцээтэй нийцүүлэн оновчтой хэлбэрээр байгуулан ажиллуулахыг дэмжих;
  • Сумдад  зах зээлийн хэрэгцээтэй нийцүүлэн төрөл бүрийн оёдлын үйлдвэрлэл бий болгохыг дэмжих;
  • Нийт сумдад хүнсний ногооны хүлэмж байгуулах;
  •  “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг улам эрчимжүүлэх;
  • Өндөр технологи нутагшуулах төвийг байгуулан ажиллуулах;

Стратегийн зорилт 2. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгоно:

  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, тэдэнд техник, технологийн сонголт хийхэд нь туслах, төсөл боловсруулахад зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төвийг байгуулж ажиллуулах;
  • Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бизнес инкубатор байгуулж ажиллуулах;
  • Алслагдсан бүс нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээг татварын ялгавартай бодлогоор дэмжих саналыг боловсруулж Засгийн газар, УИХ-д  хүргүүлж шийдвэр гаргуулах;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээ авах;
  • Завхан аймгийн “брэнд” бүтээгдэхүүнийг гадаад, дотоодод сурталчлах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах,

Хоёрдугаар үе шат (2016-2021он):

Стратегийн зорилт 1. Боловсруулах салбарын үйлдвэрлэлийг энэ үе шатанд жилд дунджаар 8.4 хувиар өсгөж, аж үйлдвэрийн салбарын ДНБ-ий 82.9 хувийг үйлдвэрлэж, экспортын баримжаатай боловруулах үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлнэ:

  •  “Улиастай” үйлдвэрлэл, технологийн паркийг өргөтгөн хөгжүүлэх;
  • Экспортын баримжаатай, оюуны шингэц бүхий өрсөлдөх чадвартай, бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

4.2.1.2. Геологи, уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн хөгжлийн бодлого

Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стратегийн зорилт 1. Геологи, уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарын түүхий эдийн нөөцийг нарийвчлан тогтоож, энэ салбарт экспортын баримжаатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавина:

  • Ашигт малтмалын эрэл хайгуулын 1:50000 масштаб бүхий зураглалыг боловсруулан гаргах;
  • Аймгийн эдийн засгийн хөгжилд эхний ээлжинд чухал хувь оруулах боломжтой эрдэс баялгийн ордуудыг илрүүлэн тогтоож ашиглаж эхлэх;
  • Ашигт малтмалын ордуудыг ашиглалтад оруулахад шаардлагатай дэд бүтэц, уул уурхайн цогцолборыг байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Дөрвөлжин сумын “Баян Айраг”-ийн алт, зэсийн ордыг ашиглах үйлдвэр байгуулах;

Стратегийн зорилт 2. Уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгална:

  • Уул, уурхайн ашиглалтад өртсөн талбайн нөхөн сэргээлтийг сайжруулах;
  • Уурхайн олборлолтын технологид нэгдсэн стандарт мөрдүүлэх;
  • Уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, ашигт малтмалыг далд аргаар олборлох, газрын гүнд боловсруулалт хийхийг дэмжих;
  • Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор гол мөрний эх, ойн бүс, говийн баян бүрд, нуур цөөрөм, түүхийн дурсгалт газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх;

Хоёрдугаар үе шат (2016-2021 он):

Стратегийн зорилт 1. Геологи, уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарын ДНБ-ийг энэ үе шатанд жилд дунджаар 10.0 хувиар өсгөж, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлнэ:

  • Эрдэс, түүхий эдийн нөөцийг иж бүрэн, хаягдалгүй, байгаль орчинд халгүй ашиглах өндөр технологийг эрчимтэй нэвтрүүлэх;
  • Эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
  • Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн цогцолборыг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх;

4.2.2. Хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого

Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стратегийн зорилт 1. Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, малын үүлдэрлэг чанарыг сайжруулан ХАА-н салбарын үйлдвэрлэлийг энэ үе шатанд жилд дунджаар 8.7 хувиар өсгөнө:

  • Завхан  аймгийн МАА-г эрчимжүүлэн хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх;
  • Аймгийн мал сүргийн бүтцийг зохистой байлгах бодлогыг хэрэгжүүлэх;
  • Мянганы замын дагуу болон зарим бүс нутаг, төв суурин газруудад мах, сүүний чиглэлийн үхэр, ямаа, махны чиглэлийн хонь болон гахай, тахиа, зөгий, туулайн аж ахуйг хөгжүүлэх;
  • Гойд ашиг шимт малыг богино хугацаанд бий болгохын тулд биотехнологийг өргөн нэвтрүүлэх, малын үржлийн биологийн лаборатори байгуулан ажиллуулах;
  • Газар тариалан, мал аж ахуй хосолсон эрчимжсэн фермерийн загвар аж ахуй байгуулах санаачилгыг бүх талаар дэмжих;
  • Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээг боловсронгуй болгож, материаллаг бааз, боловсон хүчний хангамжийг нь сайжруулах;
  • Сартуул хонь, буурал омгийн ямаа, Тэсийн хурдан удамт адуун сүргийг өсгөн үржүүлэх;
  • Сүргийн бүтцэд зонхилох сүрэгт түшиглэн /Их-Уул суманд үхрийн, Дөрвөлжин суманд ямааны гэх мэт/ фермерийн аж ахуй байгуулахыг дэмжих;
  • Мал эрүүлжүүлэх чиглэлээр малчин, малын эмч, засаг даргын хамтарсан гэрээг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх;
  • Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг худаг, уст цэгийн хамт малчдын бүлгүүдэд оновчтой хэлбэрээр эзэмшүүлэх;
  • Завханмандал  сумын аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалтыг сэргээх,
  • Бэлчээрийн байдал, усан хангамжийн хүрэлцээний судалгаа үзлэгийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, үнэлгээ дүгнэлт гаргуулан бэлчээрийг зохистой ашиглах;
  • Нийт сумдад бэлчээрийн нөхөн сэргээлт хийх;
  • Аймгийн болон сумдын хилийн цэсийг нарийвчлан тогтоож, холбогдох байгууллагаар баталгаажуулах;
  • 2015 он хүртэл Улиастай сумын бэлчээрийн уламжлалт МАА-н таваарлаг чанарыг 20 хувиар нэмэгдүүлж, малын өвчлөл, өвчний хорогдлын хэмжээг 1.0-2.0 хувиар бууруулах;
  • Сүү цагаан идээгээр Улиастай сумын хэрэгцээг бүрэн хангаж, гахай, тахиа, зөгийний гурваас доошгүй фермерийн аж ахуйг бий болгох;
  • Тэргүүний малчдын зөвлөгөөнийг төрөлжүүлэн явуулж малчдыг ажлын арга туршлагаа солилцох, суралцах, өндөр ашиг шимт мал олж авах, үржлийн шилмэл малаа сурталчилах зэрэг арга хэмжээнд хамруулах;
  • Сум бүрд ашиглагдаагүй бэлчээрт худаг, уст цэг гаргах, хурын ус хуримтлуулан усан сан, хөв байгуулах;
  • Малчид, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор гүний худаг гаргалтыг 2 дахин нэмэгдүүлэх;
  • Худаг гаргаж бэлчээр ашиглалтыг сайжруулсан иргэд, малчдыг эдийн засгийн аргаар урамшуулах;
  • Зарим сумдын төвд худаг, уст цэгүүд гаргаж, хүн амын хэрэглээний усан хангамжийг сайжруулах,
  • Усны нөөцийг нэмэгдүүлэх зориулалттай гидротехникийн байгууламжуудыг бий болгох;
  • Малчдын түлш, эрчим хүчний хангамжийг сайжруулах;

Стратегийн зорилт 2. Газар ашиглалтыг сайжруулж, ­усалгаатай газар тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ: 

  • Биотехнологи нэвтрүүлэн газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
  •  “Завхан  аймгийн газар тариаланг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” “Атрын III аян”, аймгийн “Ногоон хувьсгал” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • Үр тариа, тэжээлийн ургамлын үрийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тариалан эрхэлж буй иргэдэд дэмжлэг үзүүлэх;
  • Улаан хальст сармисны үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тариалалтыг өргөтгөх;
  • Жимс жимсгэнийн тариалалтыг өргөтгөх;
  • Сум бүрт хүлэмжийн аж ахуй байгуулан хүнсний нарийн ногоо тариалах хөдөлгөөн өрнүүлэх;
  • Агрономич, механикжуулагч мэргэжилтнүүдийг давтан сургалтанд хамруулах, шинээр боловсон хүчин бэлтгэх;
  • Мэргэжилтэй ногоочид, тракторч-фермерүүд бэлтгэдэг  ангийг  МСҮТ-ийг түшиглэн нээн  ажиллуулах;
  • Төмс, хүнсний ногоогоор Улиастай сумын хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангах;
  • Шинээр сургууль төгсөж ирсэн залуу боловсон    xүчнүүдийг    сум орон нутагт тогтвор   суурьшилтай   ажиллах    нөхцөл бололцоогоор хангах ;
  • Монголын хөдөөг шинэчлэх фермерүүдийн холбооны салбар зөвлөлийг байгуулж энэ холбооны хүрээнд агрономичдын клуб байгуулж төрөл бүрийн сургалтанд хамруулах;
  • Бэлчээр зохион байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөг сум бүрээр гаргаж, малчдад бэлчээрийн даацыг зөв зохион байгуулан сэлгэн хэрэглэдэг шалгарсан арга туршлагыг эзэмшүүлэх зорилгоор бүсчилсэн зөвлөгөөн хийж байх;
  • Алдархаан сумын шар тал, Шар зараа, Борхын булан, Баянтэс сумын Хүрээний дэнж, Сантмаргац сумын Цагаан эрэг, Сонгино сумын Тариат, Тэлмэн сумын Хүрэн тал, Түдэвтэй сумын Жарантайн дэнж, Цэцэн-Уул сумын Цэгээний хоолой, Ургамал сумын Хулжийн гол, Яруу сумын Бор эрэг зэрэг услалтын системүүдийг сэргээн засварлаж, ашиглалтанд оруулах замаар усалгаатай тариалан эрхлэж, хүнсний ногоо, тэжээлийн ургамлууд тариалах нөхцлийг сайжруулах;
  • Тэлмэн сумын Хүрэн тал, Отгон сумын Цагаан толгой, Шилүүстэй сумын Алагийн хачаа, Нарийн голын услалтын системийг түшиглэн тариалангийн бүс нутаг бий болгон хөгжүүлэх;
  • Асгат сумын нутаг дахь хуучин тэжээлийн аж ахуйн нөөц боломжийг түшиглэн газар тариалан-мал аж ахуй хосолсон фермерийн аж ахуй хөгжүүлэх;
  • Шилүүстэй сумын Ботгын хоолой, Алагийн хаяа , Цагаанчулуут сумын Суудал, Бумбатын хоолой, Идэр сумын Төмөртийн хөндийд малын тэжээл тариалах;
  • Улиастай, Сантмаргац, Тэс, Шилүүстэй, Завханмандал сумдад улсын нөөцийн тэжээлийн цэг байгуулах;
  • Завхан, Тэс, Идэр, Галуутай, Цорго, Хүнгүй, Хулжийн голын сав дагуу чацарганы төгөл байгуулах;

Хоёрдугаар үе шат (2016-2021он):

Стратегийн зорилт 1. Биотехнологийг тууштай нэвтрүүлэн  малын үүлдэрлэг чанарыг сайжруулж, таримлын ургацыг нэмэгдүүлэн ХАА-н салбарын үйлдвэрлэлийг энэ үе шатанд жилд дунджаар 8.0 хувиар өсгөнө:

  • Биотехнологи хэрэглэн малын эм, ариутгал, халдваргүйжүүлэгч бэлдмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн мал сүргийг эрүүлжүүлэх;
  • Усалгаатай газар тариаланд орчин үеийн технологийг өргөн нэвтрүүлж, техник тоног төхөөрөмжийг лизингээр олгох тогтолцоог бүрдүүлэх, га-аас авах ургацыг нэмэгдүүлэх;
  • Хөдөө аж ахуйг харилцан бие биенээ тэтгэсэн бүтэц бүхий Хөдөө аж ахуй-  аж үйлдвэрийн цогцолбор болгон хөгжүүлэх;

4.2.3. Худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийн бодлого

            Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стратегийн зорилт 1. Аймгийн, худалдаа үйлчилгээний салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгож, чанар хүртээмжийг нь сайжруулна:

  • Бөөний болон жижиглэн худалдаа, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээнд тэргүүний техник, өндөр технологийг тууштай нэвтрүүлэх;
  • Худалдаа, үйлчилгээний салбарт интернет худалдаа, төлбөр тооцоог  картаар хийх хэлбэрийг өргөнөөр нэвтрүүлэх;
  • Банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, түрээс зэрэг бизнесийн үйлчилгээний салбарт цахим үйлчилгээг тууштай нэвтрүүлэх;
  • Худалдаа, үйлчилгээний ажилтнуудыг давтан сургах, мэргэшлийн түвшинг нь дээшлүүлэх ажлыг сайжруулах;
  • Худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагууд, иргэдийн зүгээс тавих хяналтыг сайжруулах;
  • Үйлчилгээнд батлагдсан стандарт, норм, нормативыг мөрдүүлэх ажлыг сайжруулах;
  • Худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгжүүдийг татвар, зээл, хөрөнгө оруулалтын оновчтой бодлогоор дэмжих;
  • Аймгийн төвд  “Худалдаа, үйлчилгээний төв” байгуулах;
  • Арцсуурь боомтод “Худалдааны баталгаат агуулах” байгуулах;
  • Сумдад ахуйн үйлчилгээний төв байгуулах;

Хоёрдугаар үе шат (2016 – 2021 он):

Стратегийн зорилт 1. Аймгийн, худалдаа үйлчилгээний салбарын чанар, хүртээмжийг хөгжсөн орнуудын жишигт ойртуулна.

  • Худалдаа, үйлчилгээний салбарт өндөр бүтээмжтэй техник, технологийг тууштай нэвтрүүлэх;
  • Интернет худалдаа, цахим үйлчилгээг аймгийн иргэдийн өдөр тутмын энгийн хэрэглээ болгох;
  • Иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн худалдаа, үйлчилгээний газруудыг хүчин чадал, үйлчилгээний нэр төрлөөр нь зохистой байршуулах;

4.2.4. Аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлого

            Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стратегийн зорилт 1. Аялал жуулчлалын салбарын жилийн дундаж өсөлтийг 13.6 хувьд хүргэж аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно:

  • Баруун бүсийн бусад аймгийн аялал жуулчлалын сүлжээтэй аймгийн аялал жуулчлалын сүлжээг холбон хамтын аялал жуулчлал (Community based tourism), спортын аялал жуулчлалыг тууштай хөгжүүлэх;
  • Аялал жуулчлалын цогцолбор, бааз байгуулах төслүүдийг боловсруулж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгох;
  • Баянтэс сумын Эвэртэй мод, Уст улаан, Шилүүстэй сумын Дааган дэл, Буган чулууны хөшөө, Эрдэнэхайрхан сумын Бөмбөн элс, Их, Бага агуй, Завханмандал сумын Бор хярын элс, гацаа, Дөрвөлжин сумын Сар хайрхан, Хомын тал, Алдархаан сумын Ямаан-Ус, Даян, Бор бургас, Отгон сумын Отгонтэнгэр хайрхан, Дуут нуур зэрэг говь, хангай хосолсон үзэсгэлэнт газруудад байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх;
  • Отгонтэнгэр, Улаан хаалга, Нөмрөг сумын Алаг чулуу, Бага бургас, Баянзүрх, Үст, Харз, Ургамал сумын Талын улааны рашаан, Яруу сумын Хаг нуурын шавар зэрэг газруудыг түшиглэн амралт-сувиллын аялал жуулчлалыг хөгжүүлэх;
  • Сантмаргац сумын Баяннуур, Эрдэнэхайрхан сумын Хар нуурыг түшиглэн амралт-загас агнуурын аялал жуулчлалыг хөгжүүлэх,
  • Дотоод, гадаадын жуулчид, анчдыг хүлээн авах олон улсын зэрэглэлийн зочид буудал, жуулчдын бааз, түр буудаллах дэн буудлын сүлжээ байгуулахыг дэмжих,
  • Аялалын тогтоосон маршрутын дагуух авто замыг засварлаж, тэмдэгжүүлэх;
  • Жуулчдын баазын ойролцоо угсаатны зүйн болон бусад зан үйлийг сонирхуулах, эмнэг мал сургах, эсгий хийх, цагаан идээ боловсруулах, морин аялал хийх, үзэсгэлэн гаргаж үзүүлэх зэрэг арга хэмжээг өргөн зохион байгуулах, энэ чиглэлээр сурталчилгаа явуулах;
  • Байгальд халгүй, орчин үеийн технологид суурилсан эрчим хүчний эх үүсвэрээр жуулчны үйлчилгээний газруудыг хангахад дэмжлэг үзүүлэх;

Стратегийн зорилт 2. Аялал жуулчлалын материаллаг баазыг бэхжүүлэн, менежментийг нь боловсронгуй болгоно:

  • Аялал жуулчлалын маршрутын авто замыг сайжруулах зорилтыг дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх;
  • Одоо ажиллаж байгаа жуулчдын бааз, амралт, сувиллын газруудыг тохижуулах, шинээр байгуулах замаар жилд 10-15 мянга хүртэл  жуулчин хүлээн авах хүчин чадалтай  болгох;
  • Хаг нуур, Замбага, Отгонтэнгэр, Улаан хаалга, Баянзүрхийн рашаан сувиллын газрууд, Бор бургас, Их Монгол, Ногоон тохой, Зарт амралтын газруудыг түшиглэн дотоод, гадаадын хөрөнгө оруулалт бүхий улсын чанартай сувилал, амралт, байгалийн аялал жуулчлалын төв байгуулах;
  • Музейн үзмэрүүдийг баяжуулах, аялал жуулчлалын маршрутын дагуух түүх соёлын үнэт зүйлсийг сэргээн засварлах; 
  • Аялал жуулчлалын отог, баазуудын менежментийг сайжруулах зорилгоор ажиллагсдыг нь төрөлжсөн сургалтад хамруулах, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах;

Хоёрдугаар үе шат (2016 – 2021 он):

Стратегийн зорилт 1. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэн жуулчлалын салбарын жилийн дундаж өсөлтийг 7.0 хувьд хүргэнэ:

  • Аймагт жил бүр хүрэлцэн ирэх жуулчдын тоог аймгийн хүн амын тоотой тэнцэх хэмжээнд хүргэх;
  • Орчин үеийн зочид буудал, жуулчны бааз, нүүдлийн отог шинээр барьж тохижуулан үйлчилгээний нэр төрлийг олшруулах; 
  • Аялал жуулчлалын бүх төрлийн үйлчилгээний стандартыг боловсронгуй болгож, хяналтыг сайжруулах;

4.3. Дэд бүтцийн хөгжлийн бодлого

Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж эдийн засаг, нийгмийн хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.

4.3.1. Зам, тээврийн хөгжийн бодлого

            Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стратегийн зорилт 1. Аймгийн авто замын сүлжээг сайжруулж зарим чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгоно:

  • Авто замын салбарыг хөгжүүлэхэд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөс гадна гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг бүх талаар урамшуулан ашиглах;
  • Аймгийн авто замын нэгдсэн сүлжээний зураглалыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;
  • Зам, гүүрийн барилгын техник хэрэгслийн хангамжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр дэмжин сайжруулах;
  • Аймгийн төвд авто засварын газар байгуулах; 
  • Улиастай-Донойн чиглэлийн 32 км авто замыг болон нисэх онгоцны буудлын буух,  хөөрөх  зурвасыг хатуу хучилттай болгох;
  • Улиастай сумын авто замыг шинэчлэх хүрээнд 20 км хатуу хучилттай зам тавих;
  • Их Уул-Тосонцэнгэл-Улиастайг хатуу хучилттай авто  замаар холбох;
  • Тосонцэнгэл – Нөмрөг- Сонгино чиглэлд сайжруулсан шороон зам тавьж  цаашид хатуу хучилттай болгох;
  • Босоо, хэвтээ тэнхлэгийн дагуу сумдын хооронд сайжруулсан шороон зам тавих;
  • Тэс-Арцсуурийн боомтыг хатуу хучилттай замаар холбох;
  • Тэс сумын Тэсийн гол, Тосонцэнгэл сумын Идэрийн гол, Нөмрөг сумын Өвөр шивэртийн гол, Цагаанхайрхан сумын Ширээгийн гол, Төмөртийн голд төмөр бетон гүүр барих; 
  • Загастай, Ганцын даваануудын замыг сайжруулж, Цэцэн-Уул сумын Марзын дөрөлжийг засах;
  • Улиастай хотыг Мянганы замтай угтуулан холбох;

Хоёрдугаар үе шат (2016-2021 он):

Стратегийн зорилт 1. Авто замын сүлжээг өргөтгөн, агаарын тээврийг эрчимтэй хөгжүүлнэ:

  • Олон улсын зорчигч болон ачаа тээврийн онгоц хүлээн авах нөхцлийг бүрдүүлэх;
  • Бусад аймгийн төвүүд болон хилийн боомт, уул уурхайн зарим ордуудтай холбосон хатуу хучилттай зам тавих;

4.3.2. Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого

            Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стратегийн зорилт 1. Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийг энэ үе шатанд жилд дунджаар 14.4 хувиар өсгөнө. Эрчим хүчний  дэд бүтцийг хөгжүүлж үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих, дотоод, гадаад зах зээлд гарах таатай орчин бүрдүүлнэ:

  • Могойн гол-Тэлмэн сумын чиглэлээр 110 квт-ийн шугам тавьж аймгийн эрчим хүчний системийг Төвийн эрчим хүчний системд холбох;
  • Могойн голд ДЦС бариулж  аймгийн эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Урд чиглэлийн /Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут/  болон  төвийн чиглэлийн /Улиастай, Алдархаан, Яруу/ сумдын эрчим хүчний хангамжийг Улаанбоомын УЦС-ийн  эрчим хүчээр сайжруулах;
  • Говийн чиглэлийн /Дөрвөлжин, Ургамал/ сумдыг аймгийн эрчим хүчний системд холбохын  зэрэгцээ Нарны ЦС-аар эрчим хүчний хангамжийг нь сайжруулах;
  • Аймгийн эрчим хүчний системийг Баруун бүсийн эрчим хүчний системтэй Дөргөний усан цахилгаан станциар дамжуулан холбох;
  • Сонгино, Цэцэн-Уул, Сантмаргац сумдын эрчим хүчний хангамжийг Галуутайн УЦС-ийн эрчим хүчээр сайжруулах;
  • Эрдэнэхайрхан, Завханмандал сумдын эрчим хүчний хангамжийг Хүнгүйн голын Гацааны УЦС-ийн  эрчим хүчээр сайжруулах;
  • Улиастай-Баянхонгор -Тайшир чиглэлийн өндөр хүчдэлийн шугам тавиулах асуудлыг судлан шийдвэрлүүлэх;
  • Улиастай сумын эрчим хүчний шугам сүлжээг шинэчлэн хүчин чадлыг нь нэмэгдүүлж,  Богдын гол усан станцийн ашиглалтыг сайжруулах ;
  • Дулааны болон  эрчим хүчний зардлыг бууруулан үнийг нь хямдруулж төвлөрсөн дулааны эх үүсвэрийг бий болгох;
  • Аймаг, сумдын хуучирсан дулааны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх;
  • Хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолсны үндсэн дээр сумдын халаалтын тогоонуудад шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, техникийн шинэчлэл хийх;

Хоёрдугаар үе шат (2016-2021 он):

Стратегийн зорилт 2. Эрчим хүчний менежментийг боловсронгуй болгож, байгаль орчинд халгүй тэргүүний техник технологи нэвтрүүлэн үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг сайжруулна:

  • Сумдын түвшинд бага оврын халаалтын зуух бүхий хэрэглэгчдийг дулааны эрчим хүчний нэгдсэн системтэй холбох;
  • Хөдөөгийн малчин айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр бүрэн хангах;
  • Нарны илч‎ээр ус, агаар халаах технологи, тоног төхөөрөмжийг өргөн ашиглах;
  • Нүүрснээс утаагүй түлш үйлдвэрлэх бага оврын үйлдвэрүүд байгуулж ажиллуулах;

4.3.3. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн бодлого

            Нэгдүгээр үе шат (2009 – 2021 он):

Стратегийн зорилт 1. Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц, сүлжээг шинэчлэх замаар “Мэдээлэлжсэн нийгэм”-ийг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ:

  • “Цахим Монгол” хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг аймаг, сумдад бүрэн хэрэгжүүлэх;
  • Хэвлэлийг электрон хэлбэрээр хүргэж, хэвлэх ажлыг зохион байгуулах;
  • Аймгийн хэмжээнд бүх нийтийн компьютержүүлэлт, өрх бүрт интернет дэд хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх;
  • Бүх сумдын төвд интернет цэг, интернет кафе ажиллуулах;
  • Бүсчлэлийн нэгдсэн (ZIP) кодыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, энгийн хэрэглээ болгох;
  • Бүх сумдад 10-оос доошгүй сувгийн телевизийн нэвтрүүлэг үзэх боломж нөхцлийг бүрдүүлэх;
  • Орон нутгийн телевизийг аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан мэргэжлийн телевиз болгон хөгжүүлэх;

Стратегийн зорилт 2. Сумдын мэдээлэл, харилцаа холбооны дамжуулах сүлжээг шилэн кабель, сансрын холбоо, радио холбооны технологиор шинэчлэнэ:

  • Бүх сумдын иргэд малчдад утасгүй холбоо, үүрэн телефоны үйлчилгээг хүргэх;
  • Шуудан холбооны сүлжээг ашиглан орчин үеийн шинэ төрлийн электрон үйлчилгээ болон хэрэглээг нэвтрүүлэх, сумын багийн шуудан хүргэлтийн давтамжийг нэмэгдүүлэх;
  • Аймаг ба сумын дамжуулах болон холбох байгууламжийг тоон технологид бүрэн шилжүүлэх;

Стратегийн зорилт 3. Мэдээлэл, харилцаа холбооны шинэ үйлчилгээ хэрэглээг төр, аж ахуйн болон үйлчилгээний бүхий л байгууллагуудад өргөн нэвтрүүлнэ:

  • Аймгийн төвийн төр, захиргаа, аж ахуйн нэгж байгууллагыг нэгдсэн сүлжээнд холбож, мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Аймгийн төв, зарим сумдын төвийн эмнэлэг, сургуулийг мэдээлэл, харилцаа холбооны нэгдсэн сүлжээнд холбох;
  • Электрон засаглал, электрон арилжаа, электрон гарын үсэг зэрэг шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх;

Стратегийн зорилт 4. Аймгийн хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтэн бэлтгэх чадавхийг бүрдүүлэн, хүний нөөцийг сайжруулна:

  • Мэдээлэл, холбооны хэрэглээ, үйлчилгээг хүүхэд, өндөр настан, эмэгтэйчүүд болон нийгмийн эмзэг бүлэгт хүргэх сургалтын арга хэмжээнүүдийг зохион байгуулах;
  • Мэдээлэл харилцаа холбооны өндөр ур чадвартай мэргэжлийн боловсон хүчин, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх, давтан сургах нөхцлийг бүрдүүлж, дэмжих;

4.4. Хот байгуулалт, барилгын салбарын хөгжлийн бодлого

Нэгдүгээр үе шат (2009-2015 он):

Стратегийн зорилт 1. Хүн амын өсөлт, орон сууцны хэрэгцээтэй уялдуулан аймгийн орон сууцны хангамжийн түвшинг дээшлүүлнэ:

  • Улиастай хотын шинэчлэн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Арал, Төв, Бааз, Шинэ хороо, Дэнж, Үйлдвэрийн районы хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
  • “40 000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвд жилд 40-60 айлын, сумдад 16-24 айлын орон сууц барих;
  • “Орон сууц” сан бүрдүүлж, эн түрүүнд төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний салбарын албан хаагчид, залуу гэр бүлийг орон сууцаар хангах;
  • Амины орон сууц барьж буй иргэдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих;
  • Сумдын төвийг баталгаат ундны усаар хангах;
  • Гэр хорооллыг орон сууцны анхан шатны дэд бүтэц буюу цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбож иргэдийг амины орон сууцтай болгох;
  • Инженерийн шугам сүлжээтэй орон сууцанд амьдарч байгаа хүн амын тоог өсгөх;
  • Сум бүрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг орчин үеийн хот байгуулалтын бодлоготой уялдуулан боловсруулж хэрэгжүүлэх;
  • Багийн төв, ялангуяа суурьшмал багийн төвийг оновчтой тохижуулах;
  • Улиастай хотод төвлөрсөн дулааны станц барьж, халуун усны төвлөрсөн системтэй болгох;
  • Улиастай хотын үйлдвэрийн районы хуучин шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг сэргээн засварлах;

Стратегийн зорилт 2. Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан барилгын материалын үйлдвэрүүдийг байгуулан хөгжүүлнэ:

  • Улиастай хотод бага оврын хүчин чадлын цементийн үйлдвэр барих;
  • Бетон, төмөр бетонон эдлэхүүн, дүүргэгч материал, тоосгоны үйлдвэрүүдийн технологийг  боловсронгуй болгох;
  • Шинээр нээгдсэн болон нарийвчилсан хайгуул хийгдсэн орд газруудын түүхий эдийг ашиглан шинэ нэр төрлийн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  • Хөөсөн полистрол хавтан, шилэн багцтай цонх, хаалга, дээврийн элс-цементэн хавтанцар, ханын бетон гулдмай, өнгөлгөөний материалын бага, дунд хүчин чадлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  • Сум бүрийг барилгын засварын ажлыг гүйцэтгэх чадамжтай болгох;
  • Яруугийн тоосгоны үйлдвэрийг өргөтгөн хөгжүүлэх;
  • Барилгын компаниудын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадвар бүхий корпораци байгуулан ажиллуулахыг дэмжиж, барилгын чанарыг сайжруулах;

Стратегийн зорилт 3. Хүн амын өсөлт,  суурьшлын бүсүүдтэй уялдуулан аймгийн газар зохион байгуулалтын бодлогыг оновчтой хэрэгжүүлнэ:

  • Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх :
  • Сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж хэрэгжүүлэх;
  • Аймгийн кадастрын зураглалыг хийх;
  • Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг орон сууцаар хангах хүрээнд баригдах барилгын газар олголтыг ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгууулах;
  • Газрын бүсчлэлийг нарийвчлан тогтоож, газрын болон бэлчээрийн төлбөрөөр иргэдийн амьжиргааг дэмжих механизмд шилжих;

Хоёрдугаар үе шат (2016-2021 он):

Стратегийн зорилт 1. Хүн амын өсөлт, орон сууцны хэрэгцээтэй уялдуулан иргэдийн орон сууцны хангамжийн түвшинг эрс дээшлүүлнэ:

  • Аймгийн төв, сумдын бага орлоготой болон залуу гэр бүлийг орон сууцаар хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
  • Төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны хоёр дахь шатны төсөл боловсруулан хэрэгжүүлэх;
  • Барилгын материалын үйлдвэрлэлд шинэ техник, технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, нэр төрлийг нь олшруулах;
  • Орон сууц барихад улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

ТАВ. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Бүх үе шат (2009-2021 он):

      Стратегийн зорилт 1. Байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулна:

  • Аймгийн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах мастер төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх;
  • Аймгийн болон  сумдын түвшинд байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлж байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг ашиглах чиглэлээр шийдвэр гаргах үндсэн хэрэглэгдэхүүн болгож занших;
  • Газрын генераторыг хэрэгцээтэй байгаа 4-5 цэгт нэмж байршуулан цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадасыг  нэмэгдүүлэх;
  • Сэргээгдэх эрчим хүч ашиглахыг дэмжиж, нар, салхи, усны эрчим хүчний эх үүсвэрийн дан болон хоршсон хэрэглээг өргөтгөх;
  • Айл өрх, албан байгууллагын хашаа, эзэмшил газар, нийтийн эзэмшлийн газруудыг цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх;
  • Цөлжилтийн бүсүүдийг шинэчлэн тогтоож, цөлжилтийн эсрэг зохион байгуулалттай арга хэмжээ авах:
  • Байгаль орчныг хамгаалах чиглэлээр иргэд, нөхөрлөл, төрийн бус байгууллагуудтай хамтран,    тэдгээрийн  санал, үйл ажиллагааг  дэмжиж ажиллах;
  • Хот, суурин газрын хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлж ашиглах, байгальд халгүй аргаар устгахад шинэ технологи, менежментийн цогц бодлого хэрэгжүүлэх;
  • Байгаль орчинд учруулсан хохирлыг эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан арилгах бодлогыг хэрэгжүүлэх;

Стратегийн зорилт 2. Газар ашиглалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ:

  • Газар ашиглалтын төлөв байдал, үржил шимийг дээшлүүлэх, түүнчлэн стандартын холбогдолтой мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх оновчтой тогтолцоог бий болгох;
  • Газрын нөөцийн менежментийг сайжруулж, газар зохион байгуулалтын орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах;
  • Хүний зохисгүй үйл ажиллагааны уршгаар бий болсон хохирол гажуудлыг арилгуулахад нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагын хүчийг нэгтгэн зохион байгуулах;
  • Химийн хорт бодисоор бохирдсон газар нутгийн хөрс, усыг хоргүйжүүлэх арга хэмжээ авах;
  • Байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газар нэн ховор, ховордсон ан амьтан, ургамалтай бүс нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтанд авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;
  • Тариалангийн эргэлтээс хасагдаж байгаа талбайн хөрсний эвдрэлийг зогсоож, олон наст ургамлын үр тарих, бэлчээрийн нөөцөд шилжүүлэх арга хэмжээ авах;
  • Хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, тариалангийн талбайг тойруулж ойн зурвас тарьж ургуулах, таримал болон тэжээлийн, эмийн ургамал тариалах замаар ашиглах;

Стратегийн зорилт 3. Усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалж, зохистой ашиглан хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангана:

  • Төв, суурингийн усны бохирдлыг бууруулах арга хэмжээг тодорхой төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх;
  • Хүн амын ундны усыг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх бага оврын тоног төхөөрөмжийг сумдад суурилуулж, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усны хэрэглээг нэмэгдүүлэх;
  • Экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөгүй услалтын системүүдийг газар тариаланд ашиглах;
  • Жил бүр 60-аас доошгүй уст цэгт засвар шинэчлэлтийг үргэлжлүүлэн хийж, бэлчээр усжуулалтын түвшинг 50-аас доошгүй хувьд хүргэх;
  • Хурын усыг хуримтлуулж хөв, цөөрөм байгуулах;
  • Усны нөөцийг зохистой ашиглах хамгаалах, чиглэлээр олон нийтийг хамарсан сурталчилгааг зохион байгуулах;
  • Сумдын төвийн усны нөөцийг тогтоох хайгуул судалгааны ажлыг зохион байгуулах;
  • Хамгаалалт барьж тохижуулсан усны эх үүсвэр, булаг шандын эхийн тоог нэмэгдүүлэх;

Стратегийн зорилт 4. Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, ажлыг сайжруулан экологийн тэнцвэрт байдлыг нь хадгална:

  • Аймгийн ойн нөөцийг сум, багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд шинэчлэн тогтоож, экологи-эдийн засгийн үнэлгээ хийлгэн нөхөн сэргээх, ашиглах, хамгаалах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;
  • Ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх ажлыг мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр хангах;
  • Ойжуулалтын ажлыг жил бүр 400-аас доошгүй га-д хийж байх;
  • Сум бүрт хот суурингийн цэцэрлэгжүүлэлтэнд зориулсан төрөл бүрийн мод, бутлаг ургамлын суулгац, ойг нөхөн сэргээх тарьц бойжуулах үржүүлгийн газруудыг байгуулж ажиллуулах:
  • Ойн хортон шавьж, өвчний судалгаа жил бүр гаргаж, устгалын ажлыг зохион байгуулах:
  • Жил бүр нийтээр мод тарих өдөртэй болж, хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх, гол усны эх, тариалангийн талбай, авто замын дагуу ойн зурвас байгуулах;
  • Ойн нөхөн сэргээлтийн ажлыг эдийн засгийн хөшүүрэг хэрэглэн урамшуулж, энэ талын сургалт, сурталчилгааны ажлыг сайжруулах;
  • Говийн бутлаг ургамлыг үрээр тариалж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн санаачилгыг дэмжих;
  • Аймгийн хуш гацуур болон шинэсэн ойн нөөцийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цаашид энэ  ажлыг тогтмолжуулах;  
  • “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд жил бүр 30-аас доошгүй га талбайд ойн зурвас байгуулах;
  • Улс, орон нутгийн төсөв болон аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр жил бүр 80-аас доошгүй га талбайд ойжуулалт хийх;

Стратегийн зорилт 5. Амьтан, ургамлын нөөцийг хамгаалж, тэдгээрийн байгалийн жамаар нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлнэ:

  • Аймгийн биологийн төрөл зүйлийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Ан амьтны нөөц, байршлыг тогтоох агнуур зохион байгуулалтын ажлыг сайжруулах;
  • Байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлалт аргуудыг өргөн хэрэглэх;
  • Байгалийг хайрлан хамгаалах хүмүүжлийг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэх;
  • Байгалийн ургамлын нөөц, тархалтын судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, тэдгээрийг сэргээх, хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авах;
  • Нэн ховор, устах аюул нүүрлэж буй амьтан, ургамлыг эхний ээлжинд хамгаалах, нөхөн сэргээх;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн горим, зүй тогтлыг танин мэдэх, байгалийн нөөц, баялгийг үнэлж тодорхойлох, зохистой ашиглах, хамгаалах;
  • Дархан цаазат газар болон байгалийн цогцолбор газрын орчны бүсүүдэд байгаль орчинд халгүй аж төрөх хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлэх;
  • Ховор, нэн ховор амьтан ургамлыг сэргээн нутагшуулах, тарималжуулах, зориудын аргаар үржүүлэх, генийн санг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, гадаад орон, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт хамруулах;
  • Завхан голын ай сав, Хомын талд “Хар сүүлт ” хамгаалах төслийг хэрэгжүүлэх;
  • Агнуурын эдэлбэр нутагт ан амьтдад зориулан өвс тэжээл бэлтгэх, булаг шанд задгайлах, тэжээлийн ургамал тариалах, үүр ноохой бэлдэх, долооц тавих, мараа ургуулах зэрэг биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэн, эдэлбэр нутгийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах;
  • Байгаль хамгаалагчдыг шаардлагатай техник хэрэгслээр бүрэн ханган, ТХГН-ийн хамгаалалтын    захиргааны    байгаль   хамгаалагчид,    сумдын    байгаль хамгаалагчдыг  сүлжээнд холбох;

·                  Байгаль хамгаалах чиглэлээр олон улсьн байгууллага, гадаадын төсөл, хөтөлбөрүүдтэй өргөн хамтран ажиллах;

Стратегийн зорилт 6. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг сааруулах, сөрөг үр дагаврыг бууруулах чадавхийг бүрдүүлнэ:

  • Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны төлөв байдал, байгалийн гамшгийн мэдээллийн төвийг байгуулан ажиллуулах;
  • Байгаль цаг уурын гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, техникийн хүчин чадлыг бий болгох;
  • Аймгийн хэмжээнд цөлжилттэй тэмцэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж цөлжилтийн хамрах хүрээг багасгах;
  • Цөлжилтөд илүүтэй нэрвэгдсэн Ургамал, Дөрвөлжин  сумдын төвийн эргэн тойронд болон Монгол элсний ар,  Бор хярын элсний өвөр  хэсгээр ногоон төгөл байгуулах;
  • Элсний нүүдлийг зогсоох, говийн ургамалжилтыг нөхөн сэргээхэд ашиглаж болох ургамлуудыг (заг, жигд, хайлаас, харгана, бүйлс, хотир, саваа мод гэх мэт) тодорхой үе шаттайгаар сонгон тариалах;
  • Услалтын системийг түшиглэн элсний нүүдлийг сааруулах зорилгоор ойн зурвас байгуулах, мөн орон нутгийн түлшний хэрэгцээг хангах зориулалт бүхий саваа мод үржүүлгийн аж ахуй байгуулах;
  • Мал ихээр бөөгнөрч бэлчээр талхлагдахаас урьдчилан сэргийлэх;
  • Сул хөрсийг тогтоох, ургамалжуулах талаар гадаад орнуудын дэвшилтэт технологийг судалж нэвтрүүлэх;
  • Цөлжилттэй тэмцэх ажилд нутгийн санаачлагатай иргэд болон ажилгүй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;
  • Цөлжилттэй тэмцэх төслүүдийг боловсруулан гадаад, дотоодын хандивлагч байгууллагуудад хандан хэрэгжүүлэх арга хэмжээ авах,
  • Орон нутгийн түлшний хэрэгцээг үйлдвэрлэлийн аргаар хангах;

ЗУРГАА. ХҮРЭХ ГОЛ ҮР ДҮН, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМ

6.1. Цогц бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх гол үр дүн

Завхан  аймгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлснээр дараахь томоохон үр дүнд хүрнэ:

I үе шат (2009-2015 он)-ны эцэст бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, эдийн засгийн өндөр өсөлтийг хангах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ экспортын үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжиж, эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрийн эзлэх байр суурь сайжирч, ДНБ жилд дунджаар 9.0 хувиас доошгүй өснө. Ноос боловсруулах үйлдвэр байгуулагдан оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болно. Ямааны ноолуурын үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, мах боловсруулах бага, дунд оврын үйлдвэр, сүү боловсруулах бага, дунд оврын үйлдвэр тус тус байгуулагдан ажиллаж эхлэнэ. Орчин үеийн технологиор хүнсний ногоо, жимс жимсгэнийг савлаж борлуулах үйлдвэрлэл бий болно. Өндөр технологи хэрэглэн аймагт түгээмэл тархсан барилгын материалын түүхий эдийг боловсруулж цемент, барилгын бетон хийцүүд, тоосго, эрдэс будаг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Чацаргана, улаан хальст сармис, арвай боловсруулах үйлдвэрүүд байгуулагдана. Аялал жуулчлалыг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ бүх чиглэлээр хөгжинө. Ингэснээр эдийн засгийн салбарын бүтцэд ихээхэн эерэг өөрчлөлт гарч ДНБ-ний 29.8 хувийг аж үйлдвэр барилгын салбарт, 20.2 хувийг ХАА-н салбарт, 50.0 хувийг үйлчилгээний салбарт тус тус үйлдвэрлэнэ. Мөн аж үйлдвэрийн салбарын ДНБ-ий 84.9 гаруй хувийг боловсруулах салбарт үйлдвэрлэж, экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэл бий болно. Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, малын үүлдэрлэг чанарыг сайжруулан, газар тариаланг хөгжүүлснээр ХАА-н салбарын үйлдвэрлэл энэ үе шатанд жилд дунджаар 8.7 хувиар өснө. Мөн аймгийн хэмжээнд ядуурлыг 2.0 дахин бууруулж, ажилгүйдлийн түвшинг 2.0 хувиас дээшгүй байлгаж, ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд бүрэн шилжүүлж, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл болон нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлт тутамд 18.0-аас цөөн болгож бууруулна.

II үе шат (2016-2021 он)-ны эцэст эдийн засгийн бүтэц ихээхэн сайжирч, дэвшилтэт техник, технологи, менежмент бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ өсөн мэдлэгт суурилсан эдийн засаг бий болно. Боловсруулах салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдрэнэ. Эдийн засаг энэ үе шатанд жилд дунджаар 8.6 хувиас доошгүй өсөж, аймгийн ДНБ-ий 35.3 хувийг аж үйлдвэр барилгын салбарт, 50.0 хувийг орчин үеийн үйлчилгээний салбарт тус тус үйлдвэрлэнэ. Цогц бодлогыг хэрэгжүүлснээр Завхан аймаг хоцрогдлыг харьцангуй богино хугацаанд даван туулж, аймгийн хүн ам төрж өссөн нутагтаа ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин бүрдэх болно.

6.2. Цогц бодлогын хэрэгжилтийг хангах механизм

Завхан аймгийн хөгжлийн цогц бодлогыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр,  жил жилийн төсөв, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрүүд болон энэ баримт бичгийн хүрээнд боловсруулан хэрэгжүүлэх дунд хугацаа (2-5 жилийн)-ны хөгжлийн баримт бичиг, дэд хөтөлбөр, мастер төлөвлөгөө, төслүүдэд тусган хэрэгжүүлнэ. Аймгийн цогц бодлогод тулгуурлан сум бүр хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ. Цогц бодлогыг аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, хувийн хэвшлийн оновчтой хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ. Гадаад түншүүдтэй тогтоосон хамтын ажиллагаагаа өргөн ашиглана. Завхан аймгийн хөгжлийн сан байгуулж цогц бодлогын хэрэгжилтийг дэмжинэ.   Газарзүйн байршлын хувьд нэг дор оршдог бөгөөд толгой компани болон түүнийг дагасан бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ төрөлжсөн бусад компаниудын хамтын ажиллагаанд тулгуурласан кластеруудыг бий болгоход онцгой анхаарна.

Завхан аймгийн хөгжлийн цогц бодлогын жил бүрийн хэрэгжилтийг Засаг дарга дараа жилийн эхний улиралд багтаан Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тайлагнана.

Завхан аймгийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэд цогц бодлогод тусгагдсан хүрэх түвшингийн үзүүлэлтүүдийг хэрэглэн хяналт, шинжилгээ хийж, ахиц дэвшил, үйл ажиллагааны үр дагаврыг үнэлэн дүгнэх ажлыг зохион байгуулна.

Цогц бодлогын хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэн дүгнэх үе шатууд:

I үе шат: Бодлогын зорилтын эхний шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2011 оны 6 дугаар сар);

II үе шат: Бодлогын зорилтын дунд шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2015 оны 6 дугаар сар);

III үе шат: Бодлогын зорилтын эцсийн шатны үнэлгээ хийх (Хугацаа: 2020 оны 6 дугаар сар).

            Хяналт, шинжилгээ, үнэлгээг аймгийн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн болон судалгааны, түүнчлэн төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор хийх бөгөөд зохих зардлыг төсөвт тусган санхүүжүүлнэ.

 

__________o O o_________